- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДИПЛОМАТ АЖИЛТНЫ САХИЛГЫН ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 124 дүгээр тогтоолын хавсралт
ДИПЛОМАТ АЖИЛТНЫ САХИЛГЫН ДҮРЭМ
ДИПЛОМАТ АЖИЛТНЫ САХИЛГЫН ДҮРЭМ
1. Дипломат ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай, Дипломат албаны тухай хууль болон энэхүү дүрмийг баримтална.
2. Дипломат ажилтан нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг үйл ажиллагаандаа удирдлага болгон мөрдөхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, Дипломат албаны тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргээс гадна дараахь шаардлагыг сахин биелүүлнэ:
1/Дипломат ажилтны алдар хүнд, нэр төрийг өндөрт өргөн, өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс эх орныхоо эрх ашгийг дээдлэн төр, засгийн албан ёсны байр суурьт нийцсэн үйл ажиллагаа явуулах;
2/Улс төрийн талаар төвийг сахиж, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрхээ эдлэхдээ албан тушаалдаа хүндэтгэлтэй хандан төрийн албан хаагчийн ёс зүйд харш үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх;
3/Албан үүргээ биелүүлэхдээ хувийн эрх ашгийг улсын болон албан ажлын эрх ашгаас дээгүүр тавихгүй, амин хувийн эрх ашигтаа хөтлөгдөхгүй, хууль бус болон санхүүгийн ашиг сонирхлын нөлөө, авилгалд автахгүй байх;
4/Албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, аливаа этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх байдалд өөрийгөө оруулж болзошгүй бэлэг, шагнал, урамшуулал авахыг цээрлэх;
5/Үндсэн ажил, албан үүргээсээ гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг гүйцэтгэхгүй байх;
6/Захирах, захирагдах ёсыг чанд сахих;
7/Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан, тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг тал, үр дагаврыг хэлж анхааруулж байх;
8/Улсын нууцыг хадгалах, албан ёсны аливаа мэдээлэл болон албан үүрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсвэл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалж, албан ёсны мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
9/Ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдуулах, байгууллагаас явуулж буй бодлогыг гуйвуулахыг цээрлэх;
10/Иргэд, байгууллагад үйлчилгээ үзүүлэхдээ танил тал харахгүй, тэднийг ялгаварлахгүй хандан холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, хүнд суртал гаргах, чирэгдүүлэхийг цээрлэх, төр, олон түмний холбоог бэхжүүлж ажиллах;
11/Байгууллагын эд хөрөнгө, албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахыг цээрлэх;
12/Хүлээн авалт болон албан ёсны бусад арга хэмжээнд оролцох үедээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхийг цээрлэх;
13/Хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах томилолтын хугацаа нь дууссан дипломат ажилтнууд дуудсан хугацаанд эх орондоо бүрмөсөн буцан ирж ажлаа тайлагнаж байх.
З. Удирдах албан тушаал хашиж буй дипломат ажилтны үйл ажиллагаанд дараахь зүйлүүдийг хориглоно. Үүнд:
1/Монгол Улс, гадаад орнуудын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт, Гадаад хэргийн яамны эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний зардлаар эх орондоо болон гадаадад зорчих;
2/Гадаадад томилолтоор ажиллахдаа Монгол Улсын төрийн байгууламж болон төрийн өндөр албан тушаалтнуудын эсрэг агуулга бүхий үг хэлэх, ярилцлага өгөх, ийм утгатай материалыг хэвлэлд өгөх, бусдаас уг үйл ажиллагааг явуулахыг шаардах;
3/Нийтэд тараах болон мэдээлэх ёсгүй нууц мэдээллийг ашиглан хувийн зорилгоор гэрээ, хэлцэл хийх, бусад хэлбэрээр ашиглах;
4/Тогтоосон хэмжээ, журмаас гадуур бэлэг дурсгалын зүйлс авах, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж, иргэн, улс төрийн нам болон төрийн бус байгууллагаас аливаа өргөмжлөл, шагнал авах;
5/Албан тушаалын байдлаа ашиглан удирдлагадаа ажилладаг эсхүл үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг ажилтнаар албан үүрэгтэй нь холбоогүй ажил үүрэг гүйцэтгүүлэх, хууль бус шаардлага тавих, өөртөө буюу бусдад ашиг хонжоо олгох үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр шахалт үзүүлэх.
4. Төрийн албаны тухай хуулийн 15, Дипломат албаны тухай хуулийн 11 дүгээр зүйл, энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн дипломат ажилтны үйлдэл, эс үйлдэл нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Дипломат ажилтны гаргасан сахилгын зөрчил нь зохих журмын дагуу шалгагдаж, нотлогдсон байвал зохино.
5. Сахилгын зөрчил гаргасан дипломат ажилтанд энэ дүрмийн 4-т заасан үндэслэлээр дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Үүнд:
а/сануулах;
б/албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
в/Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж буй дипломат ажилтныг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах;
г/дипломат албанаас халах.
6. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
7. Дипломат ажилтанд ногдуулах сахилгын шийтгэл нь түүний гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байвал зохино. Шаардлагатай тохиолдолд дипломат ажилтны гаргасан сахилгын зөрчлийг Гадаад хэргийн яам, Дипломат төлөөлөгчийн газраас тусгай комисс томилон шалгаж болно.
8. Дипломат ажилтан түүнд сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
9. Дипломат ажилтан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй ногдуулсан, эсхүл ногдуулсан шийтгэл гаргасан зөрчилд нь тохироогүй гэж үзвэл Гадаад хэргийн яамны дэргэдэх Төрийн захиргааны албаны салбар зөвлөлд гомдол гаргаж болно. Гомдлыг салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.
10. Яамны Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн удирдлага, Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар энэхүү дүрэм, байгууллагын дотоод дэг журмыг чанд биелүүлэхийг бусад дипломат ажилтнуудаас шаардах, түүнийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавьж хангуулах үүрэгтэй.
11. Яамны нэгжийн удирдлага, Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нар ажилдаа хариуцлагагүй хандаж сахилгын зөрчил гаргасан хүмүүст сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй.
12. Дипломат ажилтнууд гаргасан зөрчлийнхөө талаар тайлбар гаргах эрхтэй.
13. Хариуцсан нэгжийнхээ дотор сахилга, дэг журам хангах талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, сахилгын зөрчлийг нуун дарагдуулсан удирдах албан тушаалтанд энэ дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
14. Сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэн Төрийн захиргааны удирдлагын газар тухайн ажилтны хувийн хэрэгт нь тэмдэглэл хийнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A