- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1999 оны 100 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН ДҮРЭМ
1.Энэ дүрэм нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламжийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
2.Энэ дүрмийн зорилт нь барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангах, хугацаанаас өмнө элэгдэж хуучрахаас хамгаалах, зориулалтаар нь зөв зохистой ашиглах ерөнхий шаардлагыг тогтоох, барилга байгууламжийн техникийн хувийн хэрэг /цаашид "хувийн хэрэг" гэнэ/ хөтлөх, улсын бүртгэлд бүртгэх журмыг тогтооход оршино.
3.Барилга байгууламжийн ангилал, зориулалт болон техник технологийн онцлогоос шалтгаалан ашиглалтад тавигдах нэмэлт шаардлагыг энэхүү дүрэмд нийцүүлж барилгын асуудал эрхэлсэн сайд батална.
4.Барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулах, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр даацын үндсэн бүтээц, зориулалтыг өөрчлөх болон тухайн барилга байгууламж дотор хууль дүрмээр хориглосон байгаль орчин буюу хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5.Барилга байгууламжийг ашиглахдаа Барилгын тухай хууль, энэхүү дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон агаар, ус, хөрсийг бохирдлоос сэргийлэх, хот байгуулалтын шаардлагын дагуу зориулалтаар нь ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн үндсэн үүрэг байна.
6.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан буюу ашиглаж эхэлсэн үеэс эхлэн тэдгээрийн хэвийн ажиллагааг хангах, илэрсэн эвдрэл гэмтлийг тухай бүр нь арилгах арга хэмжээ авах үүрэгтэй.Үүнд:
а/өмчлөгч нь барилга байгууламжийн техникийн баримт бичгийг иж бүрдүүлэн хувийн хэргийг хөтөлж, улсын бүртгэлд бүртгүүлэх;
б/барилгын орчныг хүний эрүүл мэнд, байгаль орчин болон зэргэлдээх барилга байгууламжийн ашиглалт, иргэдийн суурьшил, хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлэхээргүйгээр байлгаж сэргээн тохижуулах ба барилга байгууламжийн гадна өнгө үзэмжийг засаж сайжруулах;
в/барилга байгууламжийг ашиглах явцад түүний ангилал, зориулалтаас хамааруулан 2-5 жил тутамд эрх бүхий мэргэжлийн байгууллагаар ээлжит үзлэг хийлгэж барилгын үндсэн бүтээц, инженерийн шугам сүлжээний чанар, байдалд техникийн дүгнэлт гаргуулан илэрсэн зөрчлийг арилгах талаар шаардлагатай арга хэмжээг авах;
г/барилга байгууламжийн дээвэр, адрын хучилт болон бусад бүтээц дээр цас мөс, хог шороо, тоосонцор, сангас зэрэг хуримтлагдан даац хэтэрч осол гарахаас сэргийлэх;
д/барилга байгууламжийн даацын бүтээцүүдэд зураг төсөлд тусгаснаас илүү ачаа өгөлгүй ашиглах ба тэдгээрт байнгын хяналт тавьж эвдрэл гэмтэл гарсан үед холбогдох арга хэмжээг шуурхай авах;
е/галын аюулгүй байдал болон ариун цэвэр, эрүүл ахуйн дүрмийн шаардлагыг биелүүлж ашиглах;
ж/барилга байгууламжийн гадна тохижилт, зам талбай, барилгын гол болон хажуу, нүүр талын өнгө үзэмжийг өөрчлөхдөө тухайн аймаг, нийслэлийн ерөнхий архитектороос зөвшөөрөл авах;
з/барилга байгууламжид байрлуулах нэмэлт элемент, төхөөрөмж, реклам чимэглэл зэргийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц бүтээцэд эвдрэл гэмтэл, орчин тойронд аюул осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
и/барилга байгууламжийг ашиглахдаа эрчим хүчний алдагдал гаргах, инженерийн шугам сүлжээнд зураг төсөлд тусгаснаас илүү ашиглалтын үеийн хэрэглээний хэт ачаалал өгөхгүй байх;
к/барилгын бүтээцэд ан цав гарвал мэргэжлийн байгууллагад хандаж зохих арга хэмжээ авахуулах;
л/барилга байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл, нуралт үүссэн тохиолдолд барилгын техникийн хяналтын байцаагчид мэдэгдэж холбогдох арга хэмжээг авахуулах;
м/өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь эрх бүхий холбогдох байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр болон харилцан тохиролцохгүйгээр бусад барилга байгууламжийн цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны хангамжийг таслахгүй байх.
7.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг шинээр ашиглалтад оруулсан, өргөтгөл, шинэтгэл, засвар хийсэн тохиолдолд хувийн хэргийг дүрмийн хавсралтад зааснаар хөтөлж баяжуулалт хийж байна.
8.Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх, тэдгээрийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр явуулах бөгөөд үүнтэй холбогдсон зардлыг ашиглагч, өмчлөгч, эзэмшигч нь хариуцна.
9.Барилга байгууламжийн чанар байдалд хэмжилт, судалгаа, тооцоо хийж үнэлэлт, дүгнэлт өгөхдөө барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан аргачлалын дагуу эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.
10.Барилга байгууламжийн бүтээцийн бат бэх байдал, тогтвор, найдвартай ажиллагаанаас хамааруулан дор дурдсан 3 төрлийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно. Үүнд:
а/газар хөдлөлтийн үйлчлэл болон бусад динамик, статик ачаалалд найдвартай ажиллах барилгад ногоон өнгөтэй гэрчилгээ;
б/газар хөдлөлтийн үйлчлэл болон бусад динамик, статик ачаалалд найдвартай ажиллах чадваргүй бөгөөд цаашид бэхэлж сайжруулах боломжтой барилгад шар өнгөтэй гэрчилгээ;
в/газар хөдлөлтийн үйлчлэл болон бусад динамик, статик ачаалалд найдвартай ажиллах чадваргүй бөгөөд цаашид бэхэлж сайжруулах хязгаарлагдмал боломжтой барилгад улаан өнгөтэй гэрчилгээ.
11.Барилга байгууламжийн нүүрэн талын хананд улсын бүртгэлийн гэрчилгээний өнгөтэй, гэрчилгээний дугаартай, 40х40 см-ийн хэмжээтэй самбарыг байрлуулна.
12.Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдсөн тохиолдолд барилгын улсын бүртгэлийн гэрчилгээг солиулна.
13.Барилга байгууламжийн чанар байдлыг тодорхойлсон техникийн дүгнэлтийг үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжээр засвар бэхэлгээний зураг төсөл хийлгэсний үндсэн дээр бэхлүүлж засан дахин дүгнэлт гаргуулж улсын бүртгэлийн гэрчилгээг солиулах шаардлагатай.
14.Барилга байгууламжийг нураах болон ашиглах боломжгүй болсон тохиолдолд тэдгээрийг улсын бүртгэлээс хасуулна.
15.Улсын бүртгэлийн ногоон өнгөтэй гэрчилгээ нь 15 жил, шар өнгөтэй гэрчилгээ нь 8 жил, улаан өнгөтэй гэрчилгээ нь 5 жилийн хугацаатай байна.
16.Барилга байгууламж нь хэд хэдэн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай бол бүртгүүлэх хүсэлтээ тэдгээр нь тус тусдаа гаргах бөгөөд нэгдсэн дүгнэлтийг үндэслэн нэг төрлийн гэрчилгээг олгоно.
17.Өмчлөгч нь барилга, байгууламжийн чанарыг тодорхойлсон техникийн дүгнэлт болон түүнийг үндэслэн тогтоосон хөрөнгийн үнэлгээ хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ тухайн барилга байгууламжийн байрлаж буй аймаг, хотын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргана.
18.Тухайн орон нутгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага энэ дүрмийн 32-т заасан баримт бичгийг хүлээн авч хянан үзээд 1 сарын дотор Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагт хүргүүлнэ. /Засгийн газрын 2002 оны 186 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
19.Энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн гэрчилгээг Барилга техникийн хяналтын асуудал хариуцсан Засгийн газрын агентлаг олгоно..
20.Барилга байгууламжийг ашиглах явцад ноцтой эвдрэл гэмтэл гарах, нуралт үүсэх тохиолдолд зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчдын хэн буруутай нь хариуцлага хүлээнэ.
21.Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчид энэ дүрмийг биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
---оОо---
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХУВИЙН ХЭРГИЙН БҮРДЭЛ
1.Барилга байгууламжийн газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд
2.Инженер геологийн судалгаа, хайгуулын ажлын дүгнэлт
3.Тэг тэнхлэг тавьсан акт
4.Барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл
5.Барилга угсралтын ил далд ажлын гүйцэтгэлийн актууд
6.Барилга байгууламжийг барих буюу ашиглах явцад зохиогч болон барилгын техник, байгаль орчин, эрүүл ахуй, галын зэрэг хяналтын албанаас өгсөн дүгнэлт
7.Барилга байгууламжийг ашиглалтад оруулсан акт
8.Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн ба бусдад ашиглуулахаар тохирсон гэрээ
9.Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл
10.Барих болон ашиглах явцад гаргасан зураг төслийн өөрчлөлт
11.Илэрч байсан согог гэмтэл, зөрчлийн жагсаалт-акт
12.Их ба урсгал засвар хийсэн зураг, төсөв, гүйцэтгэлийн акт
13.Улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон баримт бичиг
14.Барилга байгууламжтай холбогдсон бусад баримт бичиг.
/Засгийн газрын 2002 оны 186 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A