- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1999 оны 209 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДҮРЭМ
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДҮРЭМ
1.Гал түймэртэй тэмцэх газрын зорилго нь Галын аюулгүй байдлын болон Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гал түймэртэй тэмцэх улсын нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд оршино.
2.Гал түймэртэй тэмцэх газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
3.Гал түймэртэй тэмцэх газар нь аймаг, нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс, албыг байгуулж, үйл ажиллагааг нь мэргэжил, арга зүй, хяналт шалгалт, зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах мэргэжсэн төв байгууллага бөгөөд Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллана.
4.Гал түймэртэй тэмцэх газрын удирдлагын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн жишгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.Гал түймэртэй тэмцэх газар нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6.Гал түймэртэй тэмцэх газар нь захиргаа удирдлагын, гал түймэр унтраах, шинжилгээ судалгааны болон бусад нэгжтэй байна. Гал түймэр унтраах алба нь хот суурин болон ой, хээрийн гэсэн дэд нэгжтэй байж болно.
7.Гал түймэртэй тэмцэх газрын дарга /"цаашид газрын дарга" гэнэ/ нь гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагч байх бөгөөд түүнийг "Галын аюулгүй байдлын тухай" хуулийн 4.6 дахь хэсэгт заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.
8.Гал түймэртэй тэмцэх газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд даргад зөвлөх эрхтэй газрын даргын зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг газрын даргын тушаалаар батална.
9.Газрын дарга нь аймаг, нийслэлийн хэлтэс, албаны даргыг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр, гал түймэртэй тэмцэх байгууллагын бусад офицер, албан хаагчдыг шууд томилж, чөлөөлнө.
10.Газрын дарга хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж биелэлтийг хангуулна.
11. Гал түймэртэй тэмцэх газар нь дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ:
а/Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;
б/гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар аймаг, нийслэлийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс, албадыг мэргэжлийн нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, чиглүүлэх;
в/гал түймрийн улсын хяналтыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж биелэлтэд хяналт тавих;
г/гал түймэртэй тэмцэх газар, хэлтэс, албадын хоорондын ажлын уялдааг зохицуулан хэтийн хөгжлийн төлөвийг тодорхойлох, байршлыг холбогдох байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран боловсруулж хэрэгжүүлэх;
д/гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмж, зэвсэглэмж, сэлбэг хэрэгслийг гадаад, дотоод зах зээлээс захиалж, хангалт хийх;
е/гал түймэртэй тэмцэх байгууллагын бие бүрэлдэхүүнийг дүрэмт болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангах;
ж/гал түймэртэй тэмцэх байгууллагад ажиллах мэргэжлийн офицер боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
з/гал түймрийн судалгаа, тоо бүртгэлийг хөтөлж гал түймрийн үүсэлт, шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэсэн цогцолбор арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;
и/мэдээллийн хэрэгслийг ашиглаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга, галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаар тайлбарлан таниулж сурталчлах;
к/барилга байгууламжийн хийц, бүтээц, материалын гал тэсвэршилтийг судлах, барилга объектыг ашиглалтад авах зөвлөл, комиссын бүрэлдэхүүнд оролцож бүрэн эрхийнхээ асуудлаар санал дүгнэлт гаргах;
л/гал түймэртэй тэмцэх байгууллагын хэмжээнд улсын төвлөрсөн төсвөөр барих барилга байгууламжийг бариулах, ашиглалтад хүлээн авах;
м/гал түймэртэй тэмцэх байгууллагын үйл ажиллагаатай холбогдуулан байгууллага, иргэдээс гаргасан санал, өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэх;
н/галын аюулгүйн дүрэм, техникийн норматив, стандартын төсөл боловсруулж холбогдох байгууллагатай хамтран батлах, гал түймэртэй тэмцэх талаар мэргэжлийн зөвлөмж, санамж, товхимол гаргах;
о/галын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эрхлэх.
12. Гал түймэртэй тэмцэх газар нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/гал унтраах анги, салбар, хэсгийг байгуулах, зэрэглэл, орон тоо, нормативыг өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
б/Галын аюулгүй байдлын болон Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль тогтоомж, шийдвэрийн биелэлтийг шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
в/байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан, иргэдэд галын хэргийн анхан шатны мэдлэг олгох, гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хийх;
г/гал түймэртэй тэмцэх асуудлаар олон улсын болон гадаад улсын адил мэргэжлийн байгууллагатай харилцан ажиллах.
13.Гал түймэртэй тэмцэх газар нь гал түймэртэй тэмцэх байгууллагын нийт алба хаагчийн үйл ажиллагаанд дотоодын хяналт тавьж хууль тогтоомж зөрчих явдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
14.Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан нотломж, шаардлага захиргааны арга хэмжээний талаар гарсан гомдлыг шалгаж шийдвэрлэнэ.
15.Гал түймэртэй тэмцэх газрын бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцас хэрэглэнэ.
16.Энэ дүрмээр зохицуулагдаагүй бусад асуудлыг гал түймэртэй тэмцэх байгууллагын дотоод албаны дүрмээр зохицуулна.Дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
-----о0о-----
Текст томруулах
A
A
A