- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮСИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 194 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
БҮСИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДҮРЭМ
БҮСИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДҮРЭМ
1. Бүсийн оношлогоо, эмчилгээний төв /цаашид Төв гэх/ нь хүн амд эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэшлийн оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламж,үйлчилгээ үзүүлэх, сургалт судалгаа явуулах эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага мөн.
2. Төвийн зорилго нь бүс нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог бэхжүүлж эмнэлгийн тусламжийн хүртээмж чанарыг дээшлүүлэхэд оршино.
3. Төв нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, энэхүү дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг баримтална.
4. Төв нь төвлөрсөн болон орон нутгийн төсөв, иргэний эрүүл мэндийн даатгалын сан, хандив тусламж, өөрийн орлого зэрэг эх үүсвэрээс санхүүжнэ.
5. Төвийг өөрчлөх, татан буулгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
6. Төв нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7. Төв нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан ажиллана.
8. Төв нь тус төвийн зорилт, чиг үүргийг тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, захирлын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий удирдах зөвлөлтэй байна.
9. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10. Төвийн удирдлага нь захирал болон эмчилгээ,сургалт эрдэм шинжилгээ, эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан дэд захирлууд байна.
11. Төвийн захирлыг удирдах зөвлөлийн саналыг харгалзан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
12. Дэд захирлыг удирдах зөвлөлтэй зөвшилцөн төвийн захирал томилж, чөлөөлнө.
13. Захирал нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж төвийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон удирдах зөвлөлийн өмнө бүрэн хариуцаж тайлагнана.
14. Төв нь захиргаа, эрдэм шинжилгээ, сургалт арга зүйн зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг төвийн захирал баталж, зөвлөлийг удирдаж ажиллана.
15. Төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн захирал батална.
16. Төв нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/үйлчлэх хүрээний хүн амд үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэшлийн лавлагаа тусламж, дуудлагаар нарийн мэргэшлийн яаралтай тусламж үзүүлэх;
б/төвийн болон бүс нутгийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөө өгөх;
в/бүс нутгийн хүн амын эрүүл мэндийн байдал, тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг судлах, анагаах ухааны судалгаа шинжилгээний ажил эрхлэх;
г/оношлогоо, эмчилгээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
д/бүс нутгийн хэмжээнд өөрийн чиг үүрэгт нийцсэн хурал семинар, уулзалт зохион байгуулах;
е/олон улсын хөл хориот өвчнийг оношлох, зөвлөлгөө өгөх;
17. Төв нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/эмчилгээ, үйлчилгээг чанаржуулах, ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар заавар, журам, даалгавар, удирдамж гаргах;
б/аймгуудад захиалгаар үйлчлэх зөвлөх эмч нараас бүрдсэн нарийн мэргэшлийн явуулын багийг үйлчлэх хүрээний аймгуудаас бүрдүүлж ажиллуулах;
в/холбогдох асуудлаар дээд шатны болон орон нутгийн засаг захиргааны байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;
г/гадаад орны адил төстэй байгууллага, төвүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах;
д/оношлогоо, эмчилгээний алдаа зөрөөг мэдээлэх, лавлагаа шаардах.
18. Төв нь жил бүрийн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгах хөрөнгийн тухай саналаа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймгийн Засаг даргын Тамгын газарт тавина.
19. Төв нь эмч, мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, тэдгээрийн мэргэшлийг нь дээшлүүлэх төлөвлөгөөг жил бүр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулж мөрдөнө.
20. Судалгаа шинжилгээний ажлын төсөл боловсруулан Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж хэрэгжүүлнэ.
21. Төвийг ажиллах нөхцөлөөр хангах, орон нутгийн төсөв болон даатгалын сангаас олгох санхүүжилтийг цаг хугацаанд нь хийж байх асуудлыг тухайн аймгийн Засаг дарга хариуцна.
22. Явуулын үйлчилгээ үзүүлэх захиалгыг үйлчлэх хүрээний аймгуудын эрүүл мэндийн газраас төвд ирүүлнэ.
23. Төвд эмчлүүлэх даатгуулагчийн эмчилгээний хувьсах зардлын тарифыг Санхүү, эдийн засаг, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Эрүүл мэндийн сайдын хамтарсан шийдвэрээр тогтооно.
24. Төв нь үйлчлэх хүрээний аймгуудын Эрүүл мэндийн газартай үйлчлүүлэх өвчтөний зардлыг санхүүжүүлэх гэрээ хийж төрөлжсөн нарийн мэргэшлийн оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламжийг өвчтөнд үзүүлнэ.
25. Нарийн мэргэжлийн яаралтай тусламжийн дуудлагыг үйлчлэх хүрээний аймаг, сумдаас шууд хүлээн авч үйлчилнэ.
26. Оношлогоо, эмчилгээний лавлагаа тусламж үзүүлэх өвчний жагсаалт, дуудлагаар нарийн мэргэшлийн яаралтай тусламж үзүүлэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A