- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АЛБАНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 1994 оны 85 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АЛБАНЫ ДҮРЭМ
Нэг. Цагдаагийн байгууллагын даргын нийтлэг үүрэг
МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АЛБАНЫ ДҮРЭМ
1. Цагдаагийн байгууллагын дарга нь тухайн байгууллагын бүх албадын ажлыг нэгтгэн удирдах албан тушаалтан мөн.
2. Цагдаагийн аль ч байгууллагын дарга дор дурдсан нийтлэг үүрэг хүлээнэ. Үүнд:
а/төрийн хууль тогтоомж, Засгийн газар, цагдаагийн дээд шатны байгууллагын шийдвэр, цагдаагийн дүрмүүдийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
б/тухайн байгууллагын бие бүрэлдэхүүн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдүүлэх;
в/бие бүрэлдэхүүний үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдний ажлыг үнэлж дүгнэх;
г/цагдаагийн байгууллагыг боловсон хүчнээр хангах, тэдний мэдлэг, чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх арга хэмжээ авах;
д/бие бүрэлдэхүүний хууль ёсны эрх ашгийг хамгаалах.
Хоёр. Захирах, захирагдах ёс
3. Цагдаагийн албан хаагчид албан тушаалаараа нэг нь нөгөөдөө дарга байна.
4. Цагдаагийн алба хаагчид албан тушаалын хувьд адил байвал ахлах цолтой нь даргална.
5. Цагдаагийн алба хаагчийг албаны хувьд удирдаж байгаа дарга нь шууд захирах дарга байна.
6. Шууд захирах үүрэггүй дарга нь бага тушаалтан болон бага цолтноос гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, цагдаагийн дүрмүүдийн заалтыг биелүүлэх, биеэ зөв авч явах, цагдаагийн ёс зүйг сахихыг шаардана.
7. Цагдаагийн алба хаагчид албан хэргээр харилцахдаа "Та" гэж хандана.
Гурав. Тушаал өгөх, биелүүлэх, танилцуулж илтгэх журам
8. Тушаал, үүргийг захирах эрэмбэ дарааллаар өгнө. Дарга нь зайлшгүй шаардлагатай үед захирах эрэмбэ дарааллыг харгалзахгүйгээр тушаал өгч болох бөгөөд энэ тохиолдолд тушаал авсан албан хаагч нь шууд захирах даргадаа илтгэнэ.
9. Даргаас өгч байгаа үүрэг, тушаал тодорхой бөгөөд хугацаатай байна.
10. Тушаал, үүрэг авч байгаа алба хаагч тушаал, үүргийг зөв, бүрэн ойлгох зорилгоор, мөн биелүүлэх аргын талаар асууж тодотгож болно.
11. Цагдаагийн байгууллагын алба хаагч нь шууд захирах даргадаа:
а/томилогдсон тушаалын ажлыг хүлээн авч ажилд орсноо;
б/ албан тушаалын ажлаа хүлээлгэн өгснөө;
в/сайшаал хүртсэнээ;
г/ төр, засгийн шагналаар шагнуулснаа;
д/албан томилолт, амралт, чөлөө зэргээр ажлын байрандаа орхиж явсан, эргэж ирснээ;
е/ тушаал, үүрэг биелүүлсэн тухайгаа танилцуулж илтгэнэ.
12. Цагдаагийн байгууллагын дарга нь тухайн байгууллагад шинээр томилогдон ирсэн алба хаагчийг бие бүрэлдэхүүнд албан ёсоор танилцуулж мэдэгдэнэ.
13. Цагдаагийн байгууллагад шууд захирах дарга нь ирэхэд байгууллагын дарга угтан танилцуулж илтгэнэ. Загвар нь "Хурандаад, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Хэлтсийн дарга хошууч Болд".
14. Цагдаагийн дээд шатны байгууллагаас шалган зааварлах үед шалган зааварлах хэсгийн ахлагч /нэг хүн бол шалгагч/, шалгуулах байгууллагын дарга нар харилцан танилцуулж мэдэгдэнэ. Үүнд:
а/ шалгаж зааварлахаар ирсэн алба хаагч нь байгууллагын даргатай адил буюу ахлах албан тушаалтай байвал байгууллагын дарга ирсэн хүнд танилцуулж мэдэгдэнэ;
б/ шалган зааварлагч нь байгууллагын даргаас албан тушаал, цолоороо доогуур байвал байгууллагын даргад ирсэн зорилгынхоо тухай мэдэгдэнэ.
15. Шалган зааварлахаас бусад албан ажлаар байгууллагад ирсэн алба хаагч нь тухайн байгууллагын даргад ирсэн зорилгынхоо тухай танилцуулж мэдэгдэнэ.
16. Байгууллагын даргыг тухайн өдөр байгууллагадаа анх удаа ирэхэд нь жижүүр илтгэж танилцуулна.
17. Цагдаагийн алба хаагчид албан үүрэг гүйцэтгэж, хичээл сургууль хийж байхад тухайн байгууллагын захирах дарга, дэд дарга, тэдгээрээс дээш албан тушаалтан орж ирвэл "Бос" командаар босч "Номхон" болж, алба хаагчдын дарга буюу ахлах цолтой нь илтгэж танилцуулна. Загвар нь: "Нөхөр хурандаад. Тасгийн бие бүрэлдэхүүн мэргэжлийн хичээл хийж байна. Тасгийн дарга Өлзий". "Бос" командыг дарга, эсхүл удирдах албан тушаалтан ирж явааг түрүүлж харсан алба хаагч өгнө.
18. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа, харуул, эргүүл, хамгаалалтын үүрэг гйцэтгэж байгаа, үзвэр үзэж байгаа, хооллож байгаа, уралдаан тэмцээн явагдаж байгаа, унтаж амрах дохио өгснөөс хойш болон эмнэлгийн байранд "Бос" команд өгөхгүйгээр илтгэж танилцуулна.
Дөрөв. Ёсолж хүндэтгэх журам
19. Захирах дарга, ахлах цолтой хүн алба хаагчид хандаж захирагдагч ба бага цолтой алба хаагч харилцахдаа "Номхон" болж нэр, цол, албан тушаалаа хэлж ёсолно.
20. Цагдаагийн алба хаагчид гудамж, талбай, олон нийтийн газарт уулзахдаа зөвхөн хоорондоо харилцах бол харилцан ёсолж хүндэтгэнэ. Хоорондоо харилцах шаардлага гараагүй бол ёслохгүй.
21. Цагдаагийн албаны байранд болон цагдаагийн байгууллагын албан ёсны үйл ажиллагаа явагдаж байгаа газарт алба хаагчид уулзахдаа бие биедээ ёсолно.
22. Цагдаагийн алба хаагч дор дурдсан тохиолдолд ёсолж хүндэтгэнэ.
Үүнд:
а/Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг, монголын цагдаагийн байгууллагын тугийн дэргэдүүр өнгөрөхдөө;
б/цагдаагийн хүндэт бараа бологчтой оршуулгын ёслолын дэргэдүүр өнгөрөхдөө;
в/ цагдаагийн жагсаалын дэргэдүүр өнгөрөхдөө;
г/цагдаагийн жагсаал зөрж өнгөрөхөд зөвхөн жагсаалын дарга нар ёсолно;
д/Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэхэд жагсаалд байгаа цагдаагийн алба хаагч "Номхон" болж, жагсаалын эхэнд байгаа дарга нар ёсолно. Жагсаалын гадна байгаа цагдаагийн дүрэмт хувцастай цагдаагийн алба хаагчид "Номхон" болж, малгайтай байвал ёсолно.
23. Цагдаагийн алба хаагчид иргэдтэй албан хэргээр харилцахдаа боломжтой бүх тохиолдолд ёсолж, цол, нэрээ хэлнэ.
24. Оршуулгын үед хүндэт бараа болж яваа алба хаагч хүндэт бараа бологчийн үүрэг гүйцэтгэхтэй холбоогүй ямар ч тохиолдолд ёслохгүй.
25. Монгол Улсын хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, цагдаагийнй төв байгууллагын даргын тушаалыг бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулахын өмнө дарга нь "Бос" команд өгч, эрх зүйн актын гарчгийг уншиж дуусмагц "Болно" команд өгч суулгана. Хууль, зарлиг, тогтоол, тушаалд гарын үсэг зурсан хүн өөрийн биеэр оролцож байвал босгохгүй.
26. Төр, засгийн удирдах албан тушаалтан, хүндэт цолтой болон ахмад ажилтан зэрэг хүмүүсийг ирэхэд даргын "Бос" командаар хүндэтгэл үзүүлнэ.
Энэ үед илтгэж танилцуулахгүй.
Тав. Жагсаж хүндэтгэх, талархал илэрхийлэх журам
27. Цагдаагийн байгууллагууд дараахь хүмүүсийг хүрэлцэн ирэхэд жагсаж хүндэтгэл үзүүлнэ:
а/Монгол Улсын Ерөнхийлөгч;
б/Монгол улсын Их Хурлын дарга;
в/Монгол Улсын Ерөнхий сайд;
г/Монгол Улсын маршал;
д/Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга;
е/Цагдаагийн төв байгууллагын даргын нэрэмжит шалгалт удирдахаар томилогдсон хэсгийн ахлагч.
28. Энэ дүрмийн 27 дугаар зүйлийн "а", "б", "в"-д дурдсан хүмүүсийг ирэхэд цагдаагийн байгууллагын тугтай жагсаж хөгжимд "Угтах марш" болон Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлэх бөгөөд илтгэж танилцуулахдаа байгууллагын бүтэн нэр, шагнагдсан хүндэт цол, одонг дурдана.
29. Дарга "Сайн байна уу" гэж мэндчилэхэд жагсаалын дотор ба гадна байгаа албан хаагчид "Амрыг эрье" гэж хариу мэндэлнэ. Дарга явахдаа "Баяртай" гэвэл "Баяртай" гэж хариулна.
30. Цагдаагийн абан хаагчид сайшаал, шагнал хүлээн аваад "Монгол Улсын төлөө зүтгэе" гэж хэлнэ.
31. Цагдаагийн олон алба хаагчид, мөн тодорхой байгууллагын бие бүрэлдэхүүнд сайшаал, шагнал өгвөл босч дарга нь "Монгол Улсын төлөө..." гэж хэлэхэд бүгдээрээ "...зүтгэе" гэж хэлнэ.
32. "Монгол Улсын төлөө зүтгэе" гэж хэлэхдээ малгайтай байвал ёслоно.
Зургаа. Дүрэмт хувцас өмсөх журам
33. Цагдаагийн албан хаагч тогтоосон загвар, өнгө, нэр төрлийн дүрэмт хувцас хэрэглэнэ.
34. Чөлөөнд байгаа цагдаагийн офицер, ахлагч /дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч/ зөвхөн ёслолын үеэр дүрэмт хувцас өмсөж болно.
35. Дүрэмт хувцас, өмсөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар тогтооно.
Долоо. Жагсаалын үзлэг
36. Алба хаагчид цагдаагийн дүрмүүдийг хэрхэн биелүүлж байгаа, дүрэмт хувцас, зэвсэг, тусгай хэрэгслийг хэрхэн зөв хэрэглэж байгаа болон тэдгээрийн бүтэн бүтэн байдлыг шалгах зорилгоор ирсэн хүмүүс явуулна.
37. Жагсаалын үзлэгийн шууд захирах дарга, шалган зааварчлахаар ирсэн хүмүүс явуулна.
38.Жагсаалын үзлэг хийх дарга нь жагсах газар, цаг, шалгах журам, ямар хувцас, зэвсэг, тусгай хэрэгсэлтэй байхыг заана.
39. Жагсаалын үзлэгийг дараахь хугацаанд явуулна:
а/цагдаагийн хүрээний хэмжээнд жилд хоёроос доошгүй удаа;
б/салаа, суман, тасаг, хэсэгт сар бүр нэгээс доошгүй удаа;
б/бусад бүх байгууллагад улиралд нэгээс доошгүй удаа.
Найм. Гал түймрээс хамгаалах журам
40. Цагдаагийн алба хаагч гал түймрийн аюулгүйн журмыг мэдэж биелүүлдэг, гал түймэр унтраах багаж хэрэгслийг ашиглаж чаддаг байх үүрэгтэй.
41. Цагдаагийн байгууллага бүр гал түймрээс хамгаалах, гал гарах үед ажиллах төлөвлөгөө боловсруулж дарга /захирагч/ нь батлан, бие бүрэлдэхүүнд судлуулж хэрэгжүүлнэ.
42. Төлөвлөгөөнд гал түймрийн аюулгүй байдлын арга хэмжээний заавар, гал унтраахад оролцуулах хүч, хэрэгслийн тооцоо, хүн бүрийн ажил үүргийн хуваарийг хоёроос доошгүй хувилбараар хийж эд хөрөнгийг хамгаалах аргачлал боловсруулж нэг хувийг нь цагдаагийн газар, хэлтэс, анги, байгууллагын жижүүрт байлгана.
Ес. Цагдаагийн албан хаагчийн эрүүл мэндийг хамгаалах журам
43. Цагдпаагийн байгууллагын зүгээс гүйцэтгэх үүрэг:
а/алба хаагч бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулах;
б/алба хаагчийн хөдөлмөрлөх эрүүл ахуйн шаардлагыг хангах;
в/бүх алба хаагчийг жилд нэгээс доошгүй удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулах;
г/хүнд, хортой нөхцөлд ажиллагчдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын шаардлагыг хангах;
д/алба хаагч бүрт өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох;
е/эмнэлгийн магадлагааг үндэслэн амралт, сувилалд явж эмчлүүлэх чөлөө олгох.
44. Цагдаагийн алба хаагчийн үүрэг:
а/хувийн эрүүл ахуйн шаардлагыг чанд сахих;
б/биеэ бялдаржуулж чийрэгжүүлэх;
в/эрүүл мэндэд муугаар шууд нөлөөлөх хорт зуршлыг цээрлэх;
г/эмчийн магадлагааг ахлах даргад мэдэгдэж илтгэх.
Арав. Цагдаагийн байгууллагын дотоод журам
45. Цагдаагийн байгууллага бүр дотоод журамтай байна. Дотоод журмыг цагдаагийн тухайн байгууллагын дарга батална.
46. Байгууллагын дотоод журмын зорилго нь ажиллагчид үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэхэд оршино.
47. Дотоод журамд байгууллагын үүргийн талаар дараахь асуудлыг заавал тусгана. Үүнд:
а/цагдаагийн байгууллагын дарга нь байгууллагынхаа хэмжээнд албан ажил эхлэх, дуусах, завсарлах, эргүүл жижүүр халалцах, иргэдийг хүлээн авах өдөр, цагийг орон нутагт болон байгууллагын онцлогийг харгалзан тогтоох;
б/ажлын дэглэм, дотоод журмыг бие бүрэлдэхүүнд цагдаагийн байгууллагын даргын тушаалаар зарлан мэдээлэх;
в/хичээл, сургууль, дадлага хийх журмыг тогтоох;
г/хөдөлмөрийн сахилгыг чанд сахиулж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах арга хэмжээг тусгаж оруулах;
д/алба хаагч нарын хөдөлмөрийн зохион байгуулалтыг оновчтой болгох, ажлын байрны нөхцөлийг хангах.
48. Дотоод журамд алба хаагчийн үүргийн талаар дараахь асуудлыг заавал тусгана. Үүнд:
а/байгууллагаас тогтоосон дотоод дэг журмыг сахин биелүүлж, хариуцсан эд хогшил, техник, багаж хэрэгслийг ариг гамтай эдэлж, хэрэглэх;
б/ажлын цагаар үндсэн үүргээс өөр ажил үүрэг гүйцэтгэхгүй, ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх.
49.Дотоод журамд байгууллагын жижүүрлэлтийн журмыг тодорхой оруулна.
Арван нэг. Цагдаагийн байгууллагын зэвсэглэмж
50. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдад нэгбүрийн зэвсгийг албаны зориулалтаар түр хугацаагаар эзэмшүүлнэ.
51. Албаны шуурхай, бэлэн байдлыг хангах зорилгоор нэгбүрийн зэвсэг, нэгбүрийн тусгай хэрэгслийн нөөцийг орон тооныхоо 10 хувьтай тэнцэх хэмжээгээр байгуулна.
52. Бүлгийн зэвсэг тавьж олгох бол Цагдаагийн ерөнхий газрын дарга тусгайлан тушаал гаргана.
53. Цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх үүрэгт нь тохируулан тусгай хэрэгсэл тавьж олгоно.
54. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тусгай хэрэгслийг бүртгэх, хадгалах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
Арван хоёр. Албаны болон өндөржүүлсэн бэлэн байдал
55. Цагдаагийн тодорхой байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах талаар өөрт ногдсон үүргийг бүрэн биелүүлэх чадвартай байхыг албаны бэлэн байдал гэнэ.
56. Албаны бэлэн байдлыг хангах үүргийг байгууллагын дарга хүлээнэ.
57. Эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлаас шалтгаалан хүн хүч, техник хэрэгслийг ажлын тусгай графикт оруулах, ажлын горимыг өөрчлөх шаардлага гарсан үед өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлнэ.
58. Өндөржүүлсэн бэлэн байдлыг зөвхөн тухайн байгууллагын даргын, эсхүл цагдаагийн дээд шатны байгууллагын даргын тушаалаар зарлана.
59. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх удирдамжийг цагдаагийн төв байгууллагын дарга батална.
Арван гурав. Цагдаагийн цувааны журам
60. Цагдаагийн алба хаагчид болон техник хэрэгслийг автомашин, төмөр замаар тээвэрлэхэд цагдаагийн цувааг зохион байгуулахдаа цагдаагийн цуваа бүрт дугаар олгох бөгөөд цувааны даргыг цагдаагийн эрх бүхий байгууллагын даргын тушаалаар томилно.
61.Цагдаагийн цувааны бүрэлдэхүүнд:
а/цагдаагийн цувааны дарга;
б/холбоочид;
в/техникийн ажилтан;
г/автомашин, вагоны ахлагч;
д/шаардлагатай үед эмчийг томилж оруулна.
62. Цагдаагийн цувааны дарга дараахь үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
а/цагдаагийн алба хаагч, техник хэрэгслийг тогтоосон хугацаанд зохион байгуулалттай суулгаж, ачих, шилжүүлэх, буулгах;
б/автомашин, вагоны ахлагчийн үйл ажиллагааг хянаж удирдах;
в/цагдаагийн цувааны бие бүрэлдэхүүнд цувааны журам дэлэмийг танилцуулах;
г/цувааны холбоог зохион байгуулж, цувааны журам, аюулгүй арга хэмжээг бие бүрэлдэхүүн хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
д/цувааны үед гарсан техникийн саатал, гэмтлийг цаг алдалгүй засуулах арга хэмжээ авах;
е/цувааны машин, техникийг цэнэглэх, бие бүрэлдэхүүний хооллох, амрах журмыг тогтоож мөрдүүлэх.
63. Цувааны дарга нь цувааны үед цагдаагийн байгууллагын даргын эрх хэмжээг эдэлнэ.
64. Автомашин, вагоны ахлагч дараахь үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
а/автомашин, вагонд суух бие бүрэлдэхүүний нэрсийн жагсаалтыг үйлдаж, зэвсэглэл, бусад эд хэрэгслийн тоог мэдэх, тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хөдлөхийн өмнө шалгах;
б/бие бүрэлдэхүүнийг суух, буух, байрлуулах ажлыг удирдах;
в/цувааны бие бүрэлдэхүүнд хамааралгүй хүн, ачааг зөвшөөрөлгүйгээр суулгахгүй, ачихгүй байх;
г/ аюулгүйн арга хэмжээ болон гал түймрээс сэргийлэх журмыг сахиулах;
д/цагдаагийн цувааны үед бие бүрэлдэхүүнээс өвчилсөн, замд хоцорсон, ачаанаас алга болсон ба тодорхойгүй ачаа нэмэгдсэн, техникийн саатал, бусад зөрчил гарсан бол цувааны даргад нэн даруй мэдэгдэх.
Арван дөрөв. Цагдаагийн байгууллагын түүхийг бичих
65. Цагдаагийн тасаг ба түүнээс дээд шатны байгууллага, сургууль түүхэн замналын дэвтэртэй байна.
66. Түүхэн замналын дэвтэрт ажил, сурлагын онцгой амжилт гаргасан алба хаагчийн тухай байгууллагын даргын тушаалаар бичнэ. Цагдаагийн алба хаагчийн зургийг түүхэн замналын дэвтэрт нааж, гаргасан амжилт, байгуулсан гавьяаны тухай товч бичнэ.
67. Цагдаагийн тасаг ба түүнээс дээш шатны байгууллага жил бүр өөрийн тухайн оны түүхийг бичиж он дарааллаар дэвтэрлэж хадгална.
--------оОо---------
Текст томруулах
A
A
A