A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАМШГААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН САХИЛГЫН ДҮРЭМ /Энэ хавсралтыг 2005 оны 48-р тогтоолоор хүчингүйд тооцсон/
Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 52 дугаар тогтоолын хавсралт

ГАМШГААС ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН САХИЛГЫН ДҮРЭМ /Энэ хавсралтыг 2005 оны 48-р тогтоолоор хүчингүйд тооцсон/
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчдад тавигдах нийтлэг шаардлага, түүнийг биелүүлэхэд амжилт гаргагчдыг шагнах, урамшуулах, шаардлагыг зөрчигчдөд сахилгын шийтгэл ногдуулахад энэ дүрмийг дагаж мөрдөнө.
2. Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагч /цаашид "албан хаагч" гэх/-ийн эрх зүйн болон ёс зүйн хэмжээг  Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга тогтооно.
3. Албан хаагч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж,  дор дурдсан хууль тогтоомж, холбогдох төрийн захиргааны байгууллагын болон албан тушаалтны шийдвэрийн заалтыг ёсчлон биелүүлнэ:
а/Төрийн албаны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж;
б/энэ дүрэм, Засгийн газрын шийдвэр, Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргын тушаал;
в/Гамшгаас хамгаалах ерөнхий газар, аймаг, нийслэлийн Гамшгаас хамгаалах штаб, харьяалагдах салбар, нэгжийн зохих шатны удирдлагын шийдвэр;
г/аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын шийдвэр.
4. Албан хаагч дараахь үүргийг сахиж мөрдөнө:
а/үүргээ  шударгаар  биелүүлэх;
б/төр, засгийн  бодлогыг хэрэгжүүлэх;
в/удирдлагаас шийдвэр гаргахад нөлөөлөхгүй  байх.
5. Албан хаагч дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
а/албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр  тараах;
б/төр, засгийн бодлого, шийдвэрийг гуйвуулан шүүмжлэх;
в/аль нэг улс төрийн хүчин, намыг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах;
г/төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэд болон байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэрээр ялгаварлах, танил тал харах, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх;
д/тухайн байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, мэдээ, мэдээллийн санг албаны  бус зорилгоор  ашиглах;
е/өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор  ашиглах;
ж/албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх,  бүдүүлэг  зан  авир  гаргах.
6. Албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр адил албан хаагчид хамтарч үүрэг гүйцэтгэх үед  захирах даргаас тэдний  хэн нь  ахлахыг заавал тогтоож  өгнө.
 
Хоёр. Шагнал, урамшуулал
7. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд  зааснаас гадна албан хаагчдыг дор дурдсанаар шагнаж урамшуулна:
а/баяр хүргэж  бие  бүрэлдэхүүнд  мэдээлэх;
б/урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас нь  өмнө арилгах;
в/зургийг  нь  хүндэт  самбарт  тавьж алдаршуулах;
г/байгууллагын  хүндэт дэвтэрт  нэрийг нь  бичих;
д/батлагдсан журамд нийцүүлэн хугацааны өмнө цол олгох.
8. Албан хаагч нь энэ дүрмийн 3, 4-т заасан хэм хэмжээ, үүргээ биелүүлэх талаар онцгой болон тогтвортой амжилт гаргасан нь шагнаж урамшуулах үндэслэл  болно.
9. Албан хаагчдад шагнал, урамшлуулал олгохдоо түүний гаргасан амжилт, ажилласан хугацаа, албаны төрөл, мэргэжлийг харгалзана.
10. Албан хаагчдад дор дурдсан удирдах албан тушаалтан  дараахь шагнал урамшууллыг олгоно:
а/энэ дүрмийн 7 дахь заалтын "а"-д зааснаар харьяалагдах ажилтандаа баяр хүргэх урамшууллыг бүх шатны дарга;
б/Төрийн албаны тухай хуулийн 31.1.1, 31.1.2, 31.2-т заасан шагнал, энэ дүрмийн 7 дахь заалтын "б", "в", "г" -д заасан урамшууллыг Гамшгаас хамгаалах штабын болон Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга;
в/энэ дүрмийн 7 дахь заалтын "д"-д заасан шагналыг Гамшгаас хамгаалах штабын болон Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга;
г/Төрийн албаны тухай хуулийн 31.1.3-т заасан шагналд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга тодорхойлно.
11. Албан хаагчийг шагнаж, урамшуулах саналыг дор дурдсанаар уламжилна:
а/салбар, нэгжийн дарга нь энэ дүрмийн 7 дахь заалтын "б"-д зааснаар харьяалах ажилтнаа урамшуулах саналыг харьяа салбар, нэгжийн шийдвэр гаргах эрх бүхий даргад, тэр нь Гамшгаас хамгаалах штабын даргад, штаб нь Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргад;
б/харьяа салбар, нэгжийн шийдвэр гаргах эрх бүхий дарга нь Төрийн албаны тухай хуулийн 31.1.1, 31.1.2-т болон энэ дүрмийн 7 дахь заалтын  "в"; "г"-д  зааснаар шагнаж урамшуулах саналыг Гамшгаас хамгаалах штабын даргад, штаб нь Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргад;
в/газрын тэргүүн дэд, дэд дарга, газар, хэлтсийн дарга нь энэ дүрмийн 7 дахь заалтын "б", "в", "г", "д"-д болон Төрийн албаны тухай хуулийн 31.1.1, 31.1.2-т зааснаар шагнаж, урамшуулах тухай саналыг Гамшгаас хамгаалах штабын болон Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргад.
12. Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 31.1.1, 31.1.2, 31.2-т болон энэ дүрэмд заасан бүх шагнал урамшууллыг олгох эрхтэй бөгөөд 31.1.3-т зааснаар Засгийн газар, төрийн дээд байгууллагад тодорхойлно.
13. Шагнал, урамшууллыг бие бүрэлдэхүүн, хамт олны өмнө, эсхүл хурал цуглаан дээр амаар буюу тушаал уншин мэдэгдэж, хүндэтгэлийн байдалтай олгох буюу мэдээлнэ.
 
Гурав. Сахилгын шийтгэл
14. Энэ дүрэм, дотоод  албаны дүрэм, дотоод журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээргүй бол албан хаагчид сахилгын  шийтгэл ногдуулна.
15. Албан хаагч энэ дүрмийн 3, 4-т заасан хэм хэмжээ, үүргээ зөрчсөн, эсхүл хангалтгүй биелүүлсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
16. Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгахыг шаардах эрхтэй.
17. Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам"-ыг мөрдөнө.  
18. Албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26.1-д зааснаас гадна дор дурдсан  шийтгэл ногдуулна:
а/төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг  З сар хүртэл хуагцаагаар хасах;
б/цолны  цалинг 3 сар хүртэл хугацаагаар хасах;
в/цолыг нэг шатаар бууруулах, эсхүл цол олгохыг хойшлуулах;
19. Албан хаагчид  ногдуулах  сахилгын шийтгэл нь  зөрчлийн  шинж, учруулсан хохирол, гэм бурууд тохирсон  байна.
20. Сахилгын шийтгэлийг дор дурдсан албан тушаалтан ногдуулна:
а/Төрийн албаны тухай хуулийн 26.1.1-д заасан сахилгын шийтгэлийг бүх шатны дарга;
б/ энэ дүрмийн  18 дахь заалтын "а",  "б"-д заасан сахилгын шийтгэлийг тухайн албан хаагчийг ажилд томилсон дарга;
в/Төрийн албаны тухай хуулийн 26.1.1-26.1.3-т болон энэ дүрэмд заасан сахилгын шийтгэлийг Гамшгаас хамгаалах штабын болон Гамшгаас хамгаалах ерөнхий газрын  дарга.
21. Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах саналыг дор дурдсанаар уламжилна:
а/тухайн албан хаагчийг харьяалах дарга нь Төрийн албаны тухай хуулийн 26.1.2-т болон энэ дүрмийн 18 дахь  заалтын "б"-д заасан шийтгэл ногдуулах тухай саналыг салбар, нэгжийн даргад, салбар, нэгжийн дарга нь тухайн албан хаагчийг ажилд томилсон даргад;
б/салбар, нэгжийн дарга нь Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т, энэ дүрмийн 18 дахь заалтын "в"-д заасан шийтгэл ногдуулах тухай саналаа Гамшгаас хамгаалах штабын болон Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргад.
22. Дүрэм, журмаар тогтоосон хэм хэмжээг анх удаа  зөрчсөн албан хаагчид  гэм  бурууг  тайлбарлан  ойлгуулсны  үндсэн дээр амаар сануулж  болно.
23. Гаргасан зөрчил нь жижүүрлэлтийн үед болон бүлэглэн  үйлдэгдсэн, эсхүл согтуурсан, өмч хөрөнгө шамшигдуулсан  бол  шийтгэлийг хүндрүүлэх  үндэслэл  болно.
24. Гамшгаас хамгаалах штабын болон ерөнхий газрын  даргын тушаалаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж,  өөрт нь мэдэгдэн бие бүрэлдэхүүнд танилцуулна.
25. Дүрэм, журмаар тогтоосон хэм хэмжээг сахиулах талаар арга хэмжээ аваагүй, зөрчил дутагдлыг нуун  дарагдуулсан албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ дүрэмд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
26. Сахилгын шийтгэлийг давхардуулан болон албан хаагчийн нэр хүндийг гутаах, дарамтлах зорилгоор ногдуулахыг  хориглоно.
27. Сахилгын  шийтгэл арилгах эрхийг уг шийтгэлийг ногдуулсан дарга эдэлнэ. Шаардлагатай гэж үзвэл дээд шатны дарга шийтгэлийг арилгаж болно.
28. Сахилгын шийтгэлийг илрүүлснээс болон гаргаснаас хойшхи, түүнчлэн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацааг Төрийн албаны тухай хуулийн 26.4, 26.6-д заасныг баримтална.
29. Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагчийн гаргасан зөрчилд захиргааны шийтгэл ногдуулсан бол сахилгын шийтгэл давхардуулан ногдуулахгүй.
30. Гамшгаас хамгаалах байгууллагын албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш  1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно.
 
Дөрөв. Бусад  зүйл
31. Салбар, нэгж бүрт албан хаагчийн шагнал, урамшуулал болон сахилгын шийтгэлийн бүртгэлийг энэхүү журмын хавсралтын дагуу хөтөлнө. Бүртгэлийг жилд нэг удаа тухайн албан хаагчид танилцуулж гарын  үсэг зуруулж  байна.
32. Шагнал, урамшуулал, сахилгын шийтгэлийг зөв хэрэглэж байгаа эсэх болон бүртгэлийн хөтлөлтийн  байдалтай Гамшгаас хамгаалах штабын болон ерөнхий газрын дарга жилд  1 удаа танилцаж илэрсэн зөрчлийг арилгуулж байна.
33. Албан хаагч өөр салбар, нэгжид шилжсэн тохиолдолд түүний шагнал, урамшуулал болон сахилгын шийтгэлийн бүртгэлийг тухайн томилогдсон салбар, нэгжид шилжүүлнэ.
 
 
 
----оОо----
 
 
Гамшгаас хамгаалах байгууллагын албан
                         хаагчийн сахилгын дүрмийн хавсралт
 
 
(Нүүр тал)
АЛБА ХААХ БҮРТГЭЛ
 
1.Албан тушаал ................................
 
2.Цол .........................................
 
3.Овог ................,  нэр .................
 
4.Албанд ирсэн ... он  ...  сар  ... өдөр
 
САЙШААЛ
 
Юуны учир, ямар сайшаал хүртсэн
Сайшаагдсан  огноо
Хэн сайшаасан
Баталгаажуулсан хүний цол, гарын  үсэг
Албан хаагчийн гарын  үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
(Ар тал)
 
САХИЛГЫН ШИЙТГЭЛ
 
Хэзээ, ямар зөрчил гаргасан
Шийтгэгдсэн
он,сар,өдөр тушаалын дугаар
Хэн шийтгэсэн
Баталгаажуулсан хүний цол, гарын үсэг
Албан хаагчийн гарын үсэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Танилцсан тухай тэмдэглэл
 
.......................................................................................................................................................................................................................................................................................................................................