A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын1994 оны 104 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ЦАГДААГИЙН ХҮРЭЭНИЙ ДҮРЭМ
     Нэг. Нийтлэг үндэслэл
     1. Тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт байнга буюу түр байрласан цагдаагийн анги, байгууллагыг хамруулан цагдаагийн хүрээ байгуулна.
     2. Цагдаагийн хэд хэдэн байгууллагын алба хаагчид тодорхой хугацаагаар цугларч хамтран үүрэг гүйцэтгэх үед түр хугацаагаар цагдаагийн хүрээ байгуулж болно.
     3. Цагдаагийн хүрээг цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар байгуулна.
     4. Эрх хэмжээнийхээ асуудлаар хүрээний даргын гаргасан тушаалыг хүрээнд байгаа анги, байгууллага, цагдаагийн алба хаагч биелүүлэх үүрэгтэй.
     Хоёр. Цагдаагийн хүрээний зорилго, зохион байгуулалт
     5. Цагдаагийн хүрээний зорилго нь:
     а/ цагдаагийн дотоод албаны дүрэм, цагдаагийн байгууллагын эргүүл, харуулын дүрэм, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн дүрэмт хувцас өмсөх журмыг алба хаагчид хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
     б/цагдаагийн алба хаагчаас гаргасан сахилгын болон захиргааны зөрчлийг шалгах;
     в/цагдаагийн хүрээний хэмжээнд явуулах баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахад оршино.
     6. Цагдаагийн хүрээ бүрт хүрээний дарга болон дэд дарга, ерөнхий зохицуулагч, гишүүдээс бүрдсэн зөвлөл ажиллана. Зөвлөл нь хүрээний даргад зөвлөх эрхтэй байна.
     7. Цагдаагийн хүрээний дарга, Нийслэлийн цагдаагийн хүрээний дэд дарга болон ерөнхий зохицуулагчийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар, зөвлөлийн бусад бүрэлдэхүүнийг хүрээний даргын тушаалаар тус тус томилно.
     8. Цагдаагийн хүрээний даргын зөвлөл хагас жил тутамд 1-ээс доошгүй удаа хуралдаж, зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, хүрээний эрх хэмжээний бусад асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ.
     Гурав. Цагдаагийн хүрээний удирдах албан тушаалтнуудын эрх хэмжээ
     9. Цагдаагийн хүрээний дарга дор дурдсан үүрэг хүлээнэ:
     а/цагдаагийн хүрээний ажлыг удирдаж даргын зөвлөлийг толгойлох;
     б/бие бүрэлдэхүүн цагдаагийн хүрээний дүрэм, дотоод албаны дүрэм, эргүүл харуулын дүрэм, алба хаагчийн сахилгын дүрэм, хувцас өмсөх журмыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулах;
     в/хүрээний бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай тушаалыг биелүүлэх ажлыг зохион байгуулах;
     г/хүрээний алба хаагчид өвөл, зуны улирлын дүрэмт хувцсанд шилжих хугацааг тогтоох;
     д/цагдаагийн хүрээний баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг удирдан зохион байгуулах.
     10. Хүрээний дарга дор дурдсан эрх эдэлнэ:
     а/эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргаж биелэлтийг хангуулах;
     б/цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн дагуу цагдаагийн алба хаагчид сайшаал хүртээх, сахилгын шийтгэл ногдуулах;
     в/цагдаагийн хүрээний эрх хэмжээнд хамаарах асуудлаар хүрээнд байдаг цагдаагийн анги, байгууллагын дарга, захирагч, алба хаагчид шаардлага тавьж биелэлтийг хангуулах;
     г/цагдаагийн хүрээнээс зохиох тодорхой ажил үүргийг гүйцэтгүүлэхээр цагдаагийн алба хаагчийг шууд захирах даргатай нь зөвшилцөн томилон ажиллуулах;
     д/ цагдаагийн хүрээнд хариуцуулсан үүргийг биелүүлэх, үүний дотор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх тухай тушаалыг биелүүлэх бэлтгэл сургууль зарлан хийлгэх.
     11. Цагдаагийн хүрээний дэд дарга дор дурдсан эрх эдэлнэ:
     а/бие бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, хүрээний дүрэм, алба хаагчийн сахилгын дүрэм, эргүүл, харуулын дүрэм, хувцас өмсөх журмын мэдлэг олгох, энэ талаар хүрээний анги, байгууллагаас зохиох ажлыг уялдуулан зохицуулж хяналт тавих;
     б/цагдаагийн хүрээний ажлын төлөвлөгөө, даргын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
     в/цагдаагийн хүрээний анги, байгууллагын биеийн тамирын танхим, сургалтын болон буудлагын талбайд хичээллэх хуваарийг гарган баталж мөрдүүлэх;
     г/эрх хэмжээнийхээ асуудлаар хүрээний анги, байгууллага, алба хаагчид үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;
     д/эрх хэмжээнийхээ хүрээнд алба хаагчид сайшаал хүртээж, сахилгын шийтгэл ногдуулах.
     12. Хүрээний ерөнхий зохицуулагч нь цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, дүрэмт хувцас өмсөх журмын биелэлтэд хяналт тавьж, ёс журам сахиулах албаны эргүүлийг удирдана.
      Дөрөв. Цагдаагийн хүрээний ёс журам сахиулах эргүүл
     13. Цагдаагийн хүрээний ёс журам сахиулах эргүүлийг хүрээний дарга томилно. Эмэгтэй алба хаагч ёс журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэхгүй.
     14. Нийслэлд ёс журам сахиулах эргүүл 24 цагаар томилогдох ба хүрээнд багтдаг аль нэг анги, байгууллагын дарга, эсхүл дэд даргаар ахлуулан 2-оос доошгүй офицерын бүрэлдэхүүнтэй байна.
     15. Аймагт цаг үеийн шаардлагаар хэрэгцээтэй газруудад ёс журам сахиулах эргүүл томилон  ажиллуулна.
     16. Ёс журам сахиулах эргүүлийн тавьсан хууль ёсны шаардлагыг цагдаагийн алба хаагчид албан тушаал, цол харгалзахгүйгээр биелүүлж захирагдана.
     17. Ёс журмын эргүүл дор дурдсан эрх эдэлнэ:
     а/цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, эргүүл, харуулын дүрэм, алба хаагчийн сахилгын дүрэм, дүрэмт хувцас өмсөх журмын биелэлтэд хяналт тавьж, илэрсэн дутагдлыг шалган шийдвэрлэх буюу эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх;
     б/цагдаагийн алба хаагчаас гаргасан олон нийтийн хэв журмын болон захиргааны бусад зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд цагдаагийн хүрээний даргыг төлөөлөн оролцох;
     в/согтуугаар олон нийтийн газар хэвийн бус яваа цагдаагийн алба хаагчийг эрүүлжүүлэх байр, албан газар, хамгаалах хүнд хүлээлгэн өгөх.
     Тав. Хүрээний алба хаагчдын оролцоотойгоор зохиох баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ
     18. Ардын хувьсгал болон цагдаагийн байгууллагын ойн баярыг тэмдэглэхэд нийслэлд Цагдаагийн ерөнхий газрын, орон нутагт цагдаагийн хүрээний даргын тушаалаар хүрээний анги, байгууллагууд баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоно.
     19. Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэмд зааснаар угтан жагсах хүндэтгэлийн жагсаалыг хүрээний даргын тушаалаар гүйцэтгэнэ.
     20. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, ард иргэдийн амь нас, амгалан тайван байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэж яваад амь үрэгдэгсдийн төлөө хөшөө, булшинд Цагдаагийн ерөнхий газрын даргын болон цагдаагийн хүрээний даргын шийдвэрээр хүндэтгэл үйлдэж цэцэг өргөнө.
     Зургаа. Цагдаагийн ёслолын жагсаал
     21. Цагдаагийн ерөнхий газрын болон цагдаагийн хүрээний даргын тушаалаар ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүн, хугацаа, жагсах дараалал, газар, дүрэмт хувцас, явж өнгөрөх зам, журмыг тогтоож, ёслолын жагсаал командлагчийг томилно.
     22. Ёслолын жагсаалд оролцох анги, байгууллага заасан газарт байраа эзэлж, дарга, дэд дарга нар анги, байгууллагынхаа баруун /зүүн/ гарт нэг эгнээ жагсана. Тэдний зүүн /баруун/ гарт хоёр алхам зайтай тугчид жагсана.
     23. Хүрээний хөгжмийн удирдаачийн мэдэлд хөгжимчид нэгдэж жагсана.
     24. Цагдаагийн анги, байгууллага ёслолын жагсаалд галт зэвсэг, тусгай хэрэгслээр зэвсэглэх эсэхийг ёслолын жагсаал хийх тушаал гаргасан дарга шийдвэрлэнэ.
     25. Анги, байгууллагын жагсах газар,  жагсаалын үзүүр, гүн болон ёслолын жагсаалаар явж өнгөрөх шугамыг тэмдэглэх шугамчдыг хүрээний ерөнхий зохицуулагчийн мэдэлд томилно. Шугамчдыг жагсаал эхлэх талаас дугаарлана.
     26. Ёслолын жагсаал командлагч болон ёслолын жагсаал хүлээн авагчид илтгэл өгөх үед жагсаалын гадна байгаа алба хаагчид "Номхон" зогсож ёсолж хүндэтгэнэ. Энэ заалт хамгааалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид хамаарахгүй.
     27. Ёслолын жагсаал командлагчийг угтахдаа цагдаагийн хүрээний орлогч, эсхүл ерөнхий зохицуулагч "Номхон, зэргэц!" гээд зэрэгцэх чигийг хэлж команд өгч, ёслолын жагсаалд оролцох бүрэлдэхүүн бэлэн жагссаныг илтгэнэ.
 Ёслолын жагсаал командлагч илтгэл хүлээн аваад "Болно" команд өгнө.
     28. Ёслолын жагсаал хүлээн авагчийг угтахдаа ёслолын жагсаал командлагч "Ёслолын жагсаал, Номхон!" гээд зэрэгцэх чиглэлийг хэлж команд өгнө.
     Жагсаалд байгаа анги, байгууллагын дарга, дэд дарга нар ёсолж, хөгжимд угтах аялгуу тоглоно.
     29. Ёслолын жагсаал командлагч ёслолын жагсаал хүлээн авагчийг угтан очиж илтгэл өгнө. Илтгэл өгөх үед хөгжим тоглолтоо зогсооно. Ёслолын жагсаал командлагч илтгэл өгч дуусаад ёсолсон гараа буулгахгүйгээр ёслолын жагсаал хүлээн авагчийн араас жагсаалын гадна талд нь дагаж явна.
     30. Ёслолын  жагсаал хүлээн авагч илтгэл авсны дараа ёсолсон гараа буулгаж жагсаалын өмнүүр явж бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, баяр хүргэнэ.
 Мэндчилэх, баяр хүргэх үед хөгжим тоглолтоо түр зогсооно.
     Мэндчилэхэд анги, байгууллагуудын жагссан бие бүрэлдэхүүн цагдаагийн дотоод албаны дүрмийн дагуу хариу мэндчилж, баяр хүргэхэд гурвантаа "Ура" гэж уухайлна.
     31. Ёслолын жагсаал хүлээн авагч индэр дээр гарах хүртэл хөгжимд "Алдар" аялгуу тоглоно.
     32. Ёслолын жагсаал хүлээн авагчийн командаар ёслолын жагсаал командлагч "Болно" команд өгнө. Уг командын дараа бүрээчид "Бүгд анхаар!" дохио өгнө.
     33. Ёслолын жагсаал хүлээн авагч үг хэлж дуусмагц анги, байгууллага командгүйгээр  "Номхон" болж гурвантаа "Ура"  цуурайтуулна. Энэ үед анги, байгууллагын дарга, дэд дарга нар ёсолж, "Номхон" зогсоно.
     34. Бүрээчид "Бүгд сонс!" дохио өгмөгц ёслолын жагсаал командлагч команд өгч жагсаалыг эхлүүлнэ.
     35. Ёслолын жагсаал командлагч "Ёслолын жагсаал! Номхон!" команд өгч, жагсагчдын хоорондын зай, зэрэгцэх ба эргэх чигийг зааж команд өгөөд, "Жагсаалын алхаагаар!", "Алх!" командууд өгнө.
     36. "Ёслолын жагсаал! Номхон!" командаар тугчид тугаа өргөж, ишний доод үзүүрийг тогтоогчид хийж барина.
     37. "Жагсаалын алхаагаар!" командаар анги, байгууллагын дарга, дэд дарга нар, тугчид, хамгаалагчид жагсаалаас урагшаа тогтоосон зайд гарч зогсоно.
     Шугамчид жагсаалын алхаагаар явж тогтоосон /15-20 алхам/ зайд зогсож, жагсаалын зүг эргэн буугаа ёсолгоонд авна.
     38. Ёслолын жагсаалын командлагчийн "Алх!" командаар хөгжим тоглож, эхний анги жагсаалыг эхэлж, бусад нь дарга нарынхаа командаар эргэн, тогтоосон зайг баримталж, түрүүчийн ангийн араас явна. Ёслолын жагсаал явах үед эгнээ бүрийн индрийн талын нэгдүгээр хүнээс бусад нь бүгд хараа гаргаж явна. Тугчин, хамгаалагчид ёслолын жагсаалаар явах үед хараа гаргахгүй.
     39. Ёслолын жагсаалын нэгдүгээр эгнээнээс ёслолын жагсаал командлагч 18, ангийн дарга 10, дэд дарга нар 8, тучин, хамгаалагчид 6, ахлах албан тушаалтнууд 2 алхмын зайд тус тус явна.
     40. Ёслолын жагсаал командлагч "Алх" команд өгч, өөрөө ёсолж, жагсагчид хоёр дахь шугамчнаас ёсолгоонд шилжинэ. Ангийн эхний эгнээ төгсгөлийн шугамчинг өнгөмөгц дарга ёсолгоог буулгаж, жагсагчид гараа хаяж, жагсаалын алхаанд шилжинэ.
     41. Сүүлчийн ангийн араас нэгдсэн найрал хөгжим явдал дундаа аялгуу тоглон ёслолын жагсаалаар явж өнгөрнө.
     42. Ёслолын жагсаал командлагч ёслолын жагсаалаар явж өнгөрмөгц жагсаалаас гарч индрийн баруун /зүүн/ талд зогсож ёсолно.
     Долоо. Цагдаагийн хүндэт харуул
     43. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хүндэтгэл үйлдэхээр томилогдсон цагдаагийн хүрээний салбарыг цагдаагийн хүндэт харуул гэнэ.
 Хүндэт харуулын бүрэлдэхүүнд салаа буюу суманг цагдаагийн найрал хөгжимтэй томилно.
     44. Цагдаагийн хүндэт харуулыг баярын хурал, ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр залсан Монголын цагдаагийн байгууллагын тугийн дэргэд болон цагдаагийн төв байгууллага болон хүрээний даргын шийдвэрээр хөшөө, дурсгал, булшинд хүндэтгэл үзүүлэх үед гаргана.
     Найм. Хөшөө, булшинд хүндэтгэл үзүүлэх
     45. Цэцэг өргөхийн өмнө дурсгалын хөшөө, булшны дэргэд цагийн манааг гаргаж, өмнө нь хүндэт харуулыг жагсаана. Монголын цагдаагийн байгууллагын Туг жагсаалын баруун /зүүн/ үзүүрт, хөгжим Тугийн /баруун/ талд байрлана.
     46. Цэцэг өргөх төлөөлөгчид тогтоосон зайд ойртож ирмэгц хүндэт харуулын дарга "Харуул! Номхон!" гээд зэрэгцэх чигийг хэлж команд өгнө.
 Төлөөлөгчийн өмнө 2-3 алхам зайд цэцэг баригчид /1 цэцгийг 2 хүн барих/ явна.
     47. Харуул төлөөлөгчдийн явах чиглэлийг дагуулан хараа гаргаж, хөгжим хүндэтгэлийн аялгуу тоглож, Монголын цагдаагийн байгууллагын Тугийг бөхийлгөнө.
     48. Төлөөлөгчид цэцгээ өргөөд дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсоно. Энэ үед хөгжим тоглолтоо зогсооно.
     49. Дурсгалын хөшөө, булшны цагийн манааг ёслол дууссаны дараа хүрээний даргын тогтоосон цагт буулгана.
     Ес. Нас барагчийг нутаглуулах үед цагдаагийн хүндэтгэл үзүүлэх
     50. Монгол Улсын баатар, гавьяат цолтон, дээд офицер, албан үүргээ гүйцэтгэж яваад гавьяа байгуулж нас барсан цагдаагийн алба хаагчийг нутаглуулах үед цагдаагийн хүндэтгэл үйлдэхээр хүндэт бараа бологчийг хүрээний дарга томилно.
     51. Хүндэт бараа бологч нь цагдаа, ахлах, дунд офицер нарт тасгийн; гавьяат цолтон, дээд офицер нарт салааны; Монгол Улсын баатарт сумангийн бүрэлдэхүүнтэй байна.
     52. Салаа, сумангийн бүрэлдэхүүнтэй бараа бологчид Монголын цагдаагийн байгууллагын Тугийг гэргүй, гашуудлын туузтай авч явах бөгөөд найрал хөгжим дагалдана.
     53. Бараа бологчдоос гадна:
     а/шарилын дэргэд зогсох хүндэт харуул 8 хүн /дөрөв, дөрвөөр 2 ээлж/;
     б/шарилыг өргөх, байрлуулахад 8-10 хүн;
     в/талийгаачийн одон, медаль бүхий жинтүү тус бүрт 1 хүн /одон бүрийг нэг жинтүүнд, харин медалийг хэд хэдээр нийлүүлэн жинтүүнд хадна/.
     54. Шарил гаргах, оршуулах цаг, газрыг цагдаагийн хүрээний дарга талийгаачийн ар гэрийнхний саналыг харгалзан тогтооно.
     55. Цагдаагийн хүрээний даргаас томилогдсон алба хаагч хүндэт бараа бологчдын үйл ажиллагааг удирдана.
     56. Нутаглуулахад оролцох бүрэлдэхүүн өдөр тутмын хувцастай, зүүн гартаа гашуудлын тууз, эсхүл зүүн энгэртээ гашуудлын тэмдэг хадсан байна.
     57. Хүндэт бараа бологчид нь талийгаачийн шарилыг гаргах хаалганд ойролцоо дэлгээ жагсаалаар жагсана. Хөгжим хүндэт бараа бологчийн баруун гар талд жагсана.
     58. Шарил гаргахад эхлээд талийгаачийн зураг, араас нь цэцгийн баглаа, одон медаль, шарилын хайрцагны таг, шарил авч яваа хүмүүс, хүндэт харуул, дагалдагсад, хөгжим, хүндэт бараа бологч явна.
     59. Шарилыг гаргах үед хүндэт бараа бологчийн дарга жагсаалаас гаралгүй "Номхон" команд өгч, өөрөө ёсолно. Хүндэт бараа бологч шарилыг дагуулж хараа гаргана. Хөгжимд гашуудлын ая тоглоно. Шарил гаргах үед жагсаалын гадна байгаа цагдаагийн албан хаагчид "Номхон" зогсож ёсолно.
     60. Нутаглуулах цуваа явганаар явах үед хөгжимд гашуудлын ая завсарлагагүйгээр тоглоно.
     61. Нутаглуулах газарт очмогц хөгжим тоглолтоо зогсоож, хүндэт бараа бологчийн хамт шарил руу харж жагсана.
     62. Зураг, цэцгийн баглаа, одон медалийг шарилын толгой талд барьж зогсоно.
     63. Шарилыг нутаглуулахын өмнө гашуудлын цуглаан хийнэ. Шарилыг нүхэнд тавих үед тугийг бөхийлгөж, хөгжим гашуудлын ая тоглож, хүндэт бараа бологчийн бүрэлдэхүүнээс томилогдсон хэсэг сургуулийн сумаар 3 удаа ёслолын буудлага үйлдэнэ.
     64. Оршуулгын эцэст хүндэт бараа бологчид ёслолын жагсаал хийж хүндэтгэнэ.