A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 57 дугаар тогтоолын хавсралт

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
 
    Энэхүү журам нь гадаадын хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж байгуулах, түүний дүрмийн санг бүрдүүлэх, газар ашиглах хийгээд снхүүгийн үйл ажиллагааг зохицуулна.
     1.Худалдаа, үйлдвэрийн яам гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай хөрөнгө оруулагчдын өргөдөл эсвэл ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний төрлийг өөрчлөх тухай оролцогч Талуудын тохиролцон гаргасан албан ёсны баримт бичгийг хүлээн авсны дараа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулахаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
     2.Мэргэжлйн дүгнэлт хийх байгууллага нь төрийн эрх бүхий байгууллагын баталсан заавар, журмыг мөрдлөг болгон тухайн төсөлд дүгнэлтээ гаргаж харъяалах төрийн захиргааныхаа төв байгууллагаар дамжуулан 21 хоногийн дотор Худалдаа, үйлдвэрийн яаманд ирүүлнэ.
      3.Гадаадын хөрөнө оруулалттайгаар шинээр байгуулагдах болон ажиллаж буй аж ахуйн нэгж нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл шаардагдах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд энэ тухай өргөдлөө холбогдох байгууллагад гаргана. Энэхүү тусгай зөвшөөрлийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл хүссэн өргөдөл, эсвэл ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн гэрээ, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт бичгийг Худалдаа, үйлдвэрийн яаманд оруулахаас өмнө авсан байна.
     4.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад Монголын хөрөнгө оруулагчаар оролцох улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа аж ахуйн байгууллага, төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон аж ахуйн нэгж нь харъяалагдах яам, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын зөвшөөрлийг тус тус авсан байна.
     5.Дараахь тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгох асуудлыг Үндэсний хөгжлийн газраар дамжуулан Засгийн газарт оруулж чиглэл авна:
     -улсын эдийн засагт онц чухал ач холбогдолтой дэд бүтцийн болон салбарын томоохон төсөл хэрэгжүүлэх;
     -гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах тухай гэрээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид Засгийн газар баталгаажуулахаар заасан.
     6.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах талаар худалдаа, үйлдвэрийн яамны зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийг Монгол Улсын Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Улсын татварын ерөнхий газар улсын бүртгэлд бүртгэнэ. Улсын татварын ерөнхий газар тухайн аж ахуйн нэгжийг бүртгэснээс хойш 7 хоногийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн оноосон нэр, хаяг, хөрөнгө оруулагчдын нэр, харъяалал, дүрмийн сангийн хэмжээ, эрхлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулагчдийн дүрмийн санг бүрдүүлэх харьцаа, ажиллах хугацаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тусгасан байна.
     7.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн санд хөрөнгө оруулагчдын хувь хөрөнгө болгон оруулах эд хөрөнгө, оюуны үнэт зүйлсийг тухайн аж ахуйн нэгжийг улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө Монгол Улсын Аж ахуйн нэгжийн хуульд заасан хувь, харьцаагаар бүрдүүлсэн байна.     Улс орны эдийн засагт чухал ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх үе шат, хугацаатай уялдуулан дүрмийн санд оруулах хувь хөрөнгийг Улсын татварын ерөнхий газартай тохиролцсоны үндсэн дээр хэсэгчлэн бүрдүүлж болно.
     8.Гадаадын болон Монголын хөрөнгө оруулагчдаас дүрмийн санг бүрдүүлэхээр гадаадаас оруулах технологийн зориулалттай хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, үнийг тодорхойлж, гэрээ, дүрэмд хавсаргасан жагсаалтыг үндэслэн гаалийн болон худалдааны татвараас чөлөөлнө. Энэхүү жагсаалтыг Худалдаа, үйлдвэрийн яам баталгаажуулан Улсын гаалийн ерөнхий газарт өгч байна.
      9.Хөрөнгө оруулагчдаас дүрмийн санд мөнгөн хэлбэрээр хувь хөрөнгийг оруулах дансыг хөрөнгө оруулагчдын сонгосон банкинд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэр дээр нээнэ.
      10.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн санг бүрдүүлэхээр гаалийн хилээр оруулсан эд хөрөнгийн тухай мэдээг холбогдох гаалийн байгууллага, банкинд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн тухай нотолгоог тухайн банк тус тус гаргаж Улсын татварын ерөнхий газарт өгч байна. Мөн дүрмийн санд оруулах үйлдвэрийн болон оюуны өмчийн эрх, аливаа эрхийн үнэлгээ, урьд гаргасан зардал зэрэг биет байдлаар орохгүй зүйлийг хөрөнгө оруулагчдын тохиролцсон үнийг үндэслэн дүрмийн санд орсон гэж тооцно..
     11.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь тухайн жилд үйлдвэрлэлийн зориулалтаар гадаадаас оруулах түүхий эд, материал, сэлбэг хэрэгслийн нэр төрөл, тоо хэмжээг урьд оны 10 дугаар сард багтаан гаргаж Худалдаа, үйлдвэрийн яаманд ирүүлж баталгаажуулна. Энэхүү баталгаажуулсан баримт материалыг үндэслэн хууль тогтоомжийн дагуу үзүүлэх хөнгөлөлтийг эдлүүлнэ.
     12.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь газар ашиглах тухай асуудлаа Монгол Улсын Газрын тухай хууль тогтоомжийн дагуу төрийн захиргааны холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
     13.Монгол Улсын статистик, татвар, гаалийн холбогдох байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны жил, улирлын тайлан мэдээний холбогдох хэсгийг тохиролцсон маягт, үзүүлэлтийн дагуу бэлтгэж тухай бүр Худалдаа, үйлдвэрийн яаманд албан ёсоор ирүүлж байна. Мөн ийм тайлан мэдээг Худалдаа, үйлдвэрийн яам банкны холбогдох байгууллагаас тэдэнтэй тохиролцож гаргуулан авч байна.
     14.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид гадаадын иргэдийг ажиллуулах тухай асуудлаар холбогдох гэрээ, хэлцлийг байгуулахаас өмнө Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай урьдчилан тохиролцсон байна.
     15.Монгол Улсад гадаадаас хөрөнгө оруулж байгаа байдал, чиглэл хандлага, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаархи санал дүгнэлтийг холбогдох тайлан мэдээлэлд үндэслэн Худалдаа, үйлдвэрийн яам тайлант жилийн дараа оны 1 улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.