- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 1997 оны 91 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Энэ дүрэм нь Монгол Улсад шинжлэх ухаан, тэргүүний технологийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны төв байгууллага болох Монгол Улсын Шинжлэх ухааны академи /цаашид "Академи" гэнэ/-ийн үйл ажиллагааг зохицуулна.
2.Академи нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн баримт бичгүүдийг мөрдлөг болгоно.
3.Академи нь өөрийн орны нэрд гарсан эрдэмтдээс шинжлэх ухааны салбарыг төлөөлүүлэн сонгосон гишүүд /академичид/-ээс бүрдэнэ.
4.Академийн удирдах дээд байгууллага нь Академийн бүх гишүүдийн чуулган /цаашид "Их чуулган" гэнэ/ бөгөөд түүний чөлөөт цагт Академийн өдөр тутмын үйл ажиллагааг Академийн тэргүүлэгчид удирдана.
ХОЁР.Академийн үүрэг, эрх
5.Академи нь хуульд зааснаас гадна дор дурдсан үүрэг, эрхтэй байна:
а/шинжлэх ухаан, тэргүүний технологийн судалгаа явуулах, түүнийг хөгжүүлэх;
б/шинжлэх ухааны суурь судалгаа хийх ажлыг зохион байгуулах, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд хийж байгаа улсын захиалгат судалгаа, шинжилгээний ажилд оролцох;
в/хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ Засгийн газартай гэрээ байгуулан ажиллах;
г/үйл ажиллагааныхаа тайланг жил тутам Улсын Их Хурлын холбогдох байнгын хороонд танилцуулж, Засгийн газарт тайлагнаж байх;
д/үйл ажиллагааныхаа хүрээнд онолын судалгааны болон захиалгат төслүүдийг гүйцэтгэх;
е/эрдэм шинжилгээний ном, бүтээл хэвлэх, "Шинжлэх ухааны академийн мэдээ" сэтгүүл гаргах;
ж/шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэд, багш, мэргэжилтнүүдээс бүрдсэн орон тооны бус зөвлөл, комиссыг байгуулж ажиллуулах;
з/эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөн зохион байгуулах, эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах;
и/байгаль орчин, түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалахад идэвхтэй оролцож дэмжлэг үзүүлэх.
ГУРАВ.Академийн зохион байгуулалт, удирдлага
I.Академийн гишүүд
6.Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, эрдэм судлалын ажлын үр дүнгээрээ өөрийн орны болон олон улсын түвшинд үнэлэгдсэн, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд ажиллаж байгаа эрдмийн зэрэгтэй Монгол Улсын иргэнийг академийн гишүүн /академич/-ээр сонгоно.
7.Дэлхийн болон монголын шинжлэх ухааны хөгжилд гарамгай хувь нэмэр оруулсан гадаад орны нэрт эрдэмтдийг академийн гадаад гишүүнээр сонгоно.
8.Академийн гишүүнийг нууцаар, гадаад гишүүнийг илээр Академийн Их чуулганд оролцсон гишүүдийн дөрөвний гурвын саналаар сонгоно. Сонгуулийг 2 жилд нэг удаа хийнэ.
9.Засгийн газраас тогтоосон тоонд багтаан шинжлэх ухааны салбарыг төлөөлүүлэн академийн гишүүдийг сонгоно. Академийн Тэргүүлэгчид гишүүдийг сонгох тухай сонгууль болохоос 2 сарын өмнө нийтэд зарлана.
10.Академийн гишүүд дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/эрдэм шинжилгээний ажлынхаа талаар Академийн Тэргүүлэгчдэд тайлагнах;
б/шинжлэх ухаан, технологийн судалгааны төслийг дэвшүүлж, удирдан хэрэгжүүлэх, үр дүнг биечлэн хариуцах;
в/эрдмийн зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх, их, дээд сургуулийн сургалтад оролцох, шавь сургууль байгуулан ажиллуулах, удирдах;
г/мэргэжлийнхээ дагуу шинжлэх ухаан, технологийн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлохтой холбогдсон санал, дүгнэлт гаргах, онолын нэгтгэн дүгнэсэн бүтээл туурвих;
д/шинжлэх ухаан, технологийн судалгааны хөтөлбөр, төсөлд мэргэжлийн дагуу үнэлгээ өгөх, хянан магадалгаа хийх.
11.Академийн гишүүд дараахь эрх эдэлнэ:
а/академийн удирдах байгууллагад сонгох, сонгогдох;
б/академийн их, бага чуулган, харьяа төрөлжсөн академийн хуралдаанд таслах эрхтэй, өөрийн мэргэжилд хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн бус бол түүнд зөвлөх эрхтэй оролцох; (Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
в/эрдэм шинжилгээний бүтээл туурвилаа хэвлүүлэхэд академиас дэмжлэг, туслалцаа авах.
П.Академийн Их чуулган
12.Академийн Их чуулган жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Академийн гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар ээлжит бус Их чуулган хуралдуулж болно.
13.Их чуулганаар "Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 5 дугаар зүйлийн З дахь хэсэгт зааснаас гадна дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана:
а/улсын захиалгат судалгаа, шинжилгээний ажлын хөтөлбөр төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
б/академийн Тэргүүлэгчид, дэд ерөнхийлөгчийн тоог тогтоох;
в/академийн гишүүдийг сонгох;
г/академийн Тэргүүлэгчид, харьяа хүрээлэн, төв, бусад байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх;
д/академийн үйл ажиллагааны жилийн тайланг хэлэлцэх;
е/бага чуулган, харьяа төрөлжсөн академиас оруулсан асуудал.(Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
14.Бага чуулганы гишүүд нь Академийн Их чуулганд зөвлөх эрхтэй оролцоно.
15.Их чуулган хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргана.
Ш.Академийн Бага чуулган, харьяа төрөлжсөн академи (Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
16.Академи нь шинжлэх ухааны салбараар зохион байгуулагдсан Бага чуулган, харьяа төрөлжсөн академитай байж болно. (Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)
17.Шинжлэх ухааны Академийн Тэргүүлэгч гишүүд, тухайн салбарын академийн гишүүдээс бүрдсэн зөвлөлөөр нууц санал хураалтаар Бага чуулганы гишүүдийг сонгоно.Бага чуулганд академийн гишүүд таслах эрхтэй оролцоно.Бага чуулганы даргыг тухайн салбарыг төлөөлсөн академийн гишүүн нэр дэвшүүлж, Бага чуулганы гишүүд нууц санал хураалтаар сонгоно.
18.Бага чуулган, харьяа төрөлжсөн академи улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Бага чуулган, харьяа төрөлжсөн академийн хуралдаанаар "Шинжлэх ухааны Академийн эрх зүйн байдлын тухай" хуульд заасан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.(Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
19.Бага чуулган, харьяа төрөлжсөн академийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар зөвлөмж гаргана. (Засгийн газрын 2020 оны 135 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1Ү.Академийн Тэргүүлэгчид
20.Академийн Тэргүүлэгчид Их чуулганы чөлөөт цагт түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.
21.Академийн Тэргүүлэгчид нь Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, Тэргүүлэгч гишүүдээс бүрдэнэ. Академийн Тэргүүлэгчид ажлын албатай байна.Түүний бүтэц, орон тоог Засгийн газар батална. Академийн гишүүнд Шинжлэх ухааны академи, Сангийн яамны хамтран баталсан журмын дагуу цагийн хөлс олгоно.
22.Академийн Тэргүүлэгчид дараахь үйл ажиллагааг эрхэлнэ:
а/Академийн Их чуулганыг зарлан хуралдуулах;
б/Их чуулганаар хэлэлцэх асуудлыг боловсруулж, шийдвэрийг хэрэгжүүлэх;
в/Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, бусад байгууллагыг байгуулах, татан буулгах, тэдгээрийн дүрмийг батлан үйл ажиллагааг зохицуулах;
г/эрдэм шинжилгээний олон улсын болон үндэсний чанартай их, бага хурал, симпозиум, зөвлөлгөөн зохион байгуулах;
д/эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын холбоог бэхжүүлэх талаар санал боловсруулах;
е/гадаад орны болон олон улсын шинжлэх ухааны байгууллагатай харилцаа холбоо тогтоож, хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлэлцээр байгуулж ажиллах;
ж/Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах;
з/эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг сонгон шалгаруулж, нэрэмжит шагналыг олгох;
и/эрдэмтэд, аижллагсдыг шагнал, урамшилд тодорхойлох;
к/Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвөөс гүйцэтгэж байгаа улсын захиалгат төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт шалгалт хийх;
л/Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах.
Ү.Академийн ерөнхийлөгч
23.Академийн ерөнхийлөгч Академийн үйл ажиллагааг удирдана.
24.Академийн ерөнхийлөгчид эрдэм судлалын ажил хийж байгаа академийн гишүүнийг буюу докторын зэрэгтэй эрдэмтнийг нэр дэвшүүлж Их чуулганаас 4 жилийн хугацаагаар сонгоно.Академийн ерөнхийлөгч улиран сонгогдож болно.
25.Академийн ерөнхийлөгч Ерөнхий сайдын батламжилсан өдрөөс эхлэн үүрэгт ажлаа гүйцэтгэнэ.
26.Академийн ерөнхийлөгч үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөлд сонгуульт хугацаа дуусахаас өмнө Их чуулганы гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар огцруулж болно.
27.Академийн ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.
28.Академийн ерөнхийлөгч ажлаа Их чуулганд тайлагнана.
Ү1.Академийн харьяа байгууллага
29.Академи харьяандаа чиг үүрэг, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухаан, технологийн судалгаа шинжилгээний ажил эрхлэх эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, лаборатори, бусад нэгж, байгууллагатай байж болно.
30.Академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн захирал, бусад байгууллагын удирдлагыг Академийн ерөнхийлөгч томилно.
----оОо----
Текст томруулах
A
A
A