A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 106 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

ЦАГДААГИЙН ТУСЛАХ АЖИЛТНЫ ДҮРЭМ
     Нэг. Нийтлэг үндэслэл
     1. "Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль"-ийн 48 дугаар зүйлийн дагуу иргэнийг цагдаагийн туслах ажилтнаар авч ажиллуулахтай холбогдсон харилцааг энэ дүрмээр зохицуулна.
     2. Туслах ажилтан үүргээ биелүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг чанд сахин ажиллана.
     3. Цагдаагийн туслах ажилтнаар /цаашид "туслах ажилтан" гэх/ 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг өөрийнх нь зөвшөөрснөөр авч ажиллуулна.
     4. Туслах ажилтан авч ажиллуулахдаа гэрээ байгуулна. Гэрээнд туслах ажилтны гүйцэтгэх үүрэг, түүнд олгох хөлс, туслах ажилтнаас үүргээ гүйцэтгэх нөхцөлийг хангах болон гэрээг сунгах ба цуцлах үндэслэлийг заана.
     Гэрээнд нэг талаас цагдаагийн байгууллагыг төлөөлөх эрх бүхий алба хаагч, нөгөө талаас туслах ажилтнаар ажиллах иргэн өөрөө гарын үсэг зурах ба гэрээг нэг жил хүртэл хугацаагаар байгуулна.
     Гэрээг биелүүлэхтэй холбогдсон маргаан, гомдлыг цагдаагийн зохих дээд шатны байгууллага хянан шийдвэрлэнэ. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл цагдаагийн төв байгууллагад гомдол гаргаж болно.
     5. Туслах ажилтанд гүйцэтгэх үүрэгтэй нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зааж сургалт явуулна. Сургалтын хөтөлбөрийг цагдаагийн анги, байгууллагын дарга батална. Иймд сургалтад хамрагдаагүй иргэнийг туслах ажилтнаар ажиллуулахыг хориглоно.
     6. Туслах ажилтнаар ажиллах хүний сургалтын дүн, хийсэн гэрээг үндэслэн цагдаагийн байгууллагын дарга тушаал гарган томилж, цагдаагийн тухайн байгууллагын бие бүрэлдэхүүнд танилцуулна.
   7. Туслах ажилтныг цагдаагийн тодорхой алба хаагчид хариуцуулна.
 Хариуцсан алба хаагч нь туслах ажилтныг мэргэшүүлэх, дадлагажуулах үүргийг хүлээж, гэрээ болон энэхүү дүрмийг биелүүлэхэд тусална.
     8. Цагдаагийн байгууллагаас туслах ажилтан бүрт үнэмлэх олгоно.
 Үнэмлэхийн загварыг цагдаагийн төв байгууллага баталж, нийтэд зарлана.
      Хоёр. Туслах ажилтны эрх зүйн байдал
     9. Туслах ажилтныг нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, замын хөдөлгөөний болон галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллуулна.
 Тэгэхдээ дор дурдсан үүргийг гүйцэтгүүлэхийг хориглоно:
     а/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах;
     б/захиргааны зөрчил шалгуулах ба шийдвэрлүүлэх;
     в/гүйцэтгэх ажил эрхлүүлэх, эсхүл нууц мэдээлэгчээр ажиллуулах;
     г/цагдаагийн алба хаагчийг орлуулан ажиллуулах.
     10. Туслах ажилтан үүргээ гүйцэтгэхдээ дор дурдсан эрх эдэлнэ:
     а/гэмт хэрэг, захиргааны зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах;
     б/гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэнд сэжиглэгдсэн болон гэрч болох хүмүүсийн бичиг баримтыг шалгаж хаягийг тогтоох;
     в/гэмт хэрэг, захиргааны зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх;
     г/хэв журам сахих талаар гэрээгээр хариуцсан үүргийнхээ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлага тавих;
     д/гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан тухай төрийн зохих байгууллагад яаралтай мэдээлэх үед байгууллага, иргэдийн холбооны хэрэгслийг дараалал харгалзахгүй ашиглаж хөлсийг нөхөн төлөх.
     11. Туслах ажилтан албан үүргийн дагуу иргэдтэй харилцахдаа үнэмлэхээ үзүүлнэ. Олон нийтийн газар ажиллахдаа туслах ажилтан болохыг илэрхийлсэн ханцуйн тэмдэг, энгэрийн зүүлт зэргийг хэрэглэж болно. Ийм тэмдэг, зүүлтийг цагдаагийн байгууллагаас олгож, загварыг нийтэд мэдээлнэ.
     12. Цагдаагийн туслах ажилтанд галт зэвсэг, тусгай хэрэгсэл тавьж олгохгүй.
     13. Цагдаагийн туслах ажилтны үйл ажиллагааны талаар гарсан гомдлыг цагдаагийн байгууллага 14 хоногийн дотор шалгаж хариу өгнө. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл цагдаагийн дээд шатны байгууллагад гомдол гаргах буюу хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад аргыг сонгон авч болно.
     14. Туслах ажилтан Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрмийг зөрчвөл хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээнэ.
 
-------оОо--------