A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР МЭДЭЭ
 
Монгол Улсын Чөлөөт бүсийн  тухай  болон  "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулийг  үндэслэн үйлдвэрлэлийн, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний (казиног оролцуулан) гэсэн  үндсэн 3 хэлбэрээс бүрдэх "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг иж бүрнээр  байгуулж хөгжүүлэх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчдыг олон улсын нээлттэй уралдаант шалгаруулалт (цаашид "тендер" гэх)-д  Монгол Улсын Засгийн газар урьж байна.
Тендерийг Засгийн газрын энэхүү тогтоолоор батлагдсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-д тусгагдсан болзол, нөхцөлийн дагуу Үйлдвэр, худалдааны яамнаас зохион байгуулж явуулна.
 
"Замын Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн байршил
 
Чөлөөт бүс нь Улаанбаатараас 780 км, Дорноговь аймгийн төв Сайншандаас 230 км, БНХАУ-ын Эрээн хотоос 8 км-т орших Монгол Улсын өмнөд хилийн байнгын ажиллагаатай боомт Замын-Үүд тосгоны нутаг дэвсгэрт байрлана.
"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн тухай
"Замын-Үүд" нь 47.8 мянган га нутаг дэвсгэртэй, 7000  орчим хүн амтай Монгол Улсын урд хил дээр оршдог хилийн боомт тосгон болно. Замын-Үүдээр олон улсын галт тэрэг дайран өнгөрдөг бөгөөд, ачаа бараа, шингэн түлш шилжүүлэн ачих орчин үеийн сэлгээний станцтай. Уг тосгонд өдөрт 2000 хүн, 300 автомашин нэвтрэх хүчин чадалтай хилийн иж бүрэн цогцолбор, тоон системийн сансарын холбоо болон шилэн кабель, авто болон төмөр зам, холбоо мэдээлэл, эрчим хүчний хангамж  зэрэг дэд бүтэц харьцангуй сайн бүрдэж байгаа. Монгол Улсын эдийн засгийг БНХАУ, улмаар Азийн орнуудтай холбосон тээвэр-газар зүйн тохиромжтой байрлалтай, манай орны гадаад худалдаа, зорчигч тээврийн зонхилох хэсгийг нэвтрүүлдэг гол боомт тул чөлөөт бүс байгуулах үндсэн нөхцөл бүрдсэн гэж үзэж болно.
 
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
 "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуульд "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүс нь үйлдвэрлэл, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний гэсэн үндсэн 3 хэлбэртэй байхаар тусгагдсан. Хэлбэр тус бүрт үйлдвэрлэл, үйлчилгээний дараахь чиглэлийг баримталж  ажиллах юм. Үүнд:
1. Үйлдвэрлэлийн хэсэгт
Усны хэрэглээ багатай, байгаль орчинд халгүй, ялангуяа хөрсний эвдрэлд нөлөөлөхгүй үйлдвэрлэлийг байгуулж хөгжүүлнэ. Тухайлбал гадаадын пүүс, компанийн захиалгаар аудио, видео тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, цахим төхөөрөмж угсрах үйлдвэрүүд, экспортын чиг баримжаатай оёмол, сүлжмэл болон модон эдлэл, бэлэг дурсгалын зүйлийн үйлдвэрлэл гэх мэт.
2. Худалдааны хэсэгт
Биржийн арилжаа, үзэсгэлэн-худалдаа зонхилон эрхлэх худалдааны цогцолбор байгуулах бөгөөд барааг ангилж савлах, сав баглаа, боодлыг сайжруулах нэмэгдэл үйлчилгээ үзүүлнэ. Худалдааны хэсэгт банк, санхүүгийн байгууллага, холбоо мэдээллийн төвийг байгуулах.
3. Аялал жуулчлал-үйлчилгээний хэсэгт
Аялал жуулчлалын бааз, зочид буудал, ресторан, кафе, түргэн хоолны газар, мини гольфын талбай, морин уралдааны талбай, тэмээн поло, казино байгуулах, шоу бизнесийг хөгжүүлэх зэрэг төслийг хэрэгжүүлэх.
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлэх
Тендерт оролцохыг хүссэн сонирхогч "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн үйлдвэрлэлийн, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний хэлбэрүүдийг иж бүрнээр байгуулж хөгжүүлэх үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхээр тендерт саналаа ирүүлж болно. Стратегийн хөрөнгө оруулагч нь эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх мастер төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт дэд бүтцийн барилга, байгууламжийг барьж байгуулах үүрэг хүлээнэ.
Тендерийн зар мэдээ гарсны дараа тендерт оролцох хүсэлтэй этгээд /цаашид "өргөдөл гаргагч" гэх/ нь сонирхлоо илэрхийлсэн албан ёсны захидлыг англи эсхүл монгол хэл дээр дараахь материалын хамт Үйлдвэр, худалдааны яаманд ирүүлнэ.  Үүнд:
1. Өргөдөл;
2. Зохих журмын дагуу үйлдэж, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан нууцыг хадгалах тухай гэрээ;
3. Буцааж төлөгдөхгүй нөхцөлтэй 1000 /нэг мянган/ ам.долларын тендерийн хураамж төлснийг нотлох баримт;
4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөх эрхийг баталгаажуулсан итгэмжлэл;
5. Өргөдөл гаргагчийн тухай танилцуулга. Үүнд дараахь зүйлийг оруулсан байх шаардлагатай:
Тендерт оролцох сонирхлоо илэрхийлж байгаа компанийн албан ёсны нэр, хаяг болон үйл ажиллагааны талаархи танилцуулга /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Эдийн засгийн чөлөөт бүсийн болон тухайн бизнесийн үйл ажиллагааны талаар туршлага хуримтлуулсныг батлах мэдэгдэл,
Тендерт оролцож байгаа компанийг үүсгэн байгуулж, бүртгүүлсэн тухай баримт бичгүүд,
Санхүүгийн сүүлийн 3 жилийн эцсийн байдлаар гаргаж, аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл буюу нээлттэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдэд зориулсан сүүлийн жилийн тайлан /энэхүү мэдээллийг консорциумд оролцож байгаа компани тус бүрээр гаргаж өгнө/,
Өргөдөл гаргагч компанийн нийт гаргасан хувьцааны      5 /тав/-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчдийн жагсаалт /консорциумаар оролцож байгаа тохиолдолд энэхүү мэдээллийг консорциумын гишүүн тус бүрээр гаргаж өгнө/,
Тендерт консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд консорциумын гишүүдийн хооронд байгуулсан гэрээ, гаргасан шийдвэрийн баталгаа.
Өргөдөл болон нууцыг хадгалах тухай гэрээний загварыг интернет дахь Үйлдвэр, худалдааны яамны WWW.MIT.PMIS.GOV.MN                             вэб хуудаснаас буюу энэхүү зар мэдээнд бичигдсэн хаягаар авч болно.
Тендерийн хураамжийг Монгол банк дахь Үйлдвэр, худалдааны яамны дараахь дансанд төлнө.
Банкны нэр :                       Монгол Улсын Монгол банк
SWIFT код :                        BOMUMNUB
Дансны нэр :                       Үйлдвэр, худалдааны яам
Дансны дугаар :                3309001
Монгол банкны
харилцагч банк : FEDERAL RESERVE BANK OF NEW YORK,
                     NY, USA
      SWIFT код :                    FRNYUS33
      Дансны нэр :                 Монгол банк
      Дансны дугаар :                021088506
 
Өргөдөл гаргагч тендерт өөрийгөө төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон тохиолдолд түүний төлөөлөх эрхийг зохих журмын дагуу бичгээр үйлдсэн итгэмжлэлээр баталгаажуулна. Тендерт хэд хэдэн хуулийн этгээд хамтарч консорциумын хэлбэрээр оролцох тохиолдолд тэд зөвхөн нэг итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, тендерт нэг оролцогч болж оролцоно.
Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн өргөдлийг 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16.00 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө Үйлдвэр, худалдааны яаманд ирүүлнэ.
Урьдчилан шалгаруулалтын шалгуур
Өргөдөл гаргагч нь тендерт оролцох эрхтэй болж, тендерийн баримт бичгүүдийг хүлээж авахын тулд компани, эсхүл тэдгээрийн оролцоотой консорциум байхын зэрэгцээ дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино.  Үүнд:
1. Эдийн засгийн чөлөөт бүсийн менежментийн арга барил эзэмшсэн, чөлөөт бүсэд тухайн бизнесийн чиглэлээр тав   /5/-аас доошгүй жил ажиллаж тодорхой туршлага хуримтлуулсан байх;
2. 150.0 /нэг зуун тавин/ сая ам.доллараас доошгүй өөрийн  хөрөнгөтэй байх;
3. Санхүүгийн байдал нь тогтвортой, үйл ажиллагааны туршлагатай байх /үүнийг аудитаар баталгаажуулсан сүүлийн   3 жилийн санхүүгийн тайлан тэнцлээр нотолно/.
Урьдчилан шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх
Үйлдвэр, худалдааны яам өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 /арван/ өдөрт багтаан урьдчилан шалгаруулалтын шалгуурыг ханган тендерт оролцох болж, тендерийн баримт бичгүүдийг авах эрхтэй болсон эсэх талаар өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдлийг бичгээр үйлдэн буухиа шуудан, баталгаат шуудан, факс буюу электрон шуудангаар явуулна.
Урьдчилан шалгаруулалтын шалгуурыг хангасан  оролцогчдод тендерийн баримт бичгүүдийг мэдэгдлийн хамт буухиа шуудангаар хүргүүлнэ.
Тендерийн баримт бичгүүд
Тендерийн баримт бичиг гэдэгт дараахь иж бүрдлийг ойлгоно:
1. Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам;
2. Ерөнхий мэдээлэл;
3. Менежментийн гэрээний төслийн иж  бүрдэл.
 
Тендерийн зорилго
"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулах сонирхолтой стратегийн хөрөнгө оруулагч Засгийн газраас дэвшүүлсэн дор дурдсан зорилтыг тусгасан бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, тендерийн саналтай хамт ирүүлэх шаардлагатай.  Үүнд:
"Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг орчин үеийн чөлөөт бүсийн жишигт хүргэж  Монгол Улсын төвийн бүсийг хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүхий бүс болгоход хувь нэмэр оруулах замаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэхэд нөлөөлөх.
 
Дэлхийн өндөр хөгжилтэй үйлдвэрлэл, технологийн чиглэлээр тэргүүлэгч орнуудтай худалдаа, аялал жуулчлалын болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг орос, хятадын хоёр том зах зээлийг холбосон худалдааны томоохон гүүр болгох, улмаар Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх гол гарцын нэг болгох.
Экспорт, импортын зохистой харьцааг хадгалах, гадаад худалдааг үр ашигтай хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх замаар улс орны зах зээлийн хангамж нийлүүлэлтийг сайжруулах.
Тендерийн ажиллагаа
Тендерт оролцогчид нь тендерийн саналаа тендерийн дэнчин төлснийг нотлох баримтын хамт  2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цаг (Улаанбаатарын цагаар)-аас өмнө Үйлдвэр, худалдааны яаманд  ирүүлнэ.
Тендерийн дэнчин нь 500000 /таван зуун мянган/ ам.доллартай тэнцэх хүүгүй мөнгөн хадгаламж байна.  Тендерт оролцогчид дэнчинг Монгол Улсын Монгол банк дахь Үйлдвэр, худалдааны яамны 3309001 дугаартай валютын дансанд төлнө.
Тендерийн саналыг үнэлсний дараа, тендерт оролцогч ялагчаар шалгараагүй тохиолдолд тендерийн дэнчинг /дэнчинг шилжүүлэх банкны дансны дугаарыг тодорхой заасан/ тендерт оролцогчийн хүсэлтийн дагуу ажлын 7 /долоо/ өдөрт багтаан бүрэн буцаан олгоно.
Тендерт ялагчаар шалгарсан оролцогчийн дэнчинг үйл ажиллагаагаа эхэлсний дараа түүний хүсэлтийн дагуу ажлын 7 (долоо) өдөрт багтаан  Монгол Улсын аль нэг арилжааны банкинд нээсэн валютын харилцах дансанд нь шилжүүлнэ.
Тендерийн саналаа бэлтгэхэд нь туслах зорилгоор тендерт оролцогчдыг Засгийн газрын холбогдох албан тушаалтан болон эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагатай уулзах, газар дээр нь танилцах бололцоогоор хангана. Тендерт оролцогчдыг менежментийн гэрээний төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал гаргах бололцоогоор хангана.
Тендерийн саналыг дор дурдсан үзүүлэлтүүдээр шалгаруулна:
1. Эдийн засгийн чөлөөт бүсэд болон тухайн бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн туршлага, санхүүгийн чадавхи, нэр хүнд, бизнесийн ур чадвар;  
                             (0-30 оноо)
2. Санал болгож байгаа бизнесийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөний чанар, түүнд  Засгийн газраас  дэвшүүлсэн зорилтыг хүлээн авч тусгасан байдал;                                        (0-25 оноо)
3. Байгаль орчинд харш нөлөө үзүүлэхгүй бизнесийн үйл ажиллагаа явуулах, түүнийг дэмжихэд чиглэгдсэн олон улсын практикийг хэрэгжүүлэх амлалт;                                                                                                    
                            (0-10 оноо)
4. Хөрөнгө оруулалтын санал                                                                          
                       (0-35 оноо)
Нийлбэр дүнгээр хамгийн өндөр, гэхдээ 85-аас доошгүй оноо авсан тендерийн  санал  ирүүлсэн оролцогчийг тендерийн ялагчаар шалгаруулна. Тендерт оролцох албан ёсны өргөдөл болон тендерийн саналуудыг дараахь хаягаар ирүүлнэ үү.
                        
Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг Танаа
 
Үйлдвэр, худалдааны яам
Засгийн газрын П  байр, А корпус
210646  Улаанбаатар хот, Монгол Улс
Утас :  976-11-327912
Факс : 976-11-327914
 
 
 
 
----оОо----