A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 85 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН САХИЛГЫН ДҮРЭМ
 
     1. Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм /цаашид "Сахилгын дүрэм" гэнэ/ нь цагдаагийн алба хаагчдад тавигдах нийтлэг шаардлага, түүнийг биелүүлэхэд амжилт гаргагчдад сайшаал хүртээх, тэдгээр шаардлагыг зөрчигчдөд шийтгэл хүлээлгэх харилцааг зохицуулна.
     2. Цагдаагийн алба хаагчийн сахилга нь энэ дүрэмд заасан эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээг сахиж биелүүлснээр илэрхийлэгдэнэ.
     3. Цагдаагийн алба хаагч дор дурдсан хууль тогтоомж, төрийн байгууллагын болон албан тушаалтны шийдвэрийн холбогдох заалтыг даган биелүүлнэ:
     а/Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж;
     б/Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр;
     в/цагдаагийн төв байгууллага болон түүний албад, цагдаагийн дээд шатны болон тухайн байгууллагын шийдвэр;
     г нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын шийдвэр.
     4. Цагдаагийн алба хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байж, түүнийг ёсчлон биелүүлнэ.
     5. Цагдаагийн алба хаагч нь цагдаагийн дотоод албаны дүрэм, хүрээний дүрэм, эргүүл, харуулын албаны дүрэм зэрэг цагдаагийн дүрмүүд, цагдаагийн байгууллагын дотоод журмын заалтыг сахиж биелүүлнэ.
     6. Цагдаагийн алба хаагч нь ажил, үүргийн хуваариар өөрт оногдсон үүрэг, захирах даргын тушаалыг биелүүлнэ.
      7. Цагдаагийн алба хаагчийн ёс зүйг сахиж биелүүлнэ.
     8. Цагдаагийн алба хаагчид дор дурдсан сайшаал хүртээнэ. Үүнд:
     а/баяр хүргэж бие бүрэлдэхүүнд мэдээлэх;
     б/урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах;
     в/арав хүртэл хоногийн нөхөн сэргээх амралт олгох;
     г/баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнах;
     д/үнэ бүхий зүйл, мөнгөн шагналаар шагнах;
     е/сарын үндсэн цалинг 20 хүртэл хувиар гурав хүртэл сарын хугацаанд нэмэгдүүлэх;
     ж/зургийг нь хүндэт самбарт тавих;
     з/Цагдаагийн ерөнхий газрын жуух бичгээр шагнах;
     и/онцчуудын энгэрийн тэмдгээр шагнах;
     к/Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журамд нийцүүлэн хугацааны өмнө цагдаагийн цол олгох, албан тушаалд заасан цолны зэргээс нэг шат дээгүүр цол олгох;
     л/Цагдаагийн ерөнхий газрын хүндэт тэмдгээр шагнах.
     9.Цагдаагийн алба хаагчийн сахилгыг сахиж, үүргээ биелүүлэх талаар онцгой болон тогтвортой амжилт гаргасан нь сайшаал хүртээх үндэслэл болно.
     10. Сайшаал хүртээхдээ алба хаагчийн гаргасан амжилт, ажилласан хугацаа, албаны төрөл, мэргэжлийг харгалзана.
     11. Сахилгын зөрчил гаргасан цагдаагийн алба хаагчид дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна:
     1/сануулах;
     б/цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;
     в/сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах;
     г/цагдаагийн цолыг бууруулах буюу хасах;
     д/албанаас халах.
     12. Цагдаагийн алба хаагчийн сахилгыг санаатайгаар, санамсар болгоомжгүйгээс зөрчсөн, албаны үүрэг, цагдаагийн ёс зүйг биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
     13. Сахилга, дэг  журмыг бэхжүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй, эрхээ бүрэн эдлээгүй дарга /захирагч/ сахилгын хариуцлага хүлээнэ.
     14. Цагдаагийн алба хаагч гаргасан зөрчилдөө захиргааны шийтгэл хүлээсэн бол сахилгын шийтгэл давхардуулан хүлээлгэхгүй.
     15. Цагдаагийн алба хаагч захиргааны зөрчил гарган захиргааны шийтгэл хүлээхдээ сахилгын зөрчил давхар гаргасан бол захиргааны шийтгэл хүлээснийг үл харгалзан сахилгын шийтгэл ногдуулна.
     16. Энэ дүрмийн 11 дүгээр зүйлийн "а", "б", "в"-д заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 6  сарын хугацаанд, мөн зүйлийн 2-д заасан сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаанд тус тус дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.
     17. Цагдаагийн алба хаагчид энэ дүрмийн 11 дүгээр зүйлийн "а", "б", "в"-д заасан шийтгэл ногдуулснаас хойш 3 сар, "г"-д заасан шийтгэл ногдуулснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэлийг ногдуулсан албан тушаалтан хугацаанаас нь өмнө арилгаж болно.
     18. Цагдаагийн байууллагын дор дурдсан албан тушаалтан сайшаал хүлээлгэх, шийтгэл ногдуулах талаар дараахь эрх эдэлнэ:
     а/энэ дүрмийн 8 дугаар зүйлийн  "в", "г", "ж"-д заасан сайшаал хүртээх, 11 дүгээр зүйлийн "б"-д заасан шийтгэл оногдуулах эрхийг Цагдаагийн тухайн алба, байгууллагын дарга, захирагч эдэлнэ;
     б/энэ дүрмийн 8 дугаар зүйлийн "б", "д", "к"-д заасан сайшаал хүртээх 11 дүгээр зүйлийн "г", "д"-д заасан шийтгэл оногдуулах эрхийг цагдаагийн байгууллагын дарга, захирагч нар эрх хэмжээнийхээ хүрээнд эдэлнэ;
     в/энэ дүрмийн 8 дугаар зүйлийн "е"-д заасан сайшаал хүртээх, 11 дүгээр зүйлийн "в"-д заасан шийтгэл ногдуулах эрхийг тухайн алба хаагчийг шууд захирах салаа, сумангийн захирагч, хэлтэс, тасгийн дарга, ахлах ажилтан эдэлнэ;
     г/энэ дүрмийн 8 дугаар зүйлийн "а"-д заасан сайшаал хүртээх, 11 дүгээр зүйлийн "а"-д заасан шийтгэл ногдуулах эрхийг цагдаагийн алба хаагч дотоод дүрэмд заасан захирах, захирагдах журмын дагуу эдэлнэ;
     д/энэ дүрмийн 8 дугаар зүйлийн "з", "и", "л"-д заасан сайшаал хүртээх эрхийг зөвхөн цагдаагийн төв байгууллагын дарга эдэлнэ;
     е/цагдаагийн хүрээний дарга нь энэ дүрмийн 8 дугаар зүйлийн "а", "в", "е"-д заасан сайшаал хүртээх, 11 дүгээр зүйлийн "а", "б", "в"-д заасан шийтгэл ногдуулах эрхийг эдэлнэ;
     ж/цагдаагийн бүх шатны байгууллагын дэд дарга нар энэ дүрмийн 18 дугаар зүйлийн "а", "д"-д зааснаас бусад сайшаал хүртээх, шийтгэл ногдуулах эрхийг тухайн байгууллагад ажиллагчдын хүрээнд эдэлнэ;
     з/цагдаагийн байгууллагын албан тушаалтан шаардлагатай гэж үзвэл доод шатны дарга, захирагчийн эдлэх сайшаал, шийтгэлийн эрхийг эдэлж болно;
     и/цагдаагийн хүрээний дарга нь тухайн нутаг дэвсгэрт байнга болон түр байрлаж байгаа, зорчиж яваа, дамжин өнгөрч яваа цагдаагийн алба хаагчид эрх хэмжээнийхээ хүрээнд сайшаал хүртээх, сахилгын шийтгэл хүлээлгэх эрх эдэлж болно.
      19. Сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэм хэмжээнд тохирч байх ёстой.
     20. Гаргасан зөрчил нь эргүүл, жижүүрлэлтийн үед болон согтуурсны улмаас, эсхүл бүлэглэн үйлдэгдсэн байвал шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл болно.
     21. Сахилгын шийтгэл хүлээлгэх эрхээ хэтрүүлсэн дарга /захирагч/ хариуцлага хүлээнэ.
     22. Доод шатны дарга, алба хаагч эрхээ хэтрүүлээгүй тохиолдолд түүний хүлээлгэсэн сахилгын шийтгэлийг ахлах дарга нь хөнгөрүүлэх буюу хүчингүй болгох эрхгүй.
     23. Алба хаагч нь сайшаагдаж, шийтгэгдсэн тухай түүний хувийн хэрэгт /үнэлэмжийн хуудсанд/ нь тэмдэглэнэ.
     24. Цагдаагийн алба хаагч нь өөрт оногдуулсан сахилгын шийтгэлийг үндэслэлгүй, эсхүл хүндэдсэн гэж үзвэл дээд шатны даргад 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
     Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 14 хоногт багтаан шийдвэрлэж хариу өгнө. Сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагч гомдлоо хууль тогтоомжид заасны дагуу шүүхэд гаргаж болно.
 
--------OOO-------