A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 172 дугаар тогтоолын хавсралт

ИРГЭНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Энэ дүрмийн зорилго нь иргэний бүртгэл, мэдээлэлтэй холбогдсон хууль тогтоомж, түүнийг үндэслэн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам, зааврын биелэлтийг хангуулахад оршино.
2. Иргэний бүртгэл, мэдээллийн төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, аймаг, сум, дүүрэгт улсын ахлах байцаагч улсын байцаагч (цаашид "улсын байцаагч" гэх) иргэний бүртгэл, мэдээллийн улсын хяналтыг хэрэгжүүлнэ.
3. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг  Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
4. Улсын ерөнхий байцаагч аймаг, сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр дээд боловсролтой бөгөөд хуульч буюу эдийн засагч, эсхүл хүн ам зүйч мэргэжил эзэмшсэн иргэний бүртгэл, мэдээллийн ажилтанд улсын байцаагчийн эрх олгох асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал болгоно.
5. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журам, заавар болон энэ дүрмийг удирдлага болгоно.
6. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагч нь батлагдсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
7. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлага, ажиллах нөхцөл бололцоогоор хангах болон тэдний мэргэжлийг дээшлүүлэх, хийсэн хяналт шалгалтын дүнг нэгтгэн, шаардлагатай бол холбогдох шийдвэр гаргахыг Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв хариуцна.
 
Хоёр. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын хяналтын чиглэл
8. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын хяналтыг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:
а) иргэний бүртгэл, мэдээллийн талаархи хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
б) Монгол Улсын нэгдэн орсон иргэний бүртгэлийн талаархи олон улсын гэрээний биелэлтийг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагаанд шалгах.
 
Гурав. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
9. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагч дараахь үүрэг хүлээнэ:
а) иргэний бүртгэл, мэдээллийн үйл ажиллагаанд улсын хяналтыг хэрэгжүүлэхдээ Иргэний бүртгэлийн тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээг шуурхай авах, хяналтын үр дүнг мэдээлэх, сурталчлах;
б) зөрчил, дутагдлын шалтгааныг судалж тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний чиглэл, энэ талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж холбогдох газарт оруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
в) хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг судалж арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд акт, мэдэгдэл бичих, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
г) бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах;
д) бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв үйлдэх, тайлан мэдээг нэгтгэн гаргах;
е) албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахгүй байх.
10. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагч дор дурдсан эрх эдэлнэ:
а) хяналт шалгалтын ажилд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгаа, тодорхойлолтыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдээс гаргуулж авах;
б) холбогдох байгууллагын удирдлагатай тохиролцсоны үндсэн дээр хяналт шалгалтын ажилд зохих мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, шинжээчийг томилон ажиллуулах;
в) шаардлагатай гэж үзвэл шалгалтын материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
г) Иргэний бүртгэлийн тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, тухайн баримт бичигтэй холбоотой бусад баримт сэлтийг акт үйлдэн хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэх.
11. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, шийдвэрийг байгууллага аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж  хариу мэдэгдэх үүрэгтэй.
12. Иргэний бүртгэл, мэдээллийн хяналтын улсын байцаагчийн шийдвэрийн талаар гарсан маргааныг дээд шатны улсын байцаагч шийдвэрлэх бөгөөд түүний шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.
 
Дөрөв. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын хяналтын дүрэм зөрчигчид хүлээлгэх хариуцлага
13. Улсын байцаагч нь хууль болон энэ дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Төрийн албаны тухай, Иргэний бүртгэлийн тухай  хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
14. Иргэний бүртгэлийн журам зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай болон Тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу  хариуцлага хүлээлгэнэ.
 
____оОо____