- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ /2002-2010 ОН/
Засгийн газрын 2002 оны 140 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ /2002-2010 ОН/
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ /2002-2010 ОН/
Нэг. Стратеги төлөвлөгөөний үндэслэл, хамрах хүрээ, үндсэн зарчим, хэрэгжүүлэх хугацаа
1. Зорилго
"Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн /2002-2010 он/ стратеги төлөвлөгөө"-ний эрхэм зорилго нь эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангаж, үр ашигтай эрчим хүчний хангамжийг бий болгосноор хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд тулгуурлаж, шинэ дэвшилтэт техник, технологийн ололтыг нэвтрүүлснээр эрчим хүчний салбарт эдийн засгийн үр ашгийг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад оршино.
Үндэслэл
"Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн /2002-2010 он/ стратеги төлөвлөгөө" нь эрчим хүчний салбарт ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг багтаах бөгөөд Монгол Улсын Засгийн газар энэхүү стратеги төлөвлөгөөг эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.
3. Хамрах хүрээ
Стратеги төлөвлөгөөг эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага удирдан зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газар, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагчид, гадаад, дотоодын төрийн бус байгууллага, эрчим хүчний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд тулгуурлана.
4. Үндсэн зарчим
"Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн /2002-2010 он/ стратеги" нь 5 үндсэн зарчим дээр тулгуурлана:
4.1. Эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангах;
4.2. Эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг бүрэн төгс хэрэгжүүлэх;
4.3. Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх;
4.4. Эрчим хүчний салбарын бүтцийн чадавхийг дээшлүүлэх;
4.5. Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, улмаар хүн амын төлбөрийн чадвартай уялдсан үнэ тарифын механизмыг нэвтрүүлэх.
5. Хэрэгжүүлэх хугацаа
"Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн стратеги төлөвлөгөө /2002-2010 он/"-г ойрын болон дунд шатанд буюу 2002 оноос 2010 онд хэрэгжүүлнэ.
Хоёр. Стратеги төлөвлөгөөний зорилт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт
6. Зорилт
"Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн /2002-2010 он/ стратеги төлөвлөгөө"-ний зорилт нь эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангаж, бие даасан эрчим хүчний салбарыг бий болгоход оршино.
7. Хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт:
7.1. Эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой, бие даасан байдал хангагдаж, эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниуд нь санхүүгийн хувьд бие даан ажиллах чадвартай болж, үүссэн өр, авлагын дарамтаас ангижирч, өмнө авсан гадаадын зээл, хүүгийн дарамтыг арилгасан;
7.2. Эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг бүрэн төгс хэрэгжүүлж, зах зээлийн эдийн засагт тохирсон эрчим хүчний салбарын зохицуулалтын эрх зүйн орчинг бүрдүүлснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын компаниудыг эрчим хүчний зах зээлд өргөнөөр оролцуулан өндөр үр ашигтай, өрсөлдөх чадвартай аж ахуйн нэгжүүд эрчим хүчний зах зээлд үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж, эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын зарим хэсгийг үе шаттайгаар хувьчилсан;
7.3. Эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөжийг бүх нийтийн хүртээл болгох зорилгоор эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэн эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэмнэлтийн үйл ажиллагаанд эрчим хүчний үйлчилгээ эрхэлдэг компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулсан;
7.4. Эрчим хүчний салбарын бодлого боловсруулах, зохицуулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, зах зээлийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн;
7.5. Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөнөөр ашиглаж, улмаар хүн амын төлбөрийн чадвартай уялдсан үнэ тарифын механизмыг нэвтрүүлснээр эрчим хүчний ижил тэгш хангамжийг бий болгосон.
Гурав. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ
8. Эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангах.
Эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангаснаар тус салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын зах зээлд бие даан ажиллах чадварыг сайжруулж, эрчим хүчний компани болон хэрэглэгчийн хооронд санхүүгийн хариуцлагын тогтолцоо бий болгосноор төсөвт үзүүлэх дарамтыг бууруулж, эрчим хүчний салбарыг санхүүгийн хувьд бие даалгана.
8.1. Дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
8.1.1. Засгийн газрын зээл шингээх чадварыг бодитойгоор тооцож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаар авч байгаа зээлийн үр ашгийг нь нарийн тооцсоны үндсэн дээр авах;
8.1.2. Эрчим хүчний салбарын шинэчлэл, хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхдээ хөрөнгийн өгөөжийг тооцсоны үндсэн дээр хийх;
8.1.3. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг хувийн хөрөнгө оруулалтыг татан оруулснаар шийдвэрлэх;
8.1.4. Өр, авлагыг шийдвэрлэх механизмыг боловсронгуй болгож эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа цахилгаан станцууд, нүүрсний уурхай, түгээх сүлжээ, хэрэглэгчдийн хоорондын өр, авлагыг шийдвэрлэх.
8.2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа алдагдалгүй байх механизмыг бүрдүүлнэ:
8.2.1. Үнэ, тарифын зохистой бодлогыг хэрэгжүүлэх:
а/үнэ, тарифын аргачлалыг боловсронгуй болгох;
б/бүтээгдэхүүний өртөгт тулгуурласан эрчим хүч худалдаж авах механизмыг нэвтрүүлэх;
в/өртгөө бүрэн нөхөх үнэ, тарифын механизмыг
нэвтрүүлэх.
8.2.2. Арилжааны хэлбэрт шилжүүлэх.
8.3 Орлого цуглуулалтыг сайжруулна:
8.3.1. Тоолууржуулах;
8.3.2. Орлого цуглуулах системийг сайжруулах.
8.4. Түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлж, алдагдлыг 33 хувиас 15 хувь хүртэл бууруулна.
8.5. Компани хоорондын өр авлагыг шийдвэрлэнэ.
9.Эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх
Эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрчим хүчний хараат бус, бие даасан зах зээлийн зохицуулалтын механизмыг бий болгож, арилжааны хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлснээр эрчим хүчний үйлдвэрүүдийг шат дараатай хувьчилна.
9.1 Дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
9.1.1. Эрчим хүчний төрийн өмчит үйлдвэрийн газруудыг компанийн хэлбэрээр зохион байгуулах;
9.1.2. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудыг арилжааны хэлбэрт шилжүүлэх:
а/олон улсын нягтлан бодох бүртгэлийн системийг нэвтрүүлж, аудит тогтмол хийлгэх;
б/удирдлагын мэдээллийн систем нэвтрүүлэх;
в/компанийн төлөвлөлтийг боловсронгуй болгон хэрэгжүүлэх;
г/түгээх сүлжээний хэмжих хэрэгслийг боловсронгуй болгох;
д/түгээх сүлжээнд төлбөрийн нэхэмжлэлийн болон орлого цуглуулалтын дэвшилтэт систем нэвтрүүлэх;
е/санхүүгийн мэдээллийн систем нэвтрүүлэх;
ж/компани хоорондын харилцааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
9.1.3. Эрчим хүчний төрийн өмчит хувьцаат компаниудыг шат дараатай хувьчилна:
а/зах зээлийн эдийн засагт шилжиж байгаа ижил төстэй орнуудын хувьчлалын туршлагаас судлах;
б/эрчим хүчний салбарын хувьчлалын стратегийг боловсруулж, зохих хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
10. Эрчим хүчийг хэмнэж, үр ашгийг дээшлүүлэх
Үндэсний эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөр (ҮЭХХХ)-ийг боловсруулж хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг багасган хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний үйлчилгээний компаниуд (ESCO)-ыг хөгжүүлэн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлнэ.
10.1. Дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
10.1.1. Эрчим хүчний хэмнэлтийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлнэ:
а/Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг боловсруулж батлуулах;
б/Үндэсний эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөр (ҮЭХХХ)-ийг боловсруулж хэрэгжүүлэх;
в/цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөж, шинэчлэн сайжруулах;
г/дулааны станцууд болон халаалтын зуухуудад техник технологийн шинэчлэлт хийж, үр ашгийг дээшлүүлэх;
д/хот, суурин газрын гэр хорооллын зуухуудыг сайжруулснаар агаарын бохирдлыг багасгах;
е/эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, үнэ тарифыг батлахдаа үр ашгийн үзүүлэлтийг шалгуур болгох.
10.1.2. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлснээр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлнэ:
а/эрчим хүчний үйлчилгээний компаниуд (ESCO)-ын үйл ажиллагааг дэмжих;
б/эрчим хүчний хэмнэлттэй халаалтын зуух, цахилгаан хэрэгсэл, хөдөлгүүрийг нэвтрүүлэх.
10.1.3. Агаарын бохирдлыг багасгана:
а/сумдын дизель цахилгаан станцыг шинэчлэх;
б/шингэрүүлсэн хий, нүүрсний давхаргын метан, нүүрсний брикет зэрэг түлшийг хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэх.
Эрчим хүчний салбарын бүтцийн чадавхийг дээшлүүлэх
Эрчим хүчний салбарын бодлого боловсруулах, зохицуулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, зах зээлийн шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулах чадвартай мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэнэ.
11.1. Дараахь чиглэлээр сургалт явуулна:
11.1.1. Эрчим хүчний үйлдвэрлэлийн санхүү болон үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх чиглэлээр:
а/бизнесийн удирдлага;
б/дулааны цахилгаан станцын хослон үйлдвэрлэлийн зардлын тооцоо;
в/хэрэглэгчдэд үзүүлэх урамшуулал, үнийн хямдрал,
цагийн ялгавартай тарифын механизм.
11.1.2. Эрчим хүчний салбарын зохицуулалтын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр:
а/үйл ажиллагааны зардлын тооцоо;
б/үнэ тариф;
в/тусгай зөвшөөрөл;
г/хэрэглэгчийн зэрэглэл;
д/төлбөр хийх чадварын талаархи судалгаа;
е/эрчим хүчний хэтийн хэрэглээнд хийх дүн
шинжилгээ.
11.1.3. Эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлтийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр:
а/гадаадын зээл, хүү, валютын ханшны зөрүүг тооцох механизм;
б/эрчим хүчний салбарын бодлого, хэтийн төлөв, орон нутгийн эрчим хүчний хангамжийн бүтцийг боловсронгуй болгох, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, зарим аж ахуйн нэгжид явуулах сургалт;
в/Зүүн Хойд Азийн болон бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох, бусад орны эрчим хүчний байгууллагатай хамтран ажиллах;
г/эрчим хүчний салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татан оруулах боломж, шаардлагатай эрх зүйн орчин, шууд хөрөнгө оруулах нөхцөлийг судлах.
12. Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, улмаар хүн амын төлбөрийн чадвартай уялдсан үнэ тарифын механизмыг нэвтрүүлэх
Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөнөөр ашиглаж, улмаар хүн амын төлбөрийн чадвартай уялдсан үнэ тарифын механизм, эрчим хүчний татаасын шинэ системийг нэвтрүүлснээр эрчим хүчний ижил тэгш хангамжийг бий болгоно.
12.1. Дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
12.1.1. Төвийн бүсийн цахилгаан хангамжийг сайжруулах чиглэлээр:
а/төлбөрийн чадварын талаархи судалгаа хийх, амьжиргааны түвшинтэй уялдсан тариф нэвтрүүлэх;
б/цахилгаан хангамжийг сайжруулах арга замыг судалж шийдвэрлэх.
12.1.2. Төвлөрсөн эрчим хүчний системд холбогдоогүй аймаг, сумдын төвийн цахилгаан хангамжийг сайжруулах чиглэлээр:
а/эрчим хүчний хангамжийг хямд, найдвартай болгох зорилгоор аймаг, сумдын төв, бусад хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчний системд холбох;
б/техникийн болон техникийн бус алдагдлыг бууруулах;
в/сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус/-т түшиглэсэн цахилгаан хангамжийг хөгжүүлэх;
г/аймаг, сумын төвийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх;
д/татаасыг багасгаж, улмаар татаасгүй ажиллах санхүүгийн чадварыг бий болгох;
е/амьжиргааны түвшинтэй уялдсан үнэ тариф нэвтрүүлэх.
12.1.3. Хөдөөгийн цахилгаан хангамжийг сайжруулах талаар:
а/"100000 нарны гэр" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах, хөтөлбөрийг санхүүжүүлэх сан байгуулах;
б/салхины эрчим хүчийг ашиглаж хөдөөгийн цахилгаан хангамжийг сайжруулах;
в/олон улсын байгаль орчныг хамгаалах байгууллагатай салхины эрчим хүчийг өргөнөөр нэвтрүүлэх талаар хамтран ажиллах.
12.1.4. Дулаан хангамжийг боловсронгуй болгож, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр:
а/хүн амын орлого багатай хэсгийн халаалтын зардлын талаар:
хэрэглэгчдийн хүрээг нэмэх боломжийг судлах;
халаалтын үнэ тариф болон төлбөрийн чадварын талаар судалгаа явуулах;
амьжиргааны түвшинтэй уялдсан дулааны үнэ тариф нэвтрүүлэх;
б/аймаг, сумын төвд ашиглаж байгаа дулааны станц, орон нутгийн нам даралтын зуухуудыг боловсронгуй болгож, шинэчлэх:
аймаг, сумын төвд ашиглаж байгаа дулааны станц, нам даралтын зуухуудын үр ашгийг тооцох, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг үнэлэх;
татаасын талаар судалж, үр ашиг багатай зуухуудыг шинэчилж солих;
в/ахуйн халаалтыг боловсронгуй болгох чиглэлээр:
гэр хорооллын зуухыг боловсронгуй болгох;
Улаанбаатарт агаарын бохирдлын дүн шинжилгээ хийдэг шинэ төхөөрөмжийг суурилуулах;
аймаг, сумдын түвшинд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаа багатай, шинэ загварын зуух нэвтрүүлэх;
хөдөө орон нутагт хүн амын орлого багатай хэсгийг боловсронгуй зуухаар хангах боломжийг судалж шийдвэрлэх.
12.1.5 Хяналт, дүн шинжилгээ:
а/хөдөөгийн цахилгаан болон дулаан хангамжийг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа арга хэмжээнд дүн шинжилгээ хийх аргачлалыг боловсронгуй болгох;
б/хүн амын хэрэглээтэй уялдсан эрчим хүчний хангамжийн талаархи мэдээлэл цуглуулалтыг боловсронгуй болгох.
Дөрөв. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт, шаардагдах санхүүжилт, үр дүн
13.Стратеги төлөвлөгөөний удирдлага, зохион байгуулалт
Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох байгууллагатай хамтран удирдан зохион байгуулж, хэрэгжилтийг жилд нэг удаа Засгийн газарт тайлагнана.
Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр.
14.1. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дараахь эх үүсвэрийг ашиглана:
14.1.1. Төвлөрсөн болон орон нутгийн төсөв;
14.1.2. Дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт;
14.1.3. Гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгө;
14.1.4. Эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хөрөнгө;
14.1.5. Гадаад, дотоодын болон олон улсын төрийн бус байгууллагуудын хөрөнгө;
14.1.6. Бусад эх үүсвэр.
Стратеги төлөвлөгөөний үр дүн
"Монгол Улсын эрчим хүчний тогтвортой хөгжлийн /2002-2010 он/ стратеги төлөвлөгөө"-г хэрэгжүүлснээр эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангаж, бие даасан эрчим хүчний салбарыг бий болгосноор дараахь үр дүн гарна:
15.1. Эрчим хүчний салбарын санхүүгийн тогтвортой, бие даасан байдал хангагдаж, салбарын төрийн өмчит хувьцаат компаниуд санхүүгийн хувьд бие даан ажиллах чадвартай болсон;
15.2. Эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлт бүрэн төгс хэрэгжиж, зах зээлийн эдийн засагт нийцсэн эрчим хүчний салбарын зохицуулалтын орчин бүрдсэн;
15.3. Өндөр үр ашигтай, өрсөлдөх чадвартай хувийн хэвшлийн дотоод, гадаадын компаниуд эрчим хүчний зах зээлд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн;
15.4. Эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат зарим компаниуд хувьчлагдсан;
15.5. Эрчим хүчний салбарын боловсон хүчний чадавхи сайжирснаар бодлого боловсруулах, зохицуулах, эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах механизм боловсронгуй болсон;
15.6. Хөдөөгийн эрчим хүчний хангамжийг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, усны/-ийг өргөнөөр нэвтрүүлсэн;
15.7. Хүн амын төлбөрийн чадвартай уялдсан үнэ тарифын механизмыг боловсруулж нэвтрүүлсэн;
15.8. Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчин бүрдсэн;
15.9. Эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлсэн;
15.10. Эрчим хүчний үйлчилгээ эрхэлдэг компаниуд (ESCO)-ын үйл ажиллагааг хөгжүүлж, хэмнэлтийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулсан.
----оОо----
Текст томруулах
A
A
A