- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолын хавсралт
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ДҮРЭМ
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН АСУУДАЛ ЭРХЛЭХ АЛБАНЫ ДҮРЭМ
1. Энэхүү дүрмийн зорилго нь Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны эрх, үүрэг, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоох, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба /цаашид "Алба" гэх/ нь гадаадын иргэний эрх зүйн байдлын болон харьяатын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, төрийн захиргааны байгууллагуудын гадаадын иргэний эрх зүйн байдалтай холбогдсон үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ.
3. Албаны үйл ажиллагаатай холбогдож гарах зардлыг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлнэ.
4. Алба нь тогтоосон журмаар хийлгэсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
5. Алба нь хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллана.
6. Алба нь дор дурдсан хэлтсийн зохион байгуулалтаар үйл ажиллагаагаа явуулна:
-Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтэс;
-Захиргааны удирдлагын хэлтэс.
7. Албаны даргыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө. Дэд даргыг Албаны даргын санал болгосноор хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
8. Албаны хэлтсийн дарга, ажилтнуудыг Албаны дарга томилж, чөлөөлнө.
9. Албаны ажилтан тусгай загвараар хийсэн үнэмлэх, тэмдэгтэй байна. Үнэмлэх, тэмдэгний загварыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10. Албаны дарга ажлаа хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө тайлагнана.
11. Алба нь энэхүү дүрмийн 2 дугаар заалтад заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
Удирдлага, зохион байгуулалтын асуудлаар:
1/Гадаадын иргэн, харьяат, цагаачлалын асуудлаар төрийн бодлого боловсруулахад санал өгөх, хүн амын тоо, нягтрал, газар зүйн байршил, хөгжлийн түвшин зэрэг хүчин зүйлтэй уялдуулан тус улсад цагаачлах иргэдийн тоо, бүтэц, хөдөлгөөний талаар санал боловсруулах;
2/Гадаадын иргэний эрх зүйн байдал, цагаачлал, харьяатын асуудлаар төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, энэ талаархи төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
3/Гадаадын иргэний эрх зүйн байдал, цагаачлал, харьяатын асуудлаар Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан мэдээлэл болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
Бүртгэх болон зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар:
4/ Монгол Улсын энгийн зэргийн виз авах тухай байгууллага, иргэнээс гаргасан хүсэлтийг хүлээн авч виз олгох буюу визийн зөвшөөрөл өгөх;
5/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гарах, гарах-орох виз олгох, олгохоос татгалзах, хүчингүй болгох, визийн хугацааг сунгах, богиносгох, ангиллыг нь өөрчлөх;
6/Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч, цагаач гадаадын иргэн ажил эрхлэх, гэрээ, хэлэлцээрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчийн газарт ажиллах, аж ахуйн нэгж байгуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгоход санал өгөх;
7/ Засгийн газар хоорондын болон эрх бүхий байгууллагын гэрээний үндсэн дээр тус улсад ажиллаж, суралцаж байгаа, түүнчлэн олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар ажилладаг гадаадын иргэний гэрээний хугацаа дууссан буюу хугацаанаас өмнө гэрээгээ цуцалсан тохиолдолд тухайн байгууллага нь дэмжиж өөр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй гэрээ байгуулсан үндэслэлээр цаашид ажиллах, суралцах зөвшөөрлийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгоход санал өгөх;
8/хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах зөвшөөрөл олгоход санал өгөх;
9/Монгол Улсад зорчигч, түр буюу удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэх;
10/Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тодорхой нэгжид оршин суугч мөн болохыг тодорхойлсон оршин суух үнэмлэх олгох;
11/харьяалалгүй хүнд гадаадад зорчих үнэмлэх олгох, Монгол Улсад хуурамч баримт бичгээр орж ирсэн, эсхүл паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичгээ үрэгдүүлсэн, эсвэл хүчингүй болсон гадаадын иргэнд дипломат төлөөлөгчийн болон консулын байгууллага нь тус улсад байхгүй тохиолдолд гарах үнэмлэх олгох;
12/Монгол Улсад албан болон хувийн хэргээр зорчигч, түр болон удаан хугацаагаар оршин суугч, байнга оршин суугч, цагаач гадаадын иргэний оршин суух хугацааг сунгах;
13/Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаадад зорчиход оршин суух үнэмлэхийг нь хадгалах, бүрмөсөн явах тохиолдолд хурааж авах;
14/дор дурдсан асуудлаар нэгдсэн бүртгэл хөтлөх:
-Монгол Улсын визийн;
-визийн зөвшөөрлийн;
-Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа алдсан, сэргээн тогтоолгосон иргэний;
-Монгол Улсад байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй хүний;
-Монгол Улсад зорчигч гадаадын иргэний;
-Монгол Улсын харьяат хүүхэд үрчилж авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний болон тэдгээрт үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдийн;
-виз, бүртгэлийн журам зөрчиж захиргааны шийтгэл хүлээсэн, гэмт хэрэгт холбогдсон болон албадан гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний.
15/гадаадын иргэний эрх зүйн байдал, цагаачлал, харьяатын тухай хууль тогтоомжид заасан мэдээ, баримтыг холбогдох байгууллагаас хүлээн авч нэгтгэх, мэдээллийн сан байгуулах;
16/гадаадын иргэнийг урьж ирүүлэх хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд урилга олгох асуудлыг шийдвэрлэх;
17/гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх асуудлыг хүн ам зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэх;
18/гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах зөвшөөрөл олгож улсын бүртгэлд бүртгэх.
Харьяатын асуудлаар:
19/Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр холбогдох бусад баримт бичиг, саналын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн барих;
20/тодорхой иргэний харьяаллын асуудлаар гарсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
21/Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг нь сэргээн тогтоох хүний талаар тагнуулын болон цагдаагийн төв байгууллагаас санал, дүгнэлт гаргуулах, шаардлагатай баримт бичгийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүйгээр гаргуулж авах;
22/Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалт гаргах;
Цагаачлалын асуудлаар:
23/гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад цагаачлах зөвшөөрөл олгох;
24/гадаадад цагаачлах, байнга оршин суух Монгол Улсын иргэний асуудлыг хянан шийдвэрлэх, бүртгэл судалгаа хөтлөх;
25/оршин суух үнэмлэхээ гэмтээсэн, үрэгдүүлсэн, хуульд заасан хугацаа хэтрүүлэн гадаадад зорчсон цагаач гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийг сэргээх, дахин үнэмлэх олгох асуудлыг хянан шийдвэрлэх.
Хяналт тавих асуудлаар:
26/хуульд заасан үндэслэлд нийцүүлэн гадаадын иргэнийг албадан гаргах тухай шийдвэр гаргуулахаар хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал тавих, шийдвэрийг үндэслэн албадан гаргах ажлыг зохион байгуулах;
27/Монгол Улсад оршин суух, зорчих хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн болон гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, харьяатын тухай, иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөн гадаадын иргэнд холбогдох хууль тогтоомжид заасан шийтгэл ногдуулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баримт бичгийн шалгалт хийх, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
28/хүчин төгөлдөр бус буюу бусдын баримт бичгээр тус улсад орж ирсэн хүний асуудлыг эрх бүхий байгууллага шийдвэрлэх хүртэл түр саатуулах.
12. Алба нь дараахь зөрчил гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс албадан гаргах шийдвэр гаргуулахаар хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал тавина:
1/ хүчин төгөлдөр бус болон хуурамч баримт бичгээр Монгол Улсад орж ирсэн буюу оршин суух хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн;
2/Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нь хүчингүй болгосон буюу буцаан авсан боловч тухайн гадаадын иргэн тус улсаас гарч явахаас зайлсхийсэн;
3/эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан.
13.Алба нь энэ дүрмийн 12 дахь заалтад заасан албадан гаргах шийдвэр гарсан даруй энэ тухай гадаадын иргэнд мэдэгдэх, оршин байгаа хаяг нь тодорхойгүй бол цагдаагийн болон хилийн цэргийн байгууллагатай хамтран эрэн сурвалжлах, шийдвэрт заасан хугацаанд улсын хилээр албадан гаргах арга хэмжээ авна.
14. Албаны ажилтан нь энэ дүрмийн 2; 3; 4; 5 дахь заалтад заасан Албаны эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллана.
15. Албаны ажилтан нь гадаадын иргэний эрх зүйн байдал, харьяатын болон цагаачлалын асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийг гадаадын иргэн, харьяалалгүй хүн зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баримт бичиг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээ авахыг гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс шаардах, хаяг тодруулах, гадаадын иргэнийг албадан гаргах шийдвэрийг хэрэгжүүлэх, зөрчлийг таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагын дэмжлэг авах эрхтэй.
16. Хяналт шалгалт хариуцсан байцаагч нь улсын байцаагчийн эрхтэй байх бөгөөд гадаадын иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан шийтгэл ногдуулна.
17. Албаны ажилтан нь энэ дүрэмд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээнэ.
18. Алба нь гадаадын иргэний эрх зүйн байдал, цагаачлал, иргэний харьяалалтай холбогдсон асуудлаар гадаад улсаас тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын байгууллага, түүнчлэн гадаад улсын холбогдох бусад байгууллагатай өөрийн орны хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зан заншлаар тогтоосон ёс журамд нийцүүлэн харилцан ажиллана.
19. Алба нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаадын иргэнийг албадан гаргах тухай шийдвэрийг хэрэгжүүлэхэд болон хууль тогтоомжийн биелэлтийг шалгах явцад гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн болон хилийн цэргийн байгууллагын дэмжлэг туслалцаа авч хамтран ажиллана.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A