A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 148 дугаар тогтоолын хавсралт

АВТОМАШИН ТҮРЭЭСЛҮҮЛЭХ ЖУРАМ
 
Төр, засгийн үйлчилгээний авто баазын машин, техникийн ашиглалтыг сайжруулж, сул зогсолт, үр ашиггүй гүйлтийг багасгах зорилгоор олон жил ашиглагдсан зарим автомашиныг түрээслүүлж түүний орлогоор парк шинэчлэлт хийхэд энэхүү журмыг удирдлага болгоно.
Нэг.Түрээслүүлэгчийн үүрэг
1.Түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, өөрийн буруугаас учирсан хохирол, саатал, түүнээс үүдсэн зардлыг хариуцна.
2.Түрээслэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд комиссын үзлэг хийж акт үйлдэн түрээслүүлэгч болон түрээслэгч хоёр тал гарын үсэг зуран албан ёсоор  автомашиныг хүлээлгэн өгнө.
З.Түрээслэгчийн хүсэлтээр түрээсийн автомашиныг баазын гараашид үнэ төлбөргүй тавиулна.
4.Эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар, замын хураамж зэрэг татварыг түрээслэгчидтэй тохиролцсон гэрээний дагуу хариуцна.
  Хоёр.Түрээслүүлэгчийн эрх
5.Түрээсээр ажиллах автомашин, жолоочийг шилж сонгоно.
6.Түрээсээр ажиллах автомашины техникийн бүх үзүүлэлтийг нарийвчлан гаргаж ашиглалтын түвшин тогтооно.
7.Түрээсээр ажиллах автомашины түрээсийн гэрээний хугацаа, жил болон нэг сард оруулах орлогын хэмжээг тогтооно.
8.Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар  тохиролцсон хугацаанд орлогоо оруулаагүй тохиолдолд түрээслэгчтэй байгуулсан гэрээг өөрийн санаачилгаар цуцалж автомашины элэгдэл, ашиглалтыг тооцож түрээсэлсэн автомашинаа эргүүлэн авч болно. Хэрэв түрээслэгчийн буруугаас автомашин гэмтэж цаашид ашиглах боломжгүй болсон бол түрээслэгчээс түрээсийн хугацаанд өгөх төлбөрийг бүрэн төлүүлнэ.
9.Түрээслэгч түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас  өмнө төлбөл удирдах байгууллагад албан ёсоор мэдэгдэж уг автомашиныг хугацаанаас  нь өмнө түрээслэгчид шилжүүлнэ.
  Гурав.Түрээслэгчийн үүрэг
10.Түрээсийн автомашины техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалт, аюулгүй ажиллагааны талаархи асуудлыг хариуцна.
11.Түрээслүүлэгчтэй байгуулсан гэрээнд заагдсан үүргээ чанд биелүүлэх бөгөөд өөрийн буруутай үйлдлээс автомашинд учирсан хохирол, түүнтэй холбоотой асуудлыг өөрөө хариуцна.
12.Түрээсэлсэн автомашины бүх засвар үйлчилгээг хариуцах бөгөөд үүнээс үүдэн гарах сул зогсолт нь түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд нөлөөлөхгүй.
13.Үйлчилгээний соёл, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг өөрөө хангана.
14.Түрээслэгч нь төр, засгийн үйлчилгээний байгууллагыг төлөөлөхгүй.
  Дөрөв.Түрээслэгчийн эрх
15.Түрээслүүлэгчийн зүгээс буруу шийдвэр болон дүгнэлт гаргавал гомдол, саналаа дээд шатны болон хууль хяналтын байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.
16.Өөрийн хөдөлмөр зохион байгуулалт, үйл ажиллагааны үр дүнд гэрээнд тусгагдсан үзүүлэлт, хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд  холбогдох тооцоо, судалгаагаа нягтлан хийж хоёр тал гэрээгээ дүгнэсний эцэст түрээсэлсэн автомашинаа  хувьдаа авна.
17.Хөдөлмөр зохион байгуулалтаа хариуцаж, ажлын цагаа өөрөө тогтооно.
18.Хүндэтгэн үзэх шалтгаантай бол түрээслүүлэгчээс зайлшгүй туслалцааг авч болох бөгөөд төлбөр тооцоог хоёр тал жич шийдвэрлэж байна.
19.Түрээслэгч нь түрээсийн хугацаанд түрээслүүлэгч авто баазын жолоочид тооцогдон  байгууллагын зүгээс зохиож буй ажилд оролцох бөгөөд өмгөөлөл авах эрхтэй байна.
  Тав.Хориглох зүйл
20.Автомашин түрээслүүлэгч, түрээслэгчид доорхи зүйлийг хориглоно:
а/түрээсийн автомашины гүйлт, ашиглалтын талаар гаргах тооцоо, түрээсийн явцад хийгдэх дүн мэдээг будлиантуулах, хагас дутуу хийх;
б/түрээсийн орлого болон автомашиныг өр зээлийн барьцаанд өгөх;
в/үнэ төлбөргүйгээр буюу зах зээлийн тухайн үеийн ханшаас доогуур (хэрэв гэрээнд заагдаагүй бол) үнээр түрээсийн автомашинд сэлбэг материал олгох, эсвэл төр, засгийн үйлчилгээний бусад машин техникийн сэлбэг хэрэгслийг сольж тавих, түр хэрэглүүлэх
                                                                ----оОо-----