- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН ЭРГҮҮЛ, ХАРУУЛЫН ДҮРЭМ
Засгийн газрын тогтоол 1994 оны 106 дугаар тогтоолын 1-р хавсралт
ЦАГДААГИЙН ЭРГҮҮЛ, ХАРУУЛЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Цагдаагийн алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
2. Цагдаагийн алба хаагч эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэхэд Цагдаагийн байгууллагын тухай хууль болон энэ дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
3.Гудамж, талбай, үйлчилгээний цэг зэрэг олон нийтийн газарт гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах зорилгоор ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчийг цагдаагийн эргүүл гэнэ.
4. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчид нэр зааж хариуцуулсан газрыг эргүүлийн чиглэл гэнэ.
5. Эргүүлийн нэг чиглэлд ажиллах үүрэгтэй эргүүлийг хэв журмын эргүүл гэнэ.
6. Эргүүлийн хоёр ба түүнээс дээш чиглэлийн хооронд явж ажиллах эргүүлийг хөдөлгөөнт эргүүл гэнэ.
7. Тээврийн хэрэгслээр болон явган аялагчдыг дагаж ажиллах эргүүлийг явуулын эргүүл гэнэ.
8. Цагдаагийн алба хаагч гудамж, талбай, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал зэрэг олон нийтийн газрын тодорхой хэсэгт хяналт тавих, онц чухал объектыг хамгаалах, шалган нэвтрүүлэх, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, шийдвэрлэх, үүрэг гүйцэтгэхийг цагдаагийн харуул гэнэ.
9. Цагдаагийн харуулын хариуцан ажиглалт хийж байгаа газрыг хяналтын цэг гэнэ.
10. Тодорхой объектод байнгын хяналт тавьж гаднын халдлага, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх үүрэгтэй харуулыг объект хамгаалах харуул гэнэ.
11. Гудамж, талбай, үйлчилгээний газар, тээврийн буудал, олон нийтийн бусад газарт хяналт тавьж, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх, таслан зогсоох үүрэгтэй харуулыг хэв журмын харуул гэнэ.
12. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, баривчлагдсан этгээдийг харгалзан хүргэх үүрэгтэй харуулыг хуяглан хүргэх харуул гэнэ.
13. Үнэт цаас, валют, алт эрдэнэсийг тээвэрлэлтийн үед хамгаалах үүрэгтэй харуулыг хамгаалан хүргэх харуул гэнэ.
14. Гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал өөрчлөгдөх үед болон нийтийг хамарсан арга хэмжээний үед хүч нэмэгдүүлэн ажиллуулах бэлтгэл хүчийг эргүүл, харуулын нөөц хүч гэнэ.
15. Цагдаагийн хоёр ба түүнээс дээш алба хаагч хамтарч эргүүлийн үүрэг гүйцэтгэхийг эргүүлийн хэсэг гэнэ.
16. Эргүүлийн хэсэг бүрт ахлагчийг томилно.
17. Цагдаагийн байгууллага бүр хариуцсан нутаг дэвсгэрийнхээ эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, бусад онцлог, тухайн үед шийдвэрлэвэл зохих зорилтуудыг харгалзан эргүүл, харуул ажиллуулах төлөвлөгөө хийх ба түүнийг нэгдсэн байршилт гэнэ.
18. Нэгдсэн байршилтыг жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл /хүйтний/, 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл /дулааны/ жилд хоёр удаа боловсруулж цагдаагийн тухайн байгууллагын даргын тушаалаар батална. Нэгдсэн байршилтад түүнийг баталсан даргын шийдвэрээр нэмэлт тодотгол хийж болно.
19. Хот, суурин газарт цагдаагийн хэв журмын эргүүлийг цаг агаарын болон хариуцан ажиллах чиглэлийн байдлыг харгалзан явган эргүүл 1-1,5 км, мотоциклтой эргүүл 3-5 км, машинтай эргүүл 6-8 км, ердийн хөсөгтэй эргүүл 2-4 км газар хариуцаж ажиллахаар зохион байгуулна.
20. Энэ дүрмийн 5, 10, 11 дүгээр зүйлд зааснаас бусад эргүүл, харуулын ажиллах чиглэл, байрлалыг эргүүл, харуулын нэгдсэн байршилтаар, эсхүл тухайлан зааж тогтооно.
21. Үүргээ гүйцэтгэж байгаа эргүүл, харуулыг татан буулгах, бүрэлдэхүүнд нь өөрчлөлт оруулах эрхийг зөвхөн тухайн эргүүл, харуулыг томилсон дарга эдэлнэ.
22. Удирдах дээд тушаалын дарга энэ дүрмийн 18 дугаар зүйлд заасан өөрчлөлтийг хийх бол өөрийн шийдвэрээ эргүүл, харуулыг томилсон албан тушаалтанд мэдэгдэнэ.
Хоёр. Эргүүл харуулыг үүрэгжүүлэх, алба хаагчийг томилох
23. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг шууд удирдах дарга нар жагсаан ирцийг бүртгэж, дор дурдсан албаны ба хувийн бэлтгэлийг нь шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулна:
а/эргүүл, харуулын чиглэл, цагийн байдлын тухай мэдлэг;
б/мөрдөж ажиллах хууль тогтоомжийн болон холбогдох бусад хууль эрхийн актын мэдлэг;
в/ашиглах зэвсэг, тээвэр, холбооны болон тусгай хэрэгслийн хангамж, бэлэн байдал, алба хаагчийн үнэмлэх болон зайлшгүй байх бусад бичиг баримтын бүрдэл;
г/улирлын болон гүйцэтгэх үүрэгт тохирсон хувцас;
д/эрүүл мэндийн хувьд үүрэг гүйцэтгэх чадвар;
е/ажиллах хугацаа, завсарлагыг тооцож хооллосон байдал.
24. Албаны ба хувийн бэлтгэлийг шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулсны дараа зааварчилга өгнө. Зааварчилгыг хэрхэн ойлгож мэдсэнийг шалгасны дараа үүрэг гүйцэтгэх зөвшөөрөл олгоно.
25. Байнгын чиглэл ба хяналтын цэгт ажиллах эргүүл, харуул нь ажлаа хүлээлцэнэ. Хүлээлцэх журмыг цагдаагийн тухайн байгууллагын дарга тогтооно.
26. Эргүүл, харуул хүлээлцэх үед ноцтой зөрчил илэрсэн буюу шинээр гарах эргүүл, харуул /ээлж/ нь тогтоосон хугацаанд ирээгүй тохиолдолд анги, байгууллагын дарга, жижүүрт мэдэгдэж, тэдний шийдвэрээр ажиллана.
27. Эргүүл, харуулын дүрмийн шаардлагыг ноцтой зөрчсөн, биеийн эргүүл мэнд болон бусад шалтгааны улмаас үүрэг гүйцэтгэх чадваргүй алба хаагчийн талаар тэдгээрийн дарга, жижүүрт мэдэгдэж, үүрэг гүйцэтгүүлэхийг зогсоох нөхөн гаргуулах арга хэмжээ авна.
28. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид тусламж шаардлагатай болбол холбооны хэрэгслээр болон бололцоотой бусад аргаар цагдаагийн байгууллага, алба хаагчид мэдэгдэнэ.
29.Нэмэгдлээр ажиллаж байгаа эргүүл, харуул нь нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын шуурхай албаны удирдлагын төвийн жижүүртэй байнгын холбоотой байж, нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
30. Эргүүл харуул нь үүрэг гүйцэтгэсэн талаар ажлын тооцоо, тэмдэглэл хөтөлж, эргүүл, харуулд томилсон албан тушаалтанд танилцуулна.
31. Эргүүл, харуулд томилсон албан тушаалтан нь алба хаагчийн үүрэг гүйцэтгэж байгаа байдалд байнгын хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангана.
32. Тусламж хүссэн тухай мэдээг хүлээн авсан цагдаагийн байгууллага, алба хаагч зэвсэг, тусгай хэрэгслээ хэрэглэхэд бэлтгэж, нэн даруй хүрэлцэн очиж тусална.
33. Эргүүл, харуул үүргээ гүйцэтгэж дуусмагц шууд удирдах дарга нь тэдгээрийн ажлыг дүгнэнэ.
Гурав. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх үед хориглох зүйл
34. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх үед дор дурдсан зүйлийг хориглоно:
а/тухайн эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн ажлыг шалгах эрх бүхий албан тушаалтнаас бусад хүнд галт зэвсэг, тусгай хэрэгсэл, эргүүлийн чиглэл ба харуулын цэгийн зураглалыг танилцуулах, шилжүүлж өгөх;
б/автомашин, мотоциклтой үүрэг гүйцэтгэхдээ албанд үл хамаарах хүн, ачаа тээвэрлэх;
в/хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцсан чиглэлээс гарах, хяналтын цэгээ орхих, ном хэвлэл унших, телевиз үзэх;
г/бусадтай албаны бус яриа хоёр минутаас удаан хугацаагаар ярих;
д/зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд галт зэвсгийг задлах, сумлах зэргээр оролдох;
е/иргэдээс гэмт хэрэг, зөрчлийн тухай гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авахаас болон цагдаагийн байгууллагад дамжуулахаас татгалзах.
Дөрөв. Цагдаагийн гэрээт хамгаалалт
35. Байгууллага, аж ахуйн нэгж, объектыг цагдаагийн байгууллагаар нэг жилээс дээш хугацаагаар хамгаалуулах зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газар олгоно.
36. Байгууллага, аж ахуйн нэгж, обьектыг цагдаагийн байгууллага 3 сараас дээш нэг жилээс илүүгүй хугацаагаар хамгаалах зөвшөөрлийг цагдаагийн төв байгууллага олгоно.
37. Байгууллага, аж ахуйн нэгж, объектыг гурван сар хүртэл түр хугацаагаар хамгаалах зөвшөөрлийг аймаг, нийслэл, дүүргийн цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын албад олгоно.
38. Цагдаагийн байгууллага нь хамгаалуулах байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна. Гэрээ хүчин төгөлдөр болоогүй үед байгууллага, аж ахуйн нэгж, объектыг цагдаагийн хамгаалалтад авахыг хориглоно.
Тав. Бусад зүйл
39. Объект хамгаалах харуул нь үүрэг гүйцэтгэх үед болсон үйл явдлын тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлнө.
40. Шөнийн /22-06 цаг/ ээлжийн эргүүл, харуулд 6 цагаас илүү хугацаагаар үүрэг гүйцэтгэвэл цагдаагийн байгууллага нэг удаа хооллох зардлыг хариуцна.
41. Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийг шалгахдаа объектод нууцаар нэвтрэх, гэмт халдлага хийж байгааг дүрслэх зэрэг ноцтой хохирол гарч болох аргыг ашиглахыг хориглоно.
------оОо------
/Энэ тогтоолд ЗГ-ын 2005 оны 264 дүгээр тогтоолын нэмэлтийг тусгав/
Текст томруулах
A
A
A