- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДЭЛ /КОРПОРАЦИ/-ИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Засгийн газрын 1998 оны 165 дугаар тогтоолын хавсралт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДЭЛ /КОРПОРАЦИ/-ИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН НЭГДЭЛ /КОРПОРАЦИ/-ИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
1.Энэхүү үлгэрчилсэн дүрмээр Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл /цаашид "нэгдэл" гэх/-ийг байгуулах болон түүний эрх, үүрэг, удирдлага, санхүүжилттэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулна.
2.Нэгдэл нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааг хослон явуулах эрдэм шинжилгээний байгууллага мөн.
3.Нэгдлийг шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулна.
4.Нэгдэл нь үйл ажиллагаандаа Үндсэн хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Технологи дамжуулах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актыг удирдлага болгоно.
5.Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой нэгдэл нь энэхүү үлгэрчилсэн дүрмийг үндэслэн өөрийн үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон дүрмийг боловсруулж удирдах /төлөөлөн удирдах/ зөвлөлөөрөө батлуулан мөрдөнө.
6.Нэгдэл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7.Нэгдлийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоосон журмын дагуу улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгоно.
8.Нэгдлийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэл, бизнес эрхэлдэг нэгж нь улсын татварын албанд бүртгүүлнэ.
9.Нэгдэл нь эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх болон үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд дараахь эрх эдэлнэ:
а/эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлынхаа үр дүнг ашиглах, технологи дамжуулах үйл ажиллагаа явуулах;
б/дотоод, гадаадын болон олон улсын байгууллагатай шинжлэх ухаан, технологийн болон үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд хамтран ажиллах, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, зуучлах;
в/эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд мэдээлэх, сурталчлах, худалдан борлуулах;
г/туршилтын бүтээгдэхүүнээ борлуулсны орлогыг шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зориулалтаар зарцуулах;
д/өөрийн эд хөрөнгийг үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, үндсэн хөрөнгөд хамаарах эд хөрөнгө олж авах;
е/дотоод, гадаадын болон олон улсын шинжлэх ухааны байгууллага, нийгэмлэг, холбоонд гишүүнээр элсэх, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох, удирдлагад сонгогдох;
ж/хууль тогтоомжоор олгосон бусад эрх.
10.Нэгдэл нь дор дурдсан үүрэгтэй байна:
а/холбогдох салбарын шинжлэх ухаан, технологийн бодлогыг тодорхойлоход оролцох, туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
б/эрдэм шинжилгээ, туршилт зохион бүтээх ажлыг шинжлэх ухааны өндөр түвшинд гүйцэтгэх;
в/эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг туршин үйлдвэрлэх арга хэмжээ авах;
г/эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил гүйцэтгэх тухай захиалагчтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл чанаргүй буюу дутуу биелүүлсэн тохиолдолд чанарын зохих түвшинд хүргэх, хохирлыг арилгах ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх буюу олгосон хөрөнгийг нөхөн төлөх;
д/туршилтын бус үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг татварын тухай хууль тогтоомжид нийцүүлэн явуулах;
е/төрийн өмчийн нэгдэл нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тэдгээрийг данснаас хасах, шилжүүлэх, актлах саналаа Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэх.
11.Нэгдэл нь бүрэлдэхүүндээ төв, салбар, лаборатори, туршилт, сорилтын цех болон үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаа явуулах нэгжтэй байж болно.
12.Төрийн өмчийн нэгдэл нь удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлтэй байж болох бөгөөд тэдгээрийг байгуулахдаа дараахь зарчмыг удирдлага болгоно. Үүнд:
а/ удирдах зөвлөлийг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд холбогдох чиглэлийн яамнаас 2, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухааны академиас тус бүр 1 төлөөлөлтэй байх;
б/зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх; /ЗГ-ын 1999 оны 139 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
б/зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх;
в/удирдах зөвлөлийн даргыг Шинжлэх ухааны академи болон холбогдох чиглэлийн яамтай зөвшилцөн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Зөвлөлийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Удирдах зөвлөлийн дарга нь хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, эсхүл огцрох хүсэлтээ гаргасан тохиолдолд түүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож болно. Нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй тохиолдолд дахин нэр дэвшүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх томилох; /ЗГ-ын 1999 оны 139 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
г/Удирдах зөвлөлийн ажиллах үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд гишүүдийн дийлэнх олонхи нь оролцсон тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Удирдах зөвлөлийн хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулах;
д/ дараахь асуудлыг удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэр гаргана:
-нэгдлийн гүйцэтгэх захирлыг сонгох;
-нэгдлийн дүрмийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;
-нэгдлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, жилийн төсвийн хуваарилалтыг батлах;
-нэгдлийн зохион байгуулалтын бүтэц, цалингийн сан, урамшлын журмыг тогтоох;
-нэгдлийн үйл ажиллагааны болон төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх;
-нэгдлийг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах; /ЗГ-ын 1999 оны 139 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
е/эрдмийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд тус зөвлөл нь нэгдлийн судалгаа шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлж, түүний явц, үр дүн болон эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй байх;
ж/эрдмийн зөвлөлийг нэгдлийн гүйцэтгэх захирал даргалах бөгөөд түүний бүрэлдэхүүнийг гүйцэтгэх захирлын саналыг үндэслэн удирдах зөвлөл батлах; /ЗГ-ын 1999 оны 139 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
з/нэгдлийн эрдмийн зөвлөлийн ажиллах хэлбэр нь хуралдаан байна. Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож, хуралдаанаар дор дурдсан асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнгийн чанар, шинжлэх ухааны түвшин;
эрдэм шинжилгээний ажилтны ажлын үр дүн, ур чадварын өсөлт, түвшинг тогтоож, тэдний мэргэжлийг нь дээшлүүлэх, шагнал урамшуулалд тодорхойлох асуудал.
и/нэгдлийн өдөр тутмын ажлыг нэгдлийн гүйцэтгэх захирал удирдах;
к/удирдах зөвлөл гүйцэтгэх 4 жилийн хугацаагаар сонгох бөгөөд хариуцсан ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хугацаанаас нь өмнө түүнийг огцруулах; /ЗГ-ын 1999 оны 139 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
л/захирлыг сонгон шалгаруулахдаа эрдэм шинжилгээний ажлын дадлага, туршлага, эрдмийн зэрэг, цолын байдал, бизнес, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх мэдлэг, чадвар зэрэг шалгуураас гадна түүний харьяалагдах орон нутгийн татвар, цагдаа,шүүхийн байгууллагын тодорхойлолтыг харгалзах; /ЗГ-ын 1999 оны 139 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
м/гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлийн даргатай эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэл, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааны талаар гэрээ байгуулан ажиллах бөгөөд уг гэрээнд захирлын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, урамшуулал, ажлын хариуцлага, эрх, үүргийг тусгана.Энэхүү гэрээг баталгаажуулахын өмнө удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байна. /ЗГ-ын 1999 оны 139 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./
13.Төрийн өмчийн оролцоотой нэгдэл нь төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.
14.Төрийн өмчийн оролцоотой нэгдлийн төлөөлөн удирдах зөвлөлийг үүсгэн байгуулагч нар хууль тогтоомжийн дагуу байгуулна.
15.Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийн өмчийн оролцоотой нэгдлийн удирдлага, дүрмийг батална.
16.Нэгдлийн гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18 зүйлд заасны дагуу санхүүжүүлнэ.
17.Төрийн өмчийн нэгдлийг татан буулгах, өөрчлөн байгуулах шийдвэрийг Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар гаргах бөгөөд татан буулгах тохиолдолд түүний эзэмшилд байсан эд хөрөнгийг худалдан борлуулж, өр авлагыг барагдуулсны эцэст үлдэгдэл мөнгөн хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.
18.Төрийн өмчийн оролцоотой нэгдлийг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үүсгэн байгуулагч нартай хамтран холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
---- оОо ---
/1999 оны 139 дүгээр тогтоолын өөрчлөлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A