- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “БЭРХ-УУЛ” ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1999 оны 74 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
"БЭРХ-УУЛ" ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
"БЭРХ-УУЛ" ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
1.Ашигт малтмалын олборлолт, хайгуул, худалдаа, үйлчилгээний үндсэн чиглэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах "Бэрх-Уул" нэртэй төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэх/-ын үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
2."Бэрх-уул" үйлдвэрийн газрын албан ёсны хаяг: Хэнтий аймаг Батноров сумын 7 дугаар баг "Бэрх" хот.
Хоёр. Эрх хэмжээ
3."Бэрх-уул" үйлдвэрийн газар нь энэхүү дүрэмд заасан болон хуулиар олгосон эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд шүүх, арбитрт нэхэмжлэгч буюу хариуцагчаар оролцох эрхтэй.
4."Бэрх-уул" үйлдвэрийн газар нь ашигт ажиллагааны зорилтот түвшинг тодорхойлсон урт болон ойрын хугацааны бизнес төлөвлөгөөг холбогдох яамаар хянуулж, Төрийн өмчийн хороогоор батлуулан ажиллана.
5.Үйлдвэрлэл, үйлчилгээнд шаардагдах түүхий эд, сэлбэг, шатах тослох материалаа бие даан бэлтгэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хариуцна.
6.Өөрийн эзэмшилд байгаа төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль", холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
7.Үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас хууль тогтоомжийн дагуу татвар төлж эрх бүхий байгууллагаас батлагдсан нормативын дагуу өөрт үлдэх ашгийг захиран зарцуулна.
8."Бэрх-уул үйлдвэрийн газар нь өөрийн тэмдэг, билэгдэл, бичгийн хэвлэмэл хуудастай байна.
Гурав.Үйл ажиллагааны чиглэл
9."Бэрх-уул" үйлдвэрийн газар нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхээр дараахь үйл ажиллагааг явуулна:
а/ашигт малтмалын олборлолт, хайгуул;
б/дотоод, гадаад худалдаа;
в/хуулиар хориглоогүй аж ахуйн үйл ажиллагаа.
10.Эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээгдэхүүн нь улсын чанар, стандартын шаардлагыг хангасан байна.
11.Үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл хэлбэрийг өөрчлөхдөө тухай бүр Төрийн өмчийн хороо болон эрх бүхий бусад багууллагын шийдвэрийг авна.
12.Хэрэв шаардлагатай бол өөрийн үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөх зорилгоор үйлдвэрийн салбар, төлөөлөгчийн газрыг Төрийн өмчийн хорооны зөвшөөрлөөр байгуулан ажиллуулна.
Дөрөв.Дүрмийн сан
13."Бэрх-уул" үйлдвэрийн газрын дүрмийн сан нь зөвхөн төрийн өмчийн эд хөрөнгөөс бүрдэх бөгөөд нийт хэмжээ нь 5547794000 /таван тэрбум таван зуун дөчин долоон сая долоон зуун ерэн дөрвөн мянган/ төгрөг байна. Үүнээс:
а/үндсэн хөрөнгө нь 5220365000 /таван тэрбум хоёр зуун хорин сая гурван зуун жаран таван мянган/ төгрөгний хэмжээтэй;
б/эргэлтийн хөрөнгө нь 327429000 /гурван зуун хорин долоон сая дөрвөн зуун хорин есэн мянган/ төгрөгний хэмжээтэй.
14.Хэрэв дүрмийн сангийн хэмжээг өөрчлөх шаардлагатай бол Төрийн өмчийн хорооны шийдвэрийг удирдлага болгоно.
Тав.Удирдлага
15."Бэрх-Уул" үйлдвэрийн газрын удирдах байгууллага нь "Удирдлагын зөвлөл" байна. Удирдлагын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийг Төрийн өмчийн хороо томилно.
16.Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал удирдана.
17.Гүйцэтгэх захирал нь Төрийн өмчийн хороотой гэрээ байгуулж ажиллах бөгөөд гэрээнд дараахь нөхцөлүүдийг тусгана:
-үйлдвэрийн газрын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн түвшин тогтоох;
-техник, технологийг сайжруулах, шинэчлэх даалгавар;
-хамт олны хөдөлмөр, нийгмийн асуудлын талаар авах арга хэмжээ;
-менежмент, маркетингийн бодлого;
-захирал болон Төрийн өмчийн хорооны хүлээх үүрэг;
-үйлдвэрт өмчлөгчөөс олгосон эд хөрөнгө, түүний хэмжээ, эд хөрөнгийн хариуцлага;
-ажлын нөхцөл, нэмэгдэл цалин, урамшуулал;
-гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх журам, түүний хугацаа;
-бусад нөхцөлүүд.
18.Гүйцэтгэх захирал нь дараахь бүрэн эрхтэй:
-үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх;
-үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс эд хөрөнгийг хууль тогтоомж, гэрээ, дүрэмд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах;
-үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож батлуулах, албан тушаалтныг томилох, чөлөөлөх;
-ажиллагсдын цалин, шагнал урамшууллын журмыг тогтоон мөрдөх;
-эдийн засаг, технологийн бодлого, хэтийн төлөв, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тусгасан зорилтот бизнес төлөвлөгөөг холбогдох газруудтай хамтран боловсруулах ажлыг зохион байгуулж, Төрийн өмчийн хороогоор батлуулан, биелэлтийг хангах;
-боловсон хүчний бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;
-үйлдвэрлэл, технологи, бизнесийн нууцад хамаарах мэдээллийг тогтоох;
-үйлдвэрийн дотоод журмыг боловсруулан мөрдүүлэх;
-тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулан тэдгээрийн үнэн зөвийг хариуцах;
-улсаас чиглэл өгч тогтоосноос бусад бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнэ тарифыг тогтоох;
-эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх зорилгоор тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газарт даган мөрдөх тушаал, заавар гаргах;
-гадаадад томилолтоор ажиллах төсөв, удирдамжаа батлуулан тайлагнах.
19."Бэрх-уул" үйлдвэрийн газрын үйл ажиллагааны онцлогтой холбоотой бусад бүрэн эрхийг гүйцэтгэх захиралд эдлүүлэх талаар гэрээнд тусгаж болно.
20.Гүйцэтгэх захирал шаардлагатай мэргэжилтэн, албан тушаалтныг оролцуулан захирлын зөвлөл байгуулж болох бөгөөд түүний бүрэлдхүүн, ажиллах журмыг захирлын тушаалаар баталж мөрдөнө. Зөвлөлийн гишүүд нь гүйцэтгэх захиралд зөвхөн зөвлөх эрхтэй байна.
21.Захирал өөрийн гэм буруутай үйл ажиллагаагаараа хууль болон гэрээнд заасан эрхээ хэтрүүлсэн буюу урвуулан ашигласан зэргээр үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмч, хөрөнгөөр бүрэн хариуцна.
Зургаа.Эдийн засгийн үйл ажиллагаа, бүртгэл, хяналт
22."Бэрх-уул" үйлдвэрийн газрын эдийн засгийн үйл ажиллагаа нь жил бүрийн үйлдвэрлэл, түүний үр ашиг, орлогыг тодорхой тусгаж, зохих газруудаар батлуулсан зорилтот бизнес төлөвлөгөөний дагуу явагдана.
23.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу орлогын болон бусад татвар хураамжийг төлнө.
24.Эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу ногдол ашгийг тооцон төсөвт оруулна.
25.Анхан шатны бүртгэлийн баталгаажсан баримтыг үндэслэн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл хөтлөн, тайлан тэнцлийг улирлаар гаргаж Төрийн өмчийн хороо, татварын алба, санхүгийн байгууллагад тушаана.
26.Тогтоосон журам, загварын дагуу Төрийн өмчийн хороонд мэдээ тайланг гаргаж хугацаанд нь хүргүүлнэ.
27.Ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн, 3-аас доошгүй жил нягтлан бодогчоор ажилласан байх бөгөөд түүнийг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэх захирлын тушаалаар томилно.
28.Гүйцэтгэх захирал өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтад тавих өдөр тутмын дотоод хяналтыг зохион байгуулж, үр дүнг хариуцна.
29.Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт,хөдөлгөөнд бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хариуцна.
30.Төрийн өмчийн эд хөрөнгийг бүртгэн авч хадгалах, түүнийг нэр төрөл, чанар, бүрдлийн хувьд бүрэн бүтэн байлгах, эрх бүхий тушаалтны шийдвэрээр тавьж олгох үүргийг захирлын тушаалаар томилогдсон эд хариуцагч хүлээнэ.
31.Эд хөрөнгийн дотоод тооллогыг зохих бэлтгэлийг хангасны үндсэн дээр "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-д заасан журмын дагуу үйлдвэрийн газрын захиргаа явуулж тайлан тэнцэлд тусгана.
Долоо.Өөрчлөх, татан буулгах
32.Үйлдвэрийн газрыг холбогдох яам болон Төрийн өмчийн хорооны санал болгосноор Засгийн газар өөрчлөх ба татан буулгана.
33.Үйлдвэрийн газрыг татан буулгахад Иргэний хууль болон хууль тогтоомжийн бусад актад заасан журмыг баримтална.
Текст томруулах
A
A
A