A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ТӨМӨР ЗАМЫН  БАЙГУУЛЛАГЫН  ЦЭРЭГЖҮҮЛСЭН ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн Хамгаалалтын алба  /цаашид "Хамгаалалтын алба" гэх/-ны зорилт нь төмөр замын обьект, тээвэрлэж  байгаа ачаа, тээшийг гэмт халдлагаас хамгаалах, төмөр замын байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулж, хяналт тавих, гал түймэртэй тэмцэх үндсэн болон төмөр замын эзэмшил газар, өртөө, буудал, обьектод хэв журам сахиулахад туслах үүрэг гүйцэтгэхэд оршино.
2.Хамгаалалтын алба нь үйл ажиллагаандаа "Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай" хууль болон бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, холбогдох эрх зүйн акт, энэхүү дүрмийг удирдлага болгоно.
 
Хоёр.хамгаалалтын албаны ажлын үндсэн чиглэл, зохион байгуулалт
 
3.Хамгаалалтын алба нь төмөр замын байгууллагын даргын удирдлагын дор үйл ажиллагаагаа бие даан хариуцан явуулна.
4.Хамгаалалтын алба нь төмөр замын обьект, эзэмшлийн газарт өмч хөрөнгө, иргэдийн амь насыг гал түймрийн аюулаас хамгаалах болон түүнээс урьдчилан сэргийлэх, гал түймэртэй тэмцэх, төмөр замын обьектод байнгын хяналт тавьж, тээвэрлэж байгаа  ачааны  бүрэн бүтэн байдлыг хангаж, гэмт халдлагаас сэргийлэх, гэрээний дагуу бусад байгууллагад галын аюултай тэмцэх болон харуул, хамгаалалтын ажлыг зохион байгуулах, энэ талаар мэдээлэл, арга зүйн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ өөрийн харьяа анги, салбаруудыг мэргэжлийн  шуурхай удирдлагаар хангаж ажиллана.
5.Хамгаалалтын алба нь гал унтраах техник, хүч хэрэгслээр хангагдсан байна.
6.Онцгой хамгаалалтын болон ердийн хамгаалалттай тээвэрлэх ачаа, харуул хамгаалалт болон гал түймэртэй  тэмцэх ажил, үйлчилгээг хамгаалалтын алба нь төлбөртэйгээр гүйцэтгэх бөгөөд ажил, үйлчилгээний хөлсний тарифыг төмөр замын байгууллагын дарга батална.
7.Төмөр зам дайран өнгөрдөг нутаг дэвсгэрийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж нь хамгаалалтын алба, түүний харьяа анги, салбаруудаас эрх хэмжээнийхээ дагуу тавьсан шаардлага, санал, хүсэлтийг биелүүлэх, байгалийн гамшиг, гологдол, осол, сүйрлийн хор уршгийг арилгах, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж байх үүрэгтэй
8. Хамгаалалтын албаны даргыг төмөр замын байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
9.Хамгаалалтын алба нь анги салбаруудтай байна.
10.Хамгаалалтын албаны гал, харуул, хамгаалалтын албаны ажилтан нь цэргийн алба хаасан байвал золхино.
Хамгаалалтын албаны ажилтан нь Монгол Улсын иргэн байх бөгөөд тамар замын байгууллагын даргын баталсан журмын дагуу тэдгээрийг элсүүлэн авна.
11.Хамгаалалтын албаны ажилтнууд тангараг өргөнө.
            12.Хамгаалалтын албаны ажилтан нь батлагдсан дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэнэ.Дүрэмт хаувцасны эдэлгээний хугацааг төмөр замын байгууллага тогтооно.
            13.Хамгаалалтын алба нь тогтоосон журмаар хийсэн тэмдэг, хэвлэмэл  хуудас хэрэглэнэ.
            14.Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн төмөр замын ажилтны нийгмийн баталгааны талаархи бүх заалт  цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтнуудад нэгэн адил хамаарагдана.
 
Гурав.Хамгаалалтын албаны эрх хэмжээ
15.Хамгаалалтын алба дор дурдсан  эрх,  үүргийг хэрэгжүүлнэ:
а/ галын аюулаас урьдчилан сэргийлж, түүнд хяналт тавих, гал түймэртэй тэмцэх, хэрэг бүртгэх, гал түймрээс учирсан хохирлыг тогтоох, обьект, ачаа хамгаалах зэрэг үйл ажиллагаандаа гал түймэртэй тэмцэх алба болон төмөр замын байгууллагаас тогтоосон дүрэм, журам, заавар зэргийг мөрдлөг болгон ажиллах;
б/улсын гал унтраах анги, салбар байхгүй Замын-үүд, Зүүнхараа, Салхит зэрэг суурин газар, зангилаадын төвд гарсан гал түймрийг унтраах ажлыг тухайн орон нутгийн засаг, захиргааны байгууллага, аж  ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх;
в/ төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод журмыг хамгаалалтын албаны даргын тушаалаар батлах;
г/ галын аюулаас урьдчилан сэргийлэх  ажлыг зохион байгуулах, гарсан гал түймрийг цаг алдалгүй богино хугацаанд унтраах, гал унтраах техник хэрэгсэл, вагон зэргийг байнгын хэвийн ажиллагаанд байлгаж   галын ажилтнуудыг байнгын бэлэн байдалд байлгах;
д/ гал түймэр унтраах ажиллагаанд оролцох ажилтан бүрийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах;
е/ төмөр замын байгууллага, салбар нэгжийн ажилтнуудад  галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох мэдлэгийг эзэмшүүлэх арга хэмжээг авах;
ж/ төмөр замын эзэмшил газарт шинээр баригдах обьект, барилга, байгууламжийн газар сонголт, зураг төсөл зохиох, ашиглалтад хүлээн авах ажиллагаанд  оролцож галын аюулгүй  байдлын талаар хяналт тавьж  дүгнэлт гаргах;
з/ хууль тогтоомжоор олгосон бусад эрх.
16. Хамгаалалтын албаны ажилтан нь ажил үүрэг гүйцэтгэхээр хүлээж авсан зэвсэг, тусгай хэрэгслийг алдаж үрэгдүүлсэн, зориулалтын бусаар ашигласан, бусдад шилжүүлж ашиглуулсан,үндэслэлгүй тохиолдолд галт зэвсэг хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль тогтоомжид заасны дагуу уг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална.
17. Гал түймэр унтраах үйл ажиллагаанд оролцож байгаа хүн хүч, техник хэрэгсэл нь зөвхөн тухайн гал түймрийг унтраах ажлын удирдагчид захирагдах  бөгөөд түүний шийдвэрийг өөрчлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
   
Дөрөв. Хамгаалалтын албаны  ажилтны эрх, үүрэг
18.Хамгаалалтын албаны ажилтан нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
а/төмөр замын тээврийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг тасалдуулж болзошгүй аливаа нэгэн үйлдлийг цаг тухайд нь илрүүлж таслан зогсоох арга хэмжээг авч гологдол, осол, сүйрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ачаа, тээшинд үзлэг хийх, зөрчил гаргагчдын нэр, хаягийг тодруулах,бичиг баримтыг үзэж шалгах, түр саатуулж  цагдаагийн байгууллага буюу холбогдох газарт хүргэх, мэдээлэх;
б/ байгалийн гамшиг, гэнэтийн аюул, гал түймэр, хүн малын гоц халдварт өвчин, үйлдвэрлэлийн бүлэг осол, төмөр замын гологдол, осол, сүйрэл гарсан үед аврах үйл ажиллагаа болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох, гэм буруутай этгээдийг түр саатуулж, цагдаагийн байгууллага буюу холбогдох газар нь шилжүүлэн өгөх буюу мэдээлэх;
в/ харуул, хамгаалалтын ажилтан нь төмөр замын тээвэрт хүлээн авсан ачаа, тээш, төмөр замын байгууламж, хөдлөх бүрэлдэхүүний эд ангийн бүрэн бүтэн байдалд халдсан аливаа үйлдлийг таслан зогсоох;
г/ илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
д/ гал унтраах техник хэрэгслийн үзлэг хийх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил, дутагдал, учирсан хор уршгийг арилгуулахтай холбогдсон асуудлаар хяналт явуулах зорилгоор төмөр замын эзэмшлийн газарт оршиж буй байгууллага, аж ахуйн нэгжийн барилга байгууламж, обьект болон иргэдийн гэр, орон сууцанд шаардлагатай тохиолдолд нэвтрэн орох;
е/ гал түймрийн аюул гарч болзошгүй нөхцөлд  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн үндсэн хөрөнгө буюу тоног төхөөрөмж, техник хэрэгсэл  ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоох;
ж/ төмөр замын тээвэрт  гологдол, осол, сүйрэл, гал түймэр гарч болзошгүй тохиолдолд зөрчил гаргасан байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хэсэгчлэн буюу бүрэн зогсоох, холбогдох газарт асуудал тавьж  шийдвэрлүүлэх;
з/ харуул, хамгаалалтын ажилтан албан үүргээ гүйцэтгэж  явах үедээ  галт зэвсэг, тусгай хэрэгсэл биедээ авч явах;
и/ хамгаалалтын албаны ажилтан галт зэвсэг, тусгай хэрэгслийг холбогдох хууль тогтоомж болон Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөн цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэглэх;
к/ байцаагч нар нь холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төмөр замын байгууллагын даргын шийдвэр, ачаа хамгаалах журам болон галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар, гал түймэртэй тэмцэх албаны  гал түймрийн хяналтын дүрэм болон гал унтраах дүрмийн биелэлтэд хяналт тавих;
л/ галын байцаагч нар нь хууль тогтоомжид заасны дагуу хэрэг бүртгэлт хийж, шаардлагатай тохиолдолд  материалыг хуулийн буюу холбогдох  байгууллагад  шилжүүлэх;
м/ байцаагч нь хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
н/ төмөр замын байгууллага, салбар нэгж, эзэмшлийн болон зурвас газарт төмөр замын аюултай бүсэд ажил үүргээ гүйцэтгэхээр ажилтны эрхийн үнэмлэхээр нэвтрэн орох, хэв журам сахиулах;
о/ хамгаалалтын албаны харуул, хамгаалалт, галын ажилтнууд нь албан үүргээ  гүйцэтгэх үедээ төмөр замын байгууллагын даргын баталсан журмын дагуу төмөр замын байгууллагын тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих.
 
Тав.Хариуцлага
19.Хамгаалалтын албаны ажилтан нь хамгаалалтад байгаа  обьект, ачаа, эд хөрөнгийг хамгаалж,  тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс  байгууллага, иргэдэд хохирол учруулсан тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
--------OOOOO---------