A

A

A

Бүлэг: 1979
Засгийн Газрын 2001 оны 86 дугаар тогтоолын хавсралт

"МЯНГАНЫ ЗАМ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1. "Мянганы зам" төсөл /цаашид "төсөл" гэх/-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо" гэх/ нь төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, төсөлд оролцож буй байгууллагуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус байгууллага мөн.
2. Үндэсний хороо нь 17 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд хорооны  дарга, гишүүдийг Засгийн газраас батална.
3. Үндэсний хороо нь хорооны өдөр тутмын ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий  зохицуулагчтай байна. Төслийн зохицуулагчийг Үндэсний хорооны дарга томилно.
4. Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь гишүүдийн хурал байна. Хурлыг Үндэсний хорооны гишүүдийн ердийн олонхи оролцсоноор хүчинтэйд тооцно.
5. Үндэсний хорооноос тогтоол гаргах бөгөөд  асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тогтоолд Үндэсний хорооны дарга гарын үсэг зурна.
6. Үндэсний хорооны ажлын алба нь  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Авто замын газрын бүтцэд байна.
7. Аймаг, нийслэлд уг төслийг хэрэгжүүлэх ажлыг төслийн салбар хороо, суманд товчоо эрхлэн ажиллана. Салбар хороог аймаг, нийслэлийн Засаг дарга 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр, товчоог сумын Засаг дарга 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус байгуулна. Шаардлагатай бол нийслэлийн зарим дүүрэгт  товчоо байгуулан ажиллуулж болно.
 
Хоёр.Үндэсний хорооны эрх, үүрэг
8.Үндэсний хороо дараахь эрхийг эдэлнэ:
1/"Мянганы зам"-ын зориулалтаар төвлөрсөн хөрөнгийг зарцуулах хуваарийг батлах;
2/төслийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдалтай танилцах, төслийг хэрэгжүүлэх ажлын явц, үр дүнд хянан магадалгаа хийлгэх, үнэлгээ, дүгнэлт гаргуулах, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэр гартал санхүүжилтийг түр зогсоох арга хэмжээ авах;
3/төслийн санд хандив өргөсөн, төслийг хэрэгжүүлэхэд тодорхой  хувь нэмэр оруулсан байгууллага, аж ахуйн нэгж,  хувь хүнийг шагнаж урамшуулах;
4/төслийг хэрэгжүүлэх явцад гарсан маргаантай асуудалд мэргэжлийн байгууллага, шинжээчээр дүгнэлт гаргуулах, холбогдох арга хэмжээ авах;
5/төслийн хүрээнд тодорхой асуудлыг хариуцан гүйцэтгэх ажлын хэсэг байгуулах.
9. Үндэсний хороо нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
1/төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон санал боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;
2/төслийн хүрээнд барьж байгуулах зам, замын байгууламж, тэдгээрийн техник, эдийн засгийн үндэслэл, хайгуул, зураг төсөл, барилга угсралт, засвар арчлалтын ажлын дарааллыг тогтоох;
3/аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар зөвлөл, товчооны ажлыг уялдуулан зохицуулах;
4/замын барилга угсралтын ажлын явц, хэрэгжилтэд хяналт тавих;
5/шинэ техник, технологи нэвтрүүлэх, шинэ материал ашиглахад  дэмжлэг туслалцаа үзүүлэх;
6/"Мянганы зам"-ын хөрөнгийг үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих;
7/төслийг хэрэгжүүлэх ажлыг дэмжих хөдөлгөөн өрнүүлэх, олон нийтийг хамарсан ажил зохион байгуулах;
8/төслийг дэд бүтцийн  салбарт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдтэй уялдуулан зохицуулах;
9/төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах хүчний тооцоо, судалгаа гарган бэлтгэх /сургах/, шаардлагатай мэргэжилтнээр хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах арга хэмжээ авах;
10/төслийн ач холбогдол, хэрэгжилт, үр дүнгийн талаар олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохион байгуулах;
11/төслийн хүрээнд гадаадын байгууллага, хамт олон, хүмүүсийг Монгол Улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
12/төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө хуримтлуулах зорилгоор үнэт цаас гаргах саналыг холбогдох эрх бүхий байгууллагаар  шийдвэрлүүлэх.
 
Гурав.Бусад
10. Үндэсний хороо ажлаа Засгийн газрын өмнө хариуцах бөгөөд төслийн үйл ажиллагааны явцын талаар хагас жил тутам  Засгийн газарт танилцуулна.
11. Үндэсний хорооны гишүүд нь өөрийн хариуцсан ажлын талаар улирал бүр Үндэсний хорооны хуралд тайлагнана. Үндэсний хорооны дарга гишүүдийнхээ ажлыг дүгнэнэ.
12. Үндэсний хорооны үйл ажиллагааны болон ажлын хэсгийн зардлыг Үндэсний хорооны дарга Сангийн сайдтай зөвшилцөн баталж,  санхүүжүүлнэ.
13. Үндэсний хороо нь тогтоосон журмаар хийлгэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
 
 
 
 
                                                _______оОо_______