A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 267 дугаар тогтоолын хавсралт

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ 2010 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
 
Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах нь газрын тосны салбарт баримтлах эрхэм зорилго мөн.
Газрын тосны салбарт баримтлах чиглэл нь дараахь үзэл баримтлалд тулгуурлана. Үүнд:
1. Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх.
2. Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах:
а/дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр барьж байгуулах замаар газрын тосны бүтээгдэхүүний зарим хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах;
б/импортын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр байгуулах замаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 30 хүртэл хувийг тодорхой хугацаанд хангах.
З. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн найдвартай, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэх.
 
Нэг. Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж  нөөцийг өсгөх, олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар
1.1. Шинээр байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээнд газрын тосны нарийвчилсан хайгуул, үнэлгээний ажлын хугацааг тодорхой заах, өмнө нь байгуулсан гэрээний хэрэгжилтийг сайжруулах замаар геологийн тойм болон баталгаат нөөцийг нэмэгдүүлэх.
1.2. Хайгуулын ажлын үед туршилтын олборлолт явагдаж байгаа талбайнуудад хийх үнэлгээний ажлыг эрчимжүүлэх.
1.3. Шинээр өрөмдөх хайгуулын цооногийн тоог нэмэгдүүлэх.
1.4. Газрын тос борлуулалтыг дэмжих зорилгоор хилийн боомтуудыг тусгайлан авч үзэж байнгын ажиллагаатай болгох, төлбөр, хураамжийг бууруулах талаар Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын талтай хэлэлцээр хийж тохиролцоонд хүрэхийг эрмэлзэх.
 
Хоёр. Газрын тос боловсруулах үйлдвэр  байгуулах талаар
2.1. Дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр байгуулах талаар:
2.1.1. Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг эрчимжүүлж бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд  Монголын Засгийн газарт ногдох газрын тосны хэмжээг нэмэгдүүлэх;
2.1.2. Дотоодын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр найдвартай хангах зорилгоор гэрээлэгчдэд ногдох газрын тосыг Монголын зах зээлд тэргүүн ээлжинд нийлүүлэх чиглэл баримтлах;
2.1.3. Дотоодын түүхий эдэд тулгуурласан жилд    100-150 мянган тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг зүүн бүсэд байгуулах чиглэл баримтлах.
2.2. Импортын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр байгуулах талаар:
2.2.1. Импортын түүхий эд (хийн конденсат)-эд тулгуурласан боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 30 хүртэл хувийг хангах чиглэл баримтлах;
2.2.2. Импортын түүхий эд (хийн конденсат)-эд тулгуурласан боловсруулах нэг үйлдвэрийн хүчин чадлыг 50,0 мянган тонноос доошгүй байхаар тогтоох;
2.2.3. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс хийн конденсатыг импортоор нийлүүлэх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
 
Гурав. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар
3.1. Газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орнуудтай нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар Засгийн газрын түвшинд тохиролцох.
3.2. Газрын тосны бүтээгдэхүүний импортын 30-аас доошгүй хувийг БНХАУ болон гуравдагч орны нийлүүлэгчээс хангах боломжийг судалж, шат дараалан хэрэгжүүлэх.
3.3. Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг барьж дуусгах, өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, агуулах шинээр байгуулах, хилийн зарим боомтод нефтийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх, хадгалах, түгээх хүчин чадлыг бий болгох.
3.4. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалтын бодлоготой уялдуулан газрын тосны бүтээгдэхүүний бөөний агуулах, шатахуун түгээх станцыг шатахууны хэрэгцээтэй нь холбон оновчтой байршуулах, тоо, хүчин чадлыг тогтоох.
3.5. Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний эргэлтийн нөөцийг бүрдүүлэх тогтолцоог бий болгох.
 
Дөрөв. Хууль эрх зүйн орчны талаар
4.1. Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгах.
4.2. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, борлуулалтын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин бий болгох;
4.3. Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, шатахуун түгээх станцын технологийн үйл ажиллагааны стандартыг хянах, түүнийг боловсронгуй болгох.
4.4. ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийг дамжуулах байгууламжийг Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлэх асуудлаар хөрш орнуудын Засгийн газар болон уг төслүүдэд оролцогч компаниудтай гэрээ, хэлэлцээр байгуулах.
 
Тав. Мэдээлэл хангамжийн тогтолцоог бүрдүүлэх,  үндэсний чадварлаг боловсон хүчин бэлтгэх талаар
5.1. Газрын тосны салбарт мэдээлэл, судалгааны тогтолцоо бий болгох арга хэмжээг 2003 оноос хэрэгжүүлж эхлэх.
5.2. Газрын тосны салбарын мэдээлэл, судалгааны тогтолцоог бүрдүүлэх, сүлжээ байгуулахтай холбогдсон хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх.
5.3. Төрийн сангийн зээл болон бусад эх үүсвэрээр газрын тосны салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах.
 
Зургаа. Техник, технологийн талаар
6.1. Газрын тос боловсруулах үйлдвэрт байгаль орчинд халгүй, хүнд бүтээгдэхүүний гарц багатай, хаягдалгүй технологи, тоног төхөөрөмжийг хэрэглэх.
6.2. Эдэлгээний хугацаа дууссан, аюулгүйн ажиллагааны шаардлага хангахгүй болсон сав, тоног төхөөрөмжийг шинэчлэх.
 
Долоо. Нийгэм, эдийн засгийн үр дүн
7.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос байж болох магадлал бүхий нээлттэй талбайнууд хайгуулд хамрагдаж, геологийн нөөц өсч, газрын тосны олборлолт, экспорт нэмэгдэнэ.
7.2. Газрын тосны  бүтээгдэхүүний хангамжийг оновчтой зохион байгуулснаар улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл бүрдэнэ.
7.3. Тус салбарт үйлчилж буй эрх зүйн орчныг тогтвортой байлгаж, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт, хангамжийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн шинэ орчин буй болгосноор шатахуун хангамжид үүсч болох бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлэх нөхцөл хангагдана.
7.4. Газрын тосны бүтээгдэхүүний улсын нийт хэрэгцээний 30 хувийг дотоодын түүхий эдэд тулгуурласан  боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр, 30 хувийг импортын түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр, 40 хувийг хөрш болон гуравдагч орнуудын импортын эх үүсвэрээс хангаж, гадаад зах зээлээс хамаарах хамаарлыг бууруулна.
7.5. Газрын тосны салбарыг үндэсний боловсон хүчнээр хангах мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээр судалгааны ажлыг дотооддоо бие даан гүйцэтгэх боломж бүрдэнэ.
 
 
 
 
----оОо----