A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 85 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ САНГИЙН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Архидан согтуурахтай тэмцэх сан (цаашид "Сан" гэх)-гийн зорилго нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд оршино.
1.2. Сангийн үйл ажиллагааг Сангийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) удирдана.
1.3. Зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.
1.4. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Зөвлөлийн гишүүдийн олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
1.5. Зөвлөл хэлэлцсэн асуудлаа олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолд Зөвлөлийн дарга гарын үсэг зурна. Зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
1.6. Сангийн зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
1.7. Сангийн зөвлөлийн ажлын алба нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба байна.
1.8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.
1.9. Сангийн зөвлөл нь үйл ажиллагаагаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд жил бүр тайлагнана.
 
Хоёр. Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт
2.1. Сангийн хөрөнгө  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.2-т заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
2.2. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.4-т заасныг үндэслэн дараахь үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Засгийн газар санхүүжүүлж болно:
      2.2.1. архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж оношлох, наркологийн тусламж үзүүлэх, хүн амыг эрүүлжүүлэх, эмчилгээний үр дүнг судлах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
      2.2.2. архидан согтуурахаас сэргийлэх, архины хор уршгийг бууруулах талаар улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээ;
      2.2.3. архидан согтуурснаас нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл, үр дагаврыг тогтоох судалгаа, шинжилгээний ажил.
2.3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба энэ дүрмийн 2.2-т заасан үйл ажиллагаа, түүнд шаардагдах хөрөнгийн хэмжээг төлөвлөж Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, тогтоосон журмын дагуу Засгийн газарт оруулна.
 
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
3.1. Сангийн хөрөнгийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 132.6-д заасан зориулалтаар зарцуулна.
3.2. Сангийн хөрөнгийг энэ дүрмийн 3.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
 
Дөрөв. Сангийн зөвлөлийн бүрэн эрх
4.1. Сангийн зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
      4.1.1. Сангийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
      4.1.2. Сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргах;
      4.1.3. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг шалгаруулах;
      4.1.4. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн явцад хяналт тавих, үр дүнг шалгах, холбогдох мэдээ, тайланг хэлэлцэн үнэлэлт өгөх.
 
Тав. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
5.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг дараахь байдлаар зохицуулна:
      5.1.1. Зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
      5.1.2. Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулахтай холбоотой бусад ажлыг зохицуулах;
      5.1.3. Сангийн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах болон бусад үйл ажиллагаатай холбогдсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх.
 
-----оОо-----