A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт


ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД  АВАХ, ГАРГАХ ЖУРАМ
/ЗГ-ын 2017 оны 287-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгоогүй газар, Газрын тухай хуулийн 6.1-д заасны дагуу тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрыг мөн хуулийн 16.1.5-16.1.8-д заасан зориулалтаар бүхэлд нь буюу хэсэгчлэн улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, түүнчлэн газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах (цаашид "улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах" гэх)-ад энэ журмыг дагаж мөрдөнө.
2. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны төв байгууллага газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад гаргана.
3. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах саналд тухайн газрыг харьяалдаг аймгийн болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг хавсаргасан байна.
4. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай саналд тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зайлшгүй шаардлагыг тусгах бөгөөд дараахь материалыг хавсаргана:
1/ тухайн улсын тусгай хэрэгцээнд авах газрын талаархи дэлгэрэнгүй танилцуулга;
2/ улсын тусгай хэрэгцээнд авах  газрын хэмжээ, хил, заагийг урьдчилан тодорхойлсон схем зураг;
3/ газрын нэгдмэл сангийн шинэчилсэн ангилал, ашиглалтын төрөл, хэлбэр;
4/ тухайн газар нутгийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийн талаар тусгасан зохих масштабын зураг;
5/ улсын тусгай хэрэгцээнд авах газрын эзэмшигчийн талаархи тодорхойлолт, эзэмшигчийн санал.
5. Газрыг улсын тусгай хэрэгцээнээс гаргах саналд уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоолын хуулбар, уг газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан зориулалт болон улсын тусгай хэрэгцээнээс гаргах болсон зайлшгүй шаардлагыг тодорхойлсон танилцуулга, хил, зааг, талбайн хэмжээ, бусад мэдээллийг тусгасан зохих масштабын газрын зургийг хавсаргана.
6. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах тухай саналыг газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага хүлээн авч дараахь ажил гүйцэтгэнэ:
1/ газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө энэ тухай газар эзэмшигчтэй тохиролцох;
2/ зохих хурмын дагуу газар зохион байгуулалт хийх;
3/ газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийж, дүгнэлт гаргасан байх;
4/ эзэмшилд олгоогүй төрийн өмчийн газраас тусгай хэрэгцээнд авах газрын хил, заагийг газар дээр нь судалж, зургийг зохих масштабаар  үйлдэх;
5/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээний дагуу эзэмшиж байгаа газрыг бүхэлд нь буюу хэсэгчлэн улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргахаар санал болгож байгаа тохиолдолд тухайн газрын хил, заагийг газар дээр нь тодотгож зургийг зохих масштабаар үйлдэн, хэмжээг тодорхойлох.
7. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байгаа газрыг улсын тусгай хэрэгцээнд авахдаа газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага газар эзэмшигчтэй дараахь зүйлийг урьдчилан тохиролцоно:
1/ нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах газрын хэмжээ, зааг;
2/ уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийн жагсаалт, тэдгээрийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ;
3/ газар чөлөөлөх, шинээр газар олгоход гарах тээврийн зардлын тооцоо;
4/ газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын шийдвэр гарснаас хойш газар чөлөөлөх хугацаа (он, сар, өдөр);
  5/ улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг сольж олгох газрын байршил, хэмжээ, төлөв байдал, чанар;
  6/ газрыг чөлөөлөхтэй холбогдон талуудын хүлээх үүрэг, хариуцлага;
        7/ нөхөх олговрын хэмжээ, түүнийг төлөх журам, хугацаа.
8. Тухайн шатны Засаг дарга газрыг нь улсын тусгай хэрэгцээнд зориулан бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаар энэ журмын 6, 7-д заасны дагуу тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа холбогдох бичиг баримтыг зохих журмын дагуу бүрдүүлнэ.
9. Бичиг баримтад нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах газрын хил, зааг, байршил болон тухайн газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийн схем зургийг зохих масштабаар үйлдэн хавсаргасан байна.
10. Тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах үндэслэл бүрдээгүй, эсхүл шаардлагагүй  бол газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага үндэслэл, шалтгаанаа тодорхой зааж санал гаргагчид хариу өгнө.
11. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын шийдвэрийн төсөлд дараахь бичиг баримтыг хавсаргана:
1/ бусдын эзэмшилд олгоогүй газраас улсын тусгай хэрэгцээнд авч байгаа тохиолдолд тухайн газрын хэмжээ, хил, зааг;
2/ энэ журмын 7-д заасан зүйлийг тохиролцсон тухай танилцуулга;
3/ энэ журмын 1-6-д заасан ажлыг гүйцэтгэсэн тухай танилцуулга.
12. Газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг дарга эзэмшигчтэй нь  энэ тухай гэрээ байгуулна.
13. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  эзэмшилд байгаа газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авсан тохиолдолд тэдэнтэй байгуулсан гэрээг үндэслэн уг газрыг эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргана.
14. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлсний дараа улсын тусгай хэрэгцээнд авна:
     1/ эзэмшиж байгаа газрыг нь өөр газраар сольж байгаа тохиолдолд эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн түүний эзэмшиж байгаа газрынх нь төлөв байдал, чанараас дордохооргүй газрыг түүнд эзэмшүүлэх;
     2/ улсын тусгай хэрэгцээнд авч байгаа газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх.
15. Тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргахаас нэгээс доошгүй жилийн өмнө газар эзэмшигчид бичгээр мэдэгдэл өгнө.
16. Энэ журмын 15-д заасан мэдэгдлийг газар эзэмшигч хүлээн авснаас хойш нэг жил болсон бөгөөд энэ журмын 14-т заасан арга хэмжээг хэрэгжүүлсний дараа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авна.
17. Энэ журмын 15-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг нөхөн олгохгүй.
18. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж байгаа газраа өөр газраар солих тохиолдолд тухайн шатны Засаг дарга урьдчилан тохирсон газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргана.
19. Эзэмшиж байгаа газрыг нь улсын тусгай хэрэгцээнд авч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох нөхөх олговор, газар чөлөөлөх зардлыг Засгийн газраас гаргасан шийдвэрийг үндэслэн санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.
20. Хууль болон энэ  журмын 12-т заасны дагуу байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн шатны Засаг дарга уг гэрээг байгуулсан өдрөөс хойш 60 хоногийн дотор нөхөх олговрыг тухайн газрыг эзэмшиж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.
21. Шаардлагатай бол газар чөлөөлөх зардлын урьдчилгааг сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр  тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох бөгөөд бодит гүйцэтгэлийг үндэслэн үлдэгдэл тооцоог хийж, санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
22. Энэ журмын 12-т заасны дагуу байгуулсан гэрээнд болон хуульд өөрөөр заагаагүй бол газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрт нь нөхөх олговрыг бүрэн төлсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор уг газрыг чөлөөлж тухайн шатны Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.
23. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэрээнд заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол Газрын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан журмаар уг газрыг албадан чөлөөлүүлнэ.
24. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд ашиглуулж байгаа газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахад энэ журмыг дагаж мөрдөнө.
 
 
----оОо----