- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2004 оны 28 дугаар тогтоолын хавсралт
БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
БҮСИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүсийн зөвлөлийн (цаашид Зөвлөл гэх) үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно.
1.3. Зөвлөлийн дарга, гишүүд нь бүсийн хүрээнд хуулиар өөрт нь олгогдсон бүрэн эрхээ бие даан хэрэгжүүлнэ.
1.4. Аж ахуйн нэгж, байгууллага болон төрийн бус байгууллагын зөвлөлийн гишүүн төлөөлөгч нь Зөвлөлөөс өөрийн хүсэлтээрээ гарах эрхтэй. Уг асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, энэ тухай Зөвлөлийн дарга бүс нутгийн хөгжлийг дэмжих Үндэсний хороо (цаашид "Үндэсний хороо" гэнэ)-нд мэдэгдэнэ.
1.5. Зөвлөлийн гишүүн-аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөллийг Зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах, гаргах асуудлыг тухайн шатны хурал өөрөө шийдвэрлэнэ.
1.6. Зөвлөлийн өдөр тутмын ажлыг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцан гүйцэтгэнэ.
Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл
2.1. Зөвлөл нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж, үр дүнг хагас, бүтэн жилээр Үндэсний хороонд тайлагнана.
2.2. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед Зөвлөлийн дарга, эсхүл Засгийн газраас ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
2.3. Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлын товыг Зөвлөлийн хурлаас тогтооно. Хурлын бэлтгэл ажлыг Зөвлөлийн ажлын алба, уг асуудлыг хариуцсан Зөвлөлийн гишүүнтэй хамтран хангана.
2.4. Зөвлөлийн хурлаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
2.4.1. тухайн бүсийн хөгжлийн хөтөлбөр, төсөл, тэдгээрийн хэрэгжилтийн явц, байдал;
2.4.2. бүсийн хөгжлийн нийтлэг зорилтыг хэрэгжүүлэхэд аймгуудын оролцоо, уялдааг хангах асуудал;
2.4.3. бүсийн хөгжлийг дэмжих санд хөрөнгө хуримтлуулах, түүнийг зарцуулах талаар Зөвлөлөөс гаргах шийдвэр;
2.4.4. бүсийн хэлэлцээрээр зохицуулах асуудал, тэдгээрийн хэрэгжилтийн талаархи үнэлэлт, дүгнэлт;
2.4.5. бүсийн хөгжлийн асуудлыг зохицуулах талаар Засгийн газар, Үндэсний хороонд оруулах санал, мэдээлэл;
2.4.6. аймаг, нийслэлийн дотоод бүсчлэл, сум дундын бүсүүдийн хөгжлийг дэмжин зохицуулах асуудал;
2.4.7. бүсийн хөгжлийн тулгуур төв хотуудын ерөнхий төлөвлөгөөний төсөл, тэдгээрийг хэрэгжүүлэхэд аймаг, салбар хоорондын уялдааг хангах асуудал;
2.4.8. бусад бүсийн Зөвлөлтэй хамтран ажиллах асуудал;
2.4.9. хөрш орнуудын хил зэргэлдээ бүс нутгуудтай харилцах асуудал;
2.4.10. бүс нутгийн хөгжлийн асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс тавьсан санал хүсэлт;
2.4.11. Зөвлөлөөс байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт, зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл;
2.4.12. бусад.
2.5. Зөвлөлийн хурлыг гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцох бөгөөд хэлэлцсэн асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Цөөнх болсон Зөвлөлийн гишүүн үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгаж болно.
2.6. Зөвлөл нь бүсчилсэн хөгжлийн тодорхой асуудлаар холбогдох салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж судалгаа, дүгнэлт гаргуулж болно.
2.7. Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь судалгаа хийх, санал, төсөл боловсруулах, зөвлөлгөө өгөх, Зөвлөлд дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллана.
2.8. Зөвлөл нь шийдвэр гаргахдаа аль нэг талын болон орон нутгийн явцуу ашиг сонирхлын үүднээс хандахгүй байх зарчмыг баримтална.
2.9. Зөвлөлийн гишүүд нь хурлаас гарсан шийдвэрийнхээ төлөө хамтын хариуцлага хүлээх бөгөөд ажлын үр дүнгээ Зөвлөлд тухай бүр тайлагнаж ажиллана.
2.10. Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын тухай танилцуулга, холбогдох материалыг бүрдүүлж, хурал болохоос 7 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
2.11. Шаардлагатай гэж үзвэл, Зөвлөлийн хуралд холбогдох хүмүүсийг байлцуулан, тэдний санал, дүгнэлтийг сонсож болно.
2.12. Зөвлөлийн хурлын явцад тэмдэглэл хөтлөх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг Зөвлөлийн даргаар ажиллаж байгаа аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцна.
Гурав. Бусад зүйл
3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол зохих журмын дагуу хувийн өмчийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас санхүүгийн дэмжлэг авч болно.
3.2. Зөвлөл нь бүсийн хөгжлийг дэмжих санд хөрөнгө хуримтлуулах, зарцуулах, хамтарсан гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар олгосон өөрийн эрх хэмжээгээр оролцоно.
3.3. Зөвлөл нь Засгийн газрын байгууллагатай бүсийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллана.
3.4. Зөвлөл нь хуулиар эрх олгосны дагуу бүсийн хөгжлийн нийтлэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон санхүүжилтийг бүс дотроо зохицуулах эрх эдэлнэ.
3.5. Зөвлөл нь бүрэлдэхүүндээ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл байгаагаас шалтгаалахгүйгээр, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлыг гагцхүү тухайн шатны хуралтай тохиролцсоны үндсэн дээр хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэж, шийдвэрлэж болно.
3.6. Зөвлөл нь тухайн бүсэд багтах аймаг, хотын алслагдсан байдал, тулгуур төвүүдийн байршил, тэдгээрийн зах зээлийн багтаамж, гадаадын хөрөнгө оруулалтыг тухайн бүсэд татах зэргээс хамааруулан бүсчилсэн хөгжлийн дотоод уялдаа зохицуулалтыг хангахад Зөвлөлд тус дөхөм үзүүлэх чиг үүрэг бүхий Зөвлөлийн орлогч даргыг томилон ажиллуулж болох бөгөөд энэ тухайгаа Үндэсний хороотой урьдчилан зөвшилцсөн байвал зохино.
3.7. Зөвлөл нь хуралд бэлтгэх, хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, Зөвлөлийн захидал харилцааг шуурхай явуулах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргатай адилсах ажилтныг Зөвлөлийн ажлын албанд томилон ажиллуулж болно. Уг ажилтныг ажиллуулахтай холбогдсон зардлын асуудлыг тухайн бүсэд багтах аймгуудын Засаг дарга нар харилцан тохиролцсоны үндсэн дээр Тамгын газрынхаа батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A