- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 1997 оны 90 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
1.Энэ дүрмээр Шинжлэх ухаан, технологийн орон тооны бус үндэсний зөвлөл /цаашид "үндэсний зөвлөл" гэнэ/-ийн зохион байгуулалт, ажиллах журмыг зохицуулна.
2.Үндэсний зөвлөл нь улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах төрийн бодлогын үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргана.
3.Үндэсний зөвлөл нь зохих журмын дагуу хийсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
Хоёр.Үндэсний зөвлөлийн зохион байгуулалт
4.Үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байна.
5.Үндэсний зөвлөлийн орлогч дарга нь Гэгээрлийн сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монгол улсын үндэсний их сургуулийн захирал нар байна. Гэгээрлийн сайд нь зөвлөлийн даргыг эзгүйд түүний үүргийг орлон гүйцэтгэнэ.
6.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилно. Зөвлөлийн бүрэлдэхүүнд яамдын зохих албан тушаалтан, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтдийн төлөөлөгч орно.
7.Үндэсний зөвлөлийн ажлын алба нь Гэгээрлийн яамны шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн нэгж байна.
8.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ.
Гурав. Ажиллах журам
9.Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг удирдлага болгоно.
10.Үндэсний зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь зөвлөлийн гишүүдийн хурал байна. Үндэсний зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд шаардлагатай үед зөвлөлийн дарга хурлыг зарлан хуралдуулж болно.
11.Үндэсний зөвлөлийн хурлыг зөвлөлийн дарга удирдана.
12.Үндэсний зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр нь хуралд оролцсон тохиолдолд түүнийг хүчинтэйд тооцно.
13.Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэх баримт бичгийг танилцуулга, тооцоо, судалгаа болон шаардлагатай бусад материалын хамт хурал эхлэхээс ажлын 5 өдрийн өмнө гишүүдэд тараана. Хэлэлцэх асуудлаар албан ёсны шинжээч, ажлын хэсэг томилон ажиллуулж болно.
14.Үндэсний зөвлөлийн хурлаар асуудлыг хэлэлцэхэд холбогдох эрдэмтэд, мэргэжилтнийг оролцуулж, тэдний санал дүгнэлтийг сонсож болно.
15.Үндэсний зөвлөл нь ажлаа Засгийн газарт тайлагнана.
16.Үндэсний зөвлөлийн хурлын дэгийг Гэгээрлийн сайд, зөвлөлийн орлогч дарга батлан мөрдүүлнэ.
17.Үндэсний зөвлөл дараахь үйл ажиллагааг явуулна:
а/шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлого, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
б/шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх үндэслэлийг боловсруулах;
в/эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохицуулах;
г/шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг батлах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг хуваарилах чиглэл тогтоох зөвлөмж гаргах;
д/яамдаас шинжлэх ухаан, технологийн төслийн захиалга авах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
е/шинжлэх ухаан, технологийн бодлого зохицуулалтын холбогдолтой нийтлэг дүрэм, журмыг батлуулахаар Засгийн газарт оруулах;
ж/яамдын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
з/эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц, удирдлагыг өөрчлөх талаар санал гаргах;
и/шинжлэх ухаан, технологийн нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх санал гаргах.
----оОо----
Текст томруулах
A
A
A