A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 67 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ДАРХЛААЖУУЛАЛТЫН САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг  үндэслэл
1.Дархлаажуулалтын сангийн орон тооны бус зөвлөл  /цаашид "зөвлөл" гэнэ/-ийн үйл ажиллагааг энэ дүрмээр зохицуулна.
2.Зөвлөл нь Монгол Улсын дархлаажуулалтын тухай хууль болон дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд дархлаажуулалтыг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдсон удирдамж, зөвлөмж гаргах, халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх, зарим халдварт өвчнийг тууштай бууруулах, устгах зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилах, түүний зарцуулалтад хяналт тавих  үүрэгтэйгээр ажиллана.
3. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулан Эрүүл мэндийн болон Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан тушаалаар батална.
4. Зөвлөлийн хурлыг улирал тутам зохион байгуулна. Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн гаргана. Зөвлөлийн ээлжит бус хурлыг  шаардлагатай үед зарлан хуралдуулж болно.
5. Зөвлөлийн ажлын албаны үүргийг Халдварт өвчин судлалын үндэсний төв гүйцэтгэнэ.
6. Зөвлөл нь  асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх  ба зөвлөлийн хурлаас тогтоол, удирдамж, зөвлөмж гаргана.
7. Зөвлөл нь хурлаараа сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг улирал, хагас, бүтэн жилээр хэлэлцэж,  дүгнэлт өгөх ба сангийн хөрөнгийг хуваарилах болон дархлаажуулалтын бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, зохион байгуулалтын асуудлаар холбогдох шийдвэр  гаргана.
 
Хоёр. Зөвлөлийн эрх, үүрэг
8. Зөвлөл нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/сан бүрдүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулахтай холбогдсон асуудлаар шийдвэр гаргах;
б/жил бүрийн улсын төвлөрсөн төсвөөс Дархлаажуулалтын санд олгох хөрөнгийн талаар эрүүл мэндийн болон санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал, зөвлөмж гаргах;
в/сангийн хөрөнгийн орлого, зарлагын байдалд хяналт тавих, шаардлагатай бол энэ асуудлаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагад санал гаргах;
г/сан бүрдүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон  төрийн бус байгууллагын идэвхтэй оролцоог хангах;
д/сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн  мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
е/сангийн хөрөнгийн  ашиглалт, зарцуулалтад аудитын байгууллагаар шалгалт хийлгэх, дутагдал илэрсэн нөхцөлд зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
ж/сангаас санхүүжүүлэн нийлүүлэх вакцин, биобэлдмэлийн үнэ тарифын талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал оруулах.
9. Зөвлөл нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/сангийн үйл ажиллагааны тайлан, дархлаажуулалтын үр дүнгийн талаархи мэдээлэл, судалгааг  холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоосон хугацаанд гаргуулан авах;
б/сонгон шалгаруулалтаар нийлүүлэхээр төлөвлөгдөж байгаа вакцин, биобэлдмэлийн чанар, үнийн санал, ерөнхий нөхцөлийн талаар холбогдох байгууллагуудад хандсан зөвлөмж гаргах, чиглэл өгөх;
в/сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд  ажлын хэсэг томилон ажиллуулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах талаар чиглэл, үүрэг даалгавар өгөх;
г/сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан байгууллага, иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлаар  холбогдох байгууллагад санал гаргах.
 
----оОо----