A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 190 дүгээр 1 дүгээр хавсралт

ГАН, ЗУД, УС, ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ БОЛОН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ТУХАЙ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ ДАМЖУУЛАХ ЖУРАМ
 
1. Хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саатал, ноцтой бэрхшээл учруулах, түүнчлэн хүний амь нас, эд хөрөнгө хохироход хүргэж болох  ус, цаг агаарын үзэгдлийг түүний учруулах хор хөнөөлийнх нь байдлаар аюултай, нэн аюултай буюу гамшигт үзэгдэл гэж ангилна.
2. Цаг агаарын аюултай, нэн аюултай буюу гамшигт үзэгдлийн жагсаалтыг Засгийн газар батална.
3. Ган, зуд, түүнчлэн ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг  мэргэжлийн байгууллагууд-Ус, цаг уурын хүрээлэн, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв хариуцан гаргана.
4. Ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээллийг хариуцан гаргасан байгууллага нь телефон, факс, электрон шуудангаар Засгийн газрын болон Улсын иргэний хамгаалалтын газрын зохих алба, хэвлэл, мэдээллийн байгууллагад энэ тухай нэн даруй дамжуулна. Радио, телевизийн байгууллага аюултай үзэгдлийн тухай сэрэмжлүүлгийг Засгийн газрын 2000 оны 26 дугаар тогтоолын дагуу, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх тухай мэдээг 15 минутын дотор тухайн үеийн нэвтрүүлгийн дундуур оруулан "Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ" гэсэн толгойтой, "Харанга" дохиотойгоор эфирт цацна. Радио, телевизийн нэвтрүүлэг зогссон цагаар гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг Улсын иргэний хамгаалалтын газар, түүний орон нутгийн салбараар дамжуулан олон нийтэд түгээнэ.
5. Ус, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ зарласан үед аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга иргэний хамгаалалтын бэлэн байдлын аль нэгэн зэрэгт шилжихэд бэлэн байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулна. Ус, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ зарласан болон урьдчилан зарлаагүй боловч гамшигт үзэгдэл эхэлсэн, эсвэл сэрэмжлүүлэх мэдээнд өгсөн үзэгдэл нь гамшгийн хэмжээнд хүрэхээр болсон үед аймаг, нийслэлийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, сум, дүүргүүдэд уг мэдээг өөрийн шугамаар яаралтай дамжуулах ба сумдын Ус, цаг уур, орчны хяналт- шинжилгээний өртөө, харуулын ээлжийн техникч, ажиглагч нар сум, дүүргийн Засаг дарга, түүнийг орлох албан тушаалтанд уг мэдээг дамжуулан өгнө. Сум, дүүргийн Засаг дарга уг мэдээг хүлээн авмагц Тамгын газартаа байнгын жижүүр томилон урьдчилан сэргийлэх, хамгаалах, аюулын үед ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулна.
6. Засаг дарга гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээг хүлээн авмагц өөрийн харьяа нутаг дэвсгэрт мэдээллийг иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулахын зэрэгцээ гамшигт үзэгдлийн өрнөл, учруулсан хохирлын тухай иргэдийн мэдээллийг нэгтгэн дээд шатны Засаг дарга болон Ус, цаг уурын ойролцоохи өртөө, харуулд байнга мэдээлж байна.
7. Тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдсон ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, түүнээс учирсан хохирлын тухай шуурхай мэдээллийг Ус, цаг уурын өртөө, харуул "Аюул" мэдээгээр Ус, цаг уурын хүрээлэнд тухай бүр мэдээлж, хөдөө аж ахуйн цаг уурын 10 хоногийн мэдээлэлд заавал тусгаж байна.
8. Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсдсэн, байгаль орчин, эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаар нэгдсэн дүгнэлт гаргуулж аймаг, нийслэлийн Засаг дарга (Байнгын онцгой комисс), Ус, цаг уур, орчны шинжилгэээний төвд 3 хоногийн дотор, аймгийн Байнгын онцгой комиссоос Улсын иргэний хамгаалалтын газарт, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс Ус, цаг уурын хүрээлэнд 7 хоногийн дотор тус тус ирүүлнэ.
9. Улсын иргэний хамгаалалтын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар дээрх мэдээллийг улсын хэмжээгээр нэгтгэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын байнгын онцгой комисст илтгэнэ.
 
                                                      ----оОо---