A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ /ЗГ-ын 2016-11-9-ний өдрийн 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979
Засгийн газрын 104 дүгээр тогтоолын хавсралт


"ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ" ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
/ЗГ-ын 2016-11-9-ний өдрийн 135-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 
 

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Засгийн газрын П байранд байрлаж байгаа төрийн захиргааны төв байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах, төсөвт зардал болон нийтлэг үйлчилгээг хариуцан ажиллах үндсэн үүрэг бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (цаашид "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газар гэх)-ын үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
 
2. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газрын албан ёсны хаяг Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын гудамж-5/1, Засгийн газрын П байр.
 

Хоёр. Үйл ажиллагааны чиглэл

 
3. "Төрийн үйлчилгээ" улсын  үйлдвэрийн газар нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхдээ дараахь үйл ажиллагааг явуулна:
3.1. Засгийн газрын П байранд байрладаг төрийн захиргааны төв байгууллагуудын шаардлагад нийцсэн нийтлэг үйлчилгээг явуулж, тэдгээрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах санхүү, аж ахуй, хангалтыг хариуцах;
3.2. тухайн байрны гадна болон дотор талын цэвэрлэгээ үйлчилгээ, өрөө тасалгааны тохижилт, цахилгаан, дулаан, ахуйн хэрэгцээний халуун, хүйтэн ус, барилгын болон сантехникийн урсгал засвар, шуудан холбооны  үйлчилгээг хариуцан байранд ажиллагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, нийтийн хоол, цайгаар үйлчлэх;
3.3. байрны нийтлэг үйлчилгээтэй холбоотой үйлчлүүлэгч яамдын жилийн төсвийн төслийг тухайн яамтай хамтран боловсруулж Санхүү, эдийн засгийн яамаар хянуулж үйлчлүүлэгч яамдын батлагдсан төсвийн санхүүжилтыг саадгүй хийх;
3.4. төрийн өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад хууль тогтоомжийн дагуу хяналт тавих;
3.5. Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, түүний харьяа газар, үйлчлүүлэгч байгууллагатай хамтран ажиллаж арга зүйн зөвлөлгөө авах;
3.6. эрхэлж байгаа үйлчилгээ, нийлүүлсэн бүтээгдэхүүн нь улсын чанар, стандартын шаардлагыг хангасан байна.
 

Гурав. Бүрэн эрх

4. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газар нь энэхүү дүрэмд заасан болон хуулиар олгосон эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд шүүх арбитрт нэхэмжлэгч буюу хариуцагчаар оролцох эрхтэй.
 
5. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газар нь Засгийн газрын П байранд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны төв байгууллагуудад санхүүгийн болон нийтлэг үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, бүтээгдэхүүн нийлүүлсний төлбөр болон аж ахуйн үйл ажиллагааны орлогоор санхүүжинэ.
 
6. Өөрийн эзэмшилд байгаа төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгоно.
 
7. Үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас хууль тогтоомжийн дагуу татвар төлж, эрх бүхий байгууллагаас батлагдсан нормативын дагуу өөрт үлдэх ашгийг хуульд заасан журмын дагуу захиран зарцуулна.
 
8. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газар нь  тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
 
 

Дөрөв. Дүрмийн сан

9. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газрын дүрмийн сан нь зөвхөн төрийн өмчийн эд хөрөнгөөс бүрдэх бөгөөд нийт хэмжээ нь 122207.0 (нэг зуун хорин хоёр сая хоёр зуун долоон мянган) мянган төгрөг байна.
 

Тав. Удирдлага

10. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газрын захирлыг Төрийн өмчийн хороо Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
 
11. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газрын захирал нь Төрийн өмчийн хороотой гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
11.1. үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх;
11.2. техник, технологийг сайжруулах, шинэчлэх;
11.3. хамт олны хөдөлмөр, нийгмийн асуудлын талаар авах арга хэмжээ;
11.4. менежмент, маркетингийн бодлого;
11.5. захирал болон Төрийн өмчийн хорооны хүлээх үүрэг;
11.6. үйлдвэрт өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ, эд хөрөнгийн хариуцлага;
11.7. ажлын нөхцөл, нэмэгдэл цалин, урамшуулал;
11.8. гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, хугацаа;
11.9. бусад нөхцөл.
 
12. Захирал нь дараахь бүрэн эрхтэй:
12.1. үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх;
12.2. үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс хууль тогтоомж, гэрээ, дүрэмд заасан эрх хэмжээний дотор эд хөрөнгийг захиран зарцуулах;
12.3. үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож ажиллагсдыг томилж, чөлөөлөх;
12.4. ажиллагсдын цалин, шагнал урамшууллын журмыг тогтоон мөрдүүлэх;
12.5. боловсон хүчний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
12.6. үйлдвэрийн газрын дотоод журмыг баталж мөрдүүлэх;
12.7. тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэл хөтөлж, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулан тэдгээрийн үнэн зөвийг хариуцах;
12.8. эрх бүхий байгууллагаас тогтоосноос бусад бүтээгдэхүүн ажил, үйлчилгээний үнэ тарифийг тогтоох;
12.9. эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газарт дагаж  мөрдөх тушаал, заавар гаргах.
 
13. "Төрийн үйлчилгээ"  улсын үйлдвэрийн газрын үйл ажиллагааны онцлогтой холбоотой бусад бүрэн эрхийг  захиралд эдлүүлэх талаар гэрээнд тусгаж болно.
 
14. Захирлын дэргэд захирлын зөвлөл байгуулж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирал батална. Зөвлөлийн гишүүд нь захиралд зөвлөх үүрэгтэй.
 

Зургаа. Эдийн засгийн үйл ажиллагаа, бүртгэл хяналт

15. "Төрийн үйлчилгээ" улсын үйлдвэрийн газрын эдийн засгийн үйл ажиллагаа нь жил бүрийн үйлчилгээ, түүний үр ашиг болон орлогыг тодорхой тусгаж эрх бүхий этгээдээр батлуулсан зорилтот бизнес төлөвлөгөөний дагуу явагдана.
 
16. Хууль тогтоомжийн дагуу орлогын болон бусад татвар хураамжийг төлнө.
 
17. Анхан шатны бүртгэлийн баталгаажсан баримтыг үндэслэн дэлгэрэнгүй болон хураангуй бүртгэл хөтлөн тайлан, тэнцлийг улирлаар гаргаж Төрийн өмчийн хороо, татварын албад санхүүгийн байгууллагад тушаана.
 
18. Тогтоосон журам, загварын дагуу Төрийн  өмчийн хороонд  мэдээ, тайлан гаргаж хугацаанд нь хүргүүлнэ.
 
19. Ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн, гурваас доошгүй жил нягтлан бодогчоор ажилласан байх бөгөөд түүнийг Санхүү, эдийн засгийн яамны холбогдох газартай зөвшилцсөн захирлын тушаалаар томилно.
 
20. Захирал өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад тавих өдөр тутмын дотоодын хяналтыг зохион байгуулж үр дүнг хариуцна.
 
21. Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөнд бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.
 
22. Төрийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий тушаалтны   шийдвэрээр тавьж олгох үүргийг захирлын тушаалаар томилогдсон эд хариуцагч хүлээнэ.
 
23. Өмч хөрөнгийн тооллогыг зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан журмын дагуу үйлдвэрийн газрын захиргаа явуулж тайлан тэнцэлд тусгана.
 

Долоо. Өөрчлөн байгуулах, татан буулгах

24. Үйлдвэрийн газрыг холбогдох яам болон Төрийн өмчийн хорооны саналаар Засгийн газар өөрчлөн байгуулах болон татан буулгана.
 
25. Үйлдвэрийн газрыг татан буулгахад Иргэний хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан журмыг баримтална.
 
 
 
 
 
----оОо----