A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ (Засгийн газрын 2022 оны 432 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН ТАЙЛАН ГАРГАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2022 оны 432 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг.Нийтлэг үндэслэл

1. Газрын нэгдмэл сангийн тайлан (цаашид "газрын тайлан" гэх) гаргах, хүлээн авахад энэ журмыг дагаж мөрдөнө.

 

2. Газрын тайлан нь дараахь төрөлтэй байна:

      1/ сум, дүүргийн тайлан;

      2/ аймаг, нийслэлийн тайлан;

      3/ улсын нэгдсэн тайлан.

3. Газрын тайланг газрын нэгдмэл сангийн өмнөх жилийн тайлан, тухайн жилийн кадастрын үр дүнг үндэслэн гаргана.

4. Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, газрын улсын бүртгэлийн маягтыг газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага, газрын нэгдмэл сангийн тайлангийн маягтыг Засгийн газар тус тус батална.

5. Газрын хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын тайланд га-гаар, улсын нэгдсэн тайланд мянган га-гаар илэрхийлнэ.

6. Газрын тайланд Газрын тухай хуулийн 26.2, 26.3-т заасан үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй тусгасан байна.

 

Хоёр. Газрын тайлангийн бүтэц, агуулга

7. Бүх шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газрын тайлан нь батлагдсан маягтаар гаргасан тоон мэдээлэл, бичмэл тайлан, газрын хуваарилалт, газрын улсын бүртгэл, ашиглалт, хамгаалалтын байдал, тэдгээрийн хөдөлгөөнийг харуулсан зураг (цаашид "ажлын зураг" гэх)-аас бүрдэнэ.

8. Тайланд газрын нэгдмэл сангийн удирдлага, менежментийг боловсронгуй болгох болон газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар авсан зохион байгуулалтын арга хэмжээ, байгаль орчин, газрын хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын төлөв байдал, чанарт гарсан өөрчлөлт, сөрөг нөлөөлөл, түүнд өгөх дүгнэлт, газрыг зохистой ашиглах, хамгаалах талаар газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн, энэ талаархи дутагдал, газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдад хуваарилсан байдал, түүний өөрчлөлт, газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал, газар ашиглалтын төрөлд гарсан өөрчлөлт, шилжилтийн үндэслэл, газрын төлбөр ноогдуулалт, төлөлт зэргийг дэлгэрэнгүй тусгана.

Мөн газрын харилцаа болон газар өмчлөх, эзэмших, ашиглах талаар тухайн жилд  хүлээн авсан өргөдөл, хүсэлт, тэдгээрийн барагдуулалт, газрын талаархи хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албаны зохион байгуулалт, боловсон хүчний хангалтын байдал, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй тоо баримттайгаар тусгана.

Түүнчлэн тухайн онд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэс болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар гарсан маргаан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сум, дүүрэг тус бүрээр тодорхой гаргасан байна.

9. Тайланд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлтийг заалт тус бүрээр гаргаж  хавсаргана. 

10. Газрын нэгдмэл сангийн үндсэн ангилал, ашиглалтын төрөлд орсон өөрчлөлтийг холбогдох маягтаар гаргах бөгөөд маягтын үзүүлэлт нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тайланг дээд шатны албад шалгаж хүлээн авах, газрын мэдээллийн улсын нэгдсэн сангийн өгөгдөхүүнийг өөрчлөх үндэслэл болно.

     

Гурав. Газрын тайлангийн ажлын зураг

11. Газрын нэгдмэл сангийн ажлын зурагт тухайн жилийн газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын өөрчлөлтийн байршил, хил, зааг, хэмжээг харуулна.

12. Газрын тайлангийн ажлын зургийг дараахь масштабын нарийвчлалаар үйлдэнэ:

      1/ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:100000 масштабын;

      2/ аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:500000 масштабын;

      3/ нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:25000 масштабын;

      4/ бусад хот тосгон, суурины хэмжээнд газрынх нь хэмжээнээс хамааруулан 1:25000-1:2000 масштабаар.

13. Ажлын зургийн масштабаар илэрхийлэх боломжгүй өөрчлөлтийн байршлыг масштабын бус тэмдгээр харуулж, шаардлага хангаж чадахуйц нарийвчлал, тодорхой масштабаар харуулсан хэсэгчилсэн зургийг дагалдуулна.

Дөрөв. Газрын тайланг баталгаажуулах

14. Сум, дүүргийн газрын тайланг сумын газрын даамал, дүүргийн газрын алба гаргах бөгөөд сум, дүүргийн Засаг дарга, сумын газрын даамал, дүүргийн газрын албаны дарга гарын үсэг зурж  тамга дарсан байна.

15. Аймаг, нийслэлийн газрын тайланг аймаг, нийслэлийн газрын албанаас эрхлэн гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга, албаны дарга гарын үсэг зурсан, тамга дарсан байна.

16. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн тухайн оны газрын тайланг зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсан байна.

17. Газрын сангийн тухайн оны тайланг Газрын тухай хуулийн 26.5-д заасан хугацаанд аймаг, нийслэлийн Засаг дарга газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад өгнө.

18. Аймаг, нийслэлийн газрын тайланг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага хүлээн авч нэгтгэн, газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайланг гарган Газрын тухай хуулийн 26.6-д заасан хугацаанд Засгийн газарт танилцуулна. Аймаг, нийслэлийн газрын тайлан, жижүүрийн зураг, бичмэл тайланг газрын улсын мэдээллийн сангийн архивт хадгална.

19. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн газрын төлбөр төлөлтийн тайланг тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн татварын байцаагч, албаар гаргуулан газрын нэгдмэл сангийн тайланд хавсаргана.

20. Дээд шатных нь Засаг дарга, газрын албад болон газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага газрын тайланг хүлээн авахдаа тайлангийн магадлал, тэнцэл, маягтын хөтлөлт, ажлын зургийн агуулгын бүрэн байдал, нарийвчлал, үйлдэлт нь зохих шаардлага, нөхцөлийг хангаж байгаа эсэхийг хянаж хүлээн авна.

21. Шаардлага хангаагүй газрын тайлан, ажлын зургийг зохих шатны Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагын шийдвэрээр засуулах, дахиж хийлгэхээр буцааж болно. 

 

Тав. Маргаан, хариуцлага

22. Газрын тайланг гаргах, ажлын зургийг хөтлөх, хүлээлгэн өгөх, хүлээн авахтай холбогдон үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

23. Газрын нэгдмэл сангийн шаардлага хангаагүй тайланг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж дахин гаргуулна.

 

 

 

 

 

---оОо---