- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Засгийн газрын 1999 оны 209 дүгээр тогтоолын 2-р хавсралт
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
1.Гал түймрийн улсын хяналтын зорилт нь ой хээрийг болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, "Галын аюулгүй байдлын" болон "Ой, хээрийг гал түймрээс хамгаалах тухай" хууль, тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас тогтоосон галын аюулгүй байдлын талаархи дүрэм, журам, стандарт, бусад техникийн нормативын биелэлтийг хангуулахад оршино.
2.Гал түймрийн улсын хяналтыг гал түймрийн улсын хяналтын байцаагч /цаашид "байцаагч" гэнэ/ хэрэгжүүлнэ.
3.Гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагч нь ахлах байцаагч, байцаагч нарыг томилж, чөлөөлж, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх олгоно.
4.Байцаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
5.Байцаагч нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг, заавал биелүүлэх албан шаардлага, дүгнэлт, гал түймэр гарсан тухай нотломж, тодорхой үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох тухай тогтоолын хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
6.Гал түймэртэй тэмцэх газар нь байцаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавина.
7.Байцаагч энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон хууль тогтоомж зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээнэ.
8.Гал түймрийн улсын хяналтыг гал түймэртэй тэмцэх байгууллага дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
а/Галын аюулгүй байдлын тухай болон Ой хээрийг түймрээс хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, дүрэм, журам болон бусад техникийн нормативын хэрэгжилтэд хяналт тавих;
б/гал түймэртэй тэмцэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар зохион хэрэгжүүлэх ажлын хөрөнгө, төсвийн төлөвлөлт, гал түймрийг илрүүлэх, унтраах автомат тоног төхөөрөмж, гал унтраах анхан шатны багаж зэвсгийн нөхөн хангалт, ашиглалт, хадгалалтын байдалд хяналт тавих;
в/хот, суурин газар байгуулах, барилга байгууламж барих, өргөтгөх, засварлах зураг төсөлд галын аюулгүйн техникийн нөхцөлийн мөрдөлтийг хянаж дүгнэлт гаргах болон барилга байгууламж хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд оролцох;
г/гал түймрийн аюулгүй байдлын талаар гал түймэртэй тэмцэх байгууллага, эрх бүхий албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, үнэлгээ өгөх;
д/ой, хээр болон хот суурин газрын объектыг гал түймрийн аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхэд оролцох;
е/гал түймрийн судалгаа, тоо бүртгэлийг хөтөлж, гал түймэр гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, хуульд заасан журмын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах;
ж/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад объектын болон ой хээрийн түймэр гарсан үед шуурхай мэдээлэх, унтраах бэлтгэл, гал түймрээс хүний амь, эд материал, байгалийн баялгийг аврах, учирч болох хохирлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг урьдчилан авсан эсэхэд хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавих.
9.Байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
а/энэ дүрмийн 8 дахь хэсэгт заасан чиглэлийг хэрэгжүүлж ажиллах;
б/өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн орон байрны галын аюулгүйн байдлыг шалган, илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгуулах арга хэмжээ авах;
в/хийсэн хяналт-шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн нотломж, танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах.
10. Байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
а/хяналт шалгалт хийх иргэдийн орон сууц болон объектод саадгүй нэвтрэн орох;
б/холбогдох байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр хот суурин газар, байгууллага, аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулах, галын аюулгүй байдлын техникийн дүгнэлт гаргах зэрэгт улсын хяналтын байгууллагын инженер-техникийн ажилтан, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын мэргэжилтэнг татан оролцуулах;
в/аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас гал түймрийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт бичиг, мэдээ, материалыг шаардан гаргуулж авах;
г/гал түймрийн тухай мэдээлэх, ой хээрийн болон объектын гал түймрийг унтраах, хойшлуулшгүй арга хэмжээ авахын тулд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр холбооны хэрэгслийг үнэ төлбөргүй, дараалал харгалзахгүй түр ашиглах;
д/гал гарах бодит аюул бүрдсэн, гал гарсан тохиолдолд хүний амь, эд хөрөнгийг авран хамгаалах боломжгүй гэж үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн хориглох, тэдгээрээс тодорхой ажил, үйлчилгээ явуулахыг түр буюу бүрмөсөн зогсоох;
е/гал түймэр унтраах зорилгоор ашигладаг усны шугам сүлжээ, худаг, усан санг байнгын ажиллагаатай байлгахыг холбогдох байгууллагаас шаардах;
ж/хот суурин газар, ой хээрт гарсан гал түймрийг унтраах, түүний үр дагаврыг арилгахтай холбогдсон хойшлуулшгүй ажилд дипломат албаны болон тусгай үйлчилгээнийхээс бусад автомашин, механизм, ердийн тээврийн хэрэгслийг дайчлах;
з/галын аюулгүйн дүрэм заавар зөрчигсөд, гал түймэр тавьсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;
и/хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах;
к/гал түймрийн хэрэг, зөрчлийг шалгах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтаар явах үед хот суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих. /Энэ заалтыг Засгийн газрын 2001 оны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
11.Байцаагч нь хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд "Галын аюулгүй байдлын тухай", "Ой хээрийг түймрээс хамгаалах тухай", "Захиргааны хариуцлагын тухай" хууль болон бусад хууль тогтоомжид заасан шийтгэл ногдуулна.
12.Зөрчил гаргасан этгээд түүнд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанд нь улсын төсвийн орлогод оруулна.
13.Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид, эсвэл Ерөнхий байцаагчид шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан гаргана. Гомдлыг хүлээн авсан байгууллагын эрх баригч түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
----о0о----
Текст томруулах
A
A
A