A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 64 дүгээр тогтоолын хавсралт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид Ерөнхий газар гэх) нь иргэний нисэх, түүний дэд бүтцийг хөгжүүлэх талаархи Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
2. Ерөнхий газрын үйл ажиллагааны үндсэн зорилго нь иргэний нисэхийн  болон нислэгийн аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, нислэгийн хөдөлгөөн,  нисэх буудлын үйлчилгээг  удирдлага,  зохион байгуулалтаар хангахад  оршино.
3. Ерөнхий газар нь үйл ажиллагаандаа Иргэний нисэхийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ дүрмийг удирдлага болгоно.
4. Ерөнхий газар нь иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, түүний өмнө ажлаа хариуцна.
5. Ерөнхий газар нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6. Ерөнхий газар нь билэгдэлтэй байх бөгөөд түүний загвар, хэрэглэх журмыг  иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
 
Хоёр.  Ерөнхий газрын бүрэн эрх
7. Ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай хуулиар олгогдсон болон  дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах;
б/иргэний нисэхийн талаархи Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
в/агаарын харилцааны тухай болон иргэний нисэхийн салбарт хамаарах олон улсын гэрээний төслийг Засгийн газраас өгсөн чиг үүргийн дагуу боловсруулах;
г/Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт тус улсын нутаг дэвсгэрт болон хилийн гадна нислэг-техникийн хэрэг тохиолдсон нөхцөлд түүнийг шалгахад оролцох;
д/нислэг-техникийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналт, шалгалт зохион байгуулах;
е/иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
ж/Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын агаарын хөлөгт нислэгийн аюулгүй байдлын шалгалт хийх;
з/Монгол Улсын агаарын зайд агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, холбоо, навигацийн хангалт, нисэх буудлын үйлчилгээг нислэгийн аюулгүй байдлыг хангах түвшинд явуулах;
и/өмчийн бүх хэлбэрийн агаарын тээврийн байгууллагын бүтцэд мэргэжлийн хяналт тавих, шаардлагатай гэж үзвэл бүтцийг өөрчлөх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын удирдах албан тушаалтны талаар санал, дүгнэлт гаргах;
к/улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг гүйцэтгэх, агаарын зайн хяналтыг боловсронгуй болгох талаар Зэвсэгт хүчний ерөнхий штаб болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах;
л/нисэх буудлын болон агаарын навигацийн үйлчилгээний үнэлгээг олон улсад дагаж мөрдөж байгаа жишигт нийцүүлэх, шаардлагатай бусад үйлчилгээний үнэлгээг тогтоох, батлах;
м/иргэний нисэхийн салбарт хөрөнгө оруулах нөхцөл боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулагчийг дэмжих, иргэний нисэхийн салбарын нисэхийн бус нийтлэг үйлчилгээг гэрээт үйлчилгээнд шилжүүлэх зохицуулалтыг хийх;
н/иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тэдгээрийг мэргэжлийн сургалтад хамрагдах боломж олгох.
 
Гурав. Ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалт
8. Ерөнхий газар нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгт нийцсэн, нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавихад чиглэсэн тогтолцоо бүхий бүтэцтэй байна.
9.Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10. Ерөнхий газрын дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/Ерөнхий газрын зорилт, чиг үүргийг ханган биелүүлэх ажлыг хариуцах;
б/Засгийн газар, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон улсын иргэний нисэхийн байгууллагыг тухайн салбарын талаархи мэдээллээр хангах, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас статистикийн болон шаардлагатай бусад мэдээллийг гаргуулж авах;
в/Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шилжүүлсэн эрхийг хэрэгжүүлэх, нислэгийн аюулгүй байдалд хамаарах бүрэн эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтан, томилогдсон байцаагч нарт шилжүүлэн гүйцэтгүүлэх;
г/нислэгийн аюулгүй байдал хариуцсан байцаагчийн баталгаажуулах тусгай тэмдгийн загварыг батлах;
д/Ерөнхий газрыг гадаад, дотоодод төлөөлөх, бусад байгууллагуудтай харьцах;
е/Ерөнхий газрын харьяа байгууллага, албаны бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн санг батлах, удирдлагыг мэргэжлийн чиглэлийн дагуу томилж, чөлөөлөх;
ж/хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах, иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх;
з/батлагдсан төсвийг захиран зарцуулах;
и/шаардлагатай бол дүгнэлт гаргах, магадлан шинжилгээ хийлгэх зэрэг тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор гадаад, дотоодын шинжээч, мэргэжилтэн болон бусад ажилтныг гэрээний үндсэн дээр татан оролцуулах, тэдгээрт цалин, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэх;
к/Монгол Улсын агаарын зайд хууль бусаар нэвтэрсэн агаарын хөлөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд оролцох;
л/хууль тогтоомжоор олгогдсон бусад бүрэн эрх.
11. Ерөнхий газрын бодлогын хэрэгжилт, хамтын ажиллагаа, санхүү хариуцсан бүтцийн нэгж нь дараахь асуудлыг хэрэгжүүлнэ:
а/Ерөнхий газрын төсөв, хөрөнгө, санхүүгийн бүртгэл хөтлөх, тайлан гаргах;
б/Ерөнхий газрын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг зохицуулан зохион байгуулах;
в/иргэний нисэхийн салбарын хөгжлийн стратегийн төлөвлөлтийн талаар санал боловсруулах, бодлогыг хэрэгжүүлэх;
г/иргэний нисэхийн салбарын мэдээллийн сан бий болгож ашиглах;
д/хүний нөөц, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
е/нисэхийн мэргэжлийн давтан сургалт зохион байгуулах.
12. Ерөнхий газрын аюулгүй байдлын хяналт, зохицуулалт хариуцсан бүтцийн нэгж нь дараахь асуудлыг хэрэгжүүлнэ:
а/иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох;
б/агаарын хөлгийг Монгол Улсад бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх зөвшөөрөл олгох;
в/нисэхийн мэргэжлийн ажилтнуудаас шалгалт авах, мэргэжлийн үнэмлэх олгох;
г/агаарын тээврийн байгууллагад гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
д/агаарын навигацид холбогдолтой үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
е/нисэх буудалд гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
ж/нисэхийн аюулгүй байдлыг хангах байгууллагад гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
з/сургалт, засвар үйлчилгээ, ханган нийлүүлэлт эрхлэх байгууллагад гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
и/иргэний нисэхэд дагаж мөрдөх стандарт, заавар, зөвлөмж боловсруулах;
к/нислэгийн аюулгүй байдлын холбогдолтой эрх зүйн актыг сурталчлах, сургалт явуулах.
13. Ерөнхий газрын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ хариуцсан бүтцийн  нэгж нь дараахь асуудлыг хэрэгжүүлнэ:
а/нислэгийн хөдөлгөөний төлөвлөлт, удирдлагын үйлчилгээ;
б/холбоо, агаарын навигацийн үйлчилгээ;
в/аэронавигацийн мэдээллийн үйлчилгээ;
г/эрэн хайх, авран туслах үйлчилгээ;
д/иргэний нисэхийг цаг уурын мэдээгээр хангах үйлчилгээ.
14. Ерөнхий газрын нисэх буудлын үйлчилгээ хариуцсан бүтцийн нэгж нь дараахь асуудлыг хэрэгжүүлнэ:
а/нисэх буудлын ерөнхий төлөвлөлт, үйл ажиллагааны технологийг тодорхойлж боловсронгуй болгох;
б/нисэх буудлын үйл ажиллагаатай холбоотой барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барих, байгуулах, засварлах, ашиглах;
в/олон улсын нисэх буудлын үйлчилгээ;
г/орон нутгийн нисэх буудлын үйлчилгээ;
д/аэродромын болон агаарын хөлгийн газрын үйлчилгээний тоног төхөөрөмж, машин механизмын үйлчилгээ.
15. Ерөнхий газрын даргын дэргэд түүнд зөвлөх үүрэгтэй даргын зөвлөл ажиллана.
16. Ерөнхий газрын үйл ажиллагааны онцлогоос хамаарч нислэгийн аюулгүй байдал, салбарын болон техникийн бодлогын асуудал, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй мэргэжлийн зөвлөлүүдийг байгуулан ажиллуулж болно. Зөвлөлүүдийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий газрын дарга батална.
17. Ерөнхий газрын даргын түр эзгүйд түүнийг аюулгүй байдлын хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга орлоно.
 
Дөрөв. Ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт
18. Ерөнхий газар нь салбарын хөгжлийн дор дурдсан төлөвлөгөөг үндэслэн үйл ажиллагаагаа явуулна:
а/урт хугацааны стратеги төлөвлөгөө (5-10 жил);
б/дунд хугацааны төлөвлөгөө (3-5 жил);
в/үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө.
19. Урт, дунд хугацааны төлөвлөгөөг Ерөнхий газрын хэмжээнд, жилийн төлөвлөгөөг алба, харьяа байгууллагын хэмжээнд боловсруулан хэрэгжүүлнэ.
20. Ерөнхий газрын жил бүрийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулсны үндсэн дээр иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21. Ерөнхий газар нь жилийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж нийтэд танилцуулна.
 
                                           
 
-----оОо-----