A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 67 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ДАРХЛААЖУУЛАЛТЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Дархлаажуулалтын тусгай сан /цаашид "сан" гэнэ/ байгуулах, түүний хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах зэрэг үйл ажиллагааг  зохицуулахад  энэхүү журмыг мөрдөнө.
2. Дархлаажуулалтыг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх, хөрөнгийн хуримтлал бий болгох зорилго бүхий уг сангийн хөрөнгийг халдварт өвчнөөс сэргийлэх тарилга, дархлаажуулах бэлдмэл, тархвар судлалын заалтаар хийж байгаа сэргийлэх тарилга, зүү, тариур, эм, урвалж бодис худалдан авах, тээвэрлэх зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.
3. Сан нь бие даасан хуулийн этгээд байх бөгөөд  тогтоосон журмын дагуу хийгдсэн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болно.
4. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дагуу сангийн төвлөрүүлэн захирагчийн үүргийг Эрүүл мэндийн яам, шууд захирагчийн үүргийг сангийн зөвлөлийн зохицуулалтын дор Халдварт өвчин судлалын үндэсний төв гүйцэтгэнэ.
5. Сан байгуулах, үйл ажиллагаанд нь өөрчлөлт оруулах, санг татан буулгах асуудлыг  Засгийн газар шийдвэрлэнэ.
 
Хоёр. Сангийн  хөрөнгийн  бүрдүүлэлт
6.Сангийн хөрөнгө нь дараахь эх үүсвэрээс  бүрдэнэ:
а/улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгө;
б/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж;
в/гадаад орон, олон улсын болон сайн дурын байгууллагын хандив, тусламж;
г/сайн дурын дархлаажуулалтын болон сэргийлэх тарилгын төлбөр;
д/бусад эх үүсвэр.
7. Дархлаажуулалтын арга хэмжээнд тухайн санхүүгийн жилд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Санхүү, эдийн засгийн яам улсын төвлөрсөн төсөвт тусгана.
8. Санхүү, эдийн засгийн яам нь  улсын  төвлөрсөн  төсвөөс  энэ  дүрмийн 7-д заасан  арга хэмжээнд зориулан олгох хөрөнгийг тус сангийн дансанд  саадгүй шилжүүлэх, сангийн эрх захирагчийн төлбөрийн даалгаврыг үндэслэн төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу сангийн зарцуулалтын байдалд хяналт тавьж ажиллах үүрэг хүлээнэ.
9. Сангийн хөрөнгийн зарцуулагдаагүй үлдэгдлийн тайланг Санхүү, эдийн засгийн яаманд гарган өгч, үлдэгдлийг баталгаажуулан дараа жилийн үйл ажиллагаанд шилжүүлэн зарцуулна.
 
Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт
10. Сангийн хөрөнгийг урьдчилан сэргийлэх тарилга, дархлаажуулах бэлдмэл, зүү, тариур, сэргийлэх бусад эм, урвалж худалдан авах, тэдгээрийг тээвэрлэх, түгээх зориулалтаар сангийн зөвлөлийн зөвшөөрсөн хэмжээгээр Халдварт өвчин судлалын  үндэсний  төв  захиран зарцуулна.       
11. Энэ дүрмийн 10-т заасныг үндэслэн Халдварт өвчин судлалын үндэсний төв нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
а/улсын хэмжээнд хэрэглэгдэх вакцин, биобэлдмэл, зүү, тариурын нэгдсэн захиалга  болон  шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж, жилд 2–оос доошгүй удаа сангийн зөвлөлд танилцуулна;
б/сангийн хөрөнгөөр худалдан авах вакцин, зүү, тариур, биобэлдмэл, эм, урвалжийн үнийн болон тэдгээрийг нийлүүлэх, тээвэрлэх гэрээний нөхцөлийн талаар сангийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамтай урьдчилан  зөвшилцөнө;
в/вакцин, биобэлдмэлийг захиалах, ханган нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, нөөцлөх, хуваарилах  асуудлаар аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газартай гэрээ байгуулан ажиллана;
г/стандартын шаардлагад бүрэн  нийцсэн, чанарын баталгаатай  вакцин, биобэлдмэлээр хангах арга хэмжээ авч, тэдгээрийн тээвэрлэлт, хадгалалт, орон нутагт хүргэх үеийн хадгалалтын горимыг чанд мөрдөнө;
д/вакцин, биобэлдмэл, зүү, тариурын болон хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн үнэ, тээврийн зардлыг  нийлүүлэгч болон тухайн ажлыг гүйцэтгэгч байгууллагын нэхэмжлэл, гүйцэтгэлийн тухай албан  ёсны бичиг баримтыг  үндэслэн зөвхөн дансаар шилжүүлнэ;
е/сангийн хөрөнгийн зарцуулалтын тайлан тэнцлийг улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа тайлан тэнцлийн маягтын дагуу улирал, жилээр гарган сангийн зөвлөлд танилцуулна.
 
Дөрөв. Сайн дурын дархлаажуулалтын болон сэргийлэх тарилгын төлбөрийн зохицуулалт
12. Энэ дүрмийн 6-гийн "г"-д заасны дагуу  сайн дурын дархлаажуулалтын болон сэргийлэх тарилга /цаашид "сэргийлэх тарилга" гэнэ/-ын  төлбөрийг сангийн дансанд оруулна.  
13.Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн ажиллагчдыг сэргийлэх тарилгад бүрэн хамруулах үүрэг хүлээж, тухайн жилд уг тарилгад хамрагдвал зохих  хүмүүсийн  судалгааг  сэргийлэх тарилга  тус бүрээр гаргаж  хамрах хүрээний  эмнэлэг,  эрүүл мэндийн  газарт жил бүрийн  1 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ.
14. Тарваган тахал өвчний голомт бүхий нутгийн малчдын сэргийлэх тарилгын  төлбөрийг дархлаажуулалтын сангаас хариуцна.
15. Сэргийлэх тарилгад хамрагдах шаардлагатай ажил, үйлчилгээ эрхэлж буй ажилтны "В" гепатит, балнад, боом, шар чичрэг, урвах тахлын дархлаажуулалтын зардлыг тухайн ажилтныг ажиллуулж  байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь, ийм төрлийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч төлбөрөө  өөрөө  хариуцна.
 
ТАВ. Хяналт, хариуцлага
16. Сангийн хөрөнгөөр худалдан авсан вакцин, биобэлдмэл, зүү, тариурын чанар, хуваарилалт, хадгалалтад Эрүүл мэндийн улсын хяналтын алба болон холбогдох бусад байгууллага хяналт тавина.
17. Сангийн хөрөнгийг энэ дүрэмд зааснаас бусад арга хэмжээнд зарцуулахыг хориглоно.
18. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу энэ журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
----оОо----