A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 186 дугаар тогтоолын хавсралт

ХИМИЙН ХОРТ БОДИС АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Химийн хорт бодис ашиглах үйл ажиллагааг зохицуулах зөвлөл (цаашид "зөвлөл" гэнэ) нь Химийн хорт бодисын тухай хууль, Монгол Улсын нэгдэн орсон химийн чиглэлийн олон улсын конвенциуд болон химийн аюулгүй байдлыг хангах бусад бодлогыг төрийн захиргааны төв байгууллагуудаас хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийг дагаж мөрдөнө.Зөвлөл орон тооны бус байна.
2.Зөвлөл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллах бөгөөд аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд салбар зөвлөлтэй байна.
З.Зөвлөлийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дарга (сайд), салбар зөвлөлийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга нар байна.
4.Зөвлөл нь салбар дундын шинж чанартай ажиллах бөгөөд түүний бүрэлдэхүүнд холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын зохих албан тушаалтан, химийн мэргэжлийн хүмүүс  орсон байна.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг холбогдох яам, агентлаг, аж ахуйн нэгж, байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр зөвлөлийн дарга, салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар батална.
5.Зөвлөл нь бодлого, зохицуулалт хариуцсан болон хяналтын асуудал хариуцсан хоёр орлогч даргатай байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын химийн асуудал хариуцсан мэргэжилтэн, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тухайн чиглэлийн асуудал хариуцсан ажилтан байна.
6.Зөвлөл 15-аас доошгүй, салбар зөвлөл 7-гоос доошгүй гишүүдээс бүрдэнэ.
7.Шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн гишүүдэд зөвлөлийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэй үнэмлэх олгож болно.
8.Зөвлөл нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын хэвлэмэл хуудас, тэмдгийг хэрэглэнэ.Зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэх байгууллага холбогдох матриалаа зөвлөлийн нарийн бичгийн даргад өгнө.Хурлын материалыг хурал болохоос 5 хоногийн өмнө зөвлөлийн гишүүдэд тараана.
9.Монгол улс нэгдэн орсон химийн чиглэлийн олон улсын Конвенци бүрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий үндэсний алба, хороо, ажлын хэсгийг зөвлөлийн даргын шийдвэрээр томилж ажиллуулна.
10.Үндэсний алба, хороо, ажлын хэсэг нь тухайн конвенциэр Монголын талын хүлээсэн үүрэг, хууль тогтоомжид энэ чиглэлээр заасан заалтыг хэрэгжүүлэх ажлыг зохицуулан зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих, олон улсын болон холбогдох байгууллагатай мэдээлэл солилцох, иргэдийг мэдээллээр хангах ажлыг хариуцна.
11.Монгол улс нэгдэн орсон аливаа олон улсын Конвенцийн эх бичвэрийн монгол  хэл дээрх орчуулгын хуулбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, тухайн Конвенци хариуцсан алба, хороо, ажлын хэсгийн ахлагчид тус бүр нэг хувь хадгалагдана.
12.Зөвлөлийн хурлыг шаардлагатай үед олонхийн ирцтэй хийнэ.Хуралдааныг зөвлөлийн дарга удирдах бөгөөд түүний эзгүйд орлогчид удирдана.
13.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж, зөвлөмж гаргана.
14.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлж, бодлого, зохицуулалт хариуцсан орлогч даргаар гарын үсэг зуруулан тэмдэг дарж баталгаажуулна.
15.Салбар зөвлөл зохих хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн хэмжээнд мэргэжлийн санал, дүгнэлт гаргахдаа тухайн орон нутагт байгаа мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах, мөн ажлын хэсэг байгуулан ажиллуулна.
16.Салбар зөвлөл тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэнэ.
17.Зөвлөл болон салбар зөвлөлийн гишүүдэд хуралд оролцсон байдал, идэвх санаачилга, ажлын үр дүнг харгалзан урамшуулал, ажлын хөлс олгоно.
18.Зөвлөлийн санхүүжилтийн асуудлыг зөвлөлийн болон салбар зөвлөлийн дарга зохицуулан шийдвэрлэнэ.
 
Хоёр.Зөвлөлийн үүрэг, бүрэн эрх
Зөвлөл дараахь үүргийг хэрэгжүүлнэ:
1.Химийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бодлого тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, өөрчлөлт оруулах санал боловсруулахад мэргэжлийн зөвлөлгөө өгөх.
2.Химийн хорт бодисоос хамгаалах, түүнийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавих.
З.Монгол Улсын нууцын зэрэглэлийн шаардлага зөрчихгүйгээр улсын хэмжээнд хэрэглэж байгаа химийн хорт бодисын ашиглалт, зарцуулалтын тайлан гаргах, тооллого явуулах, улсын бүртгэл хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг зохион байгуулах.
4.Химийн хорт бодистой харьцаж ажиллагчдын мэдлэг, дадлагыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах, иргэдийг химийн хорт бодисоос хамгаалах асуудлаар төрөл бүрийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах.
5.Монгол Улсын хилээр нэвтэрч буй химийн хорт бодисын талаархи мэдээллийг улирал тутам гаалийн байгууллагаар гаргуулан авч, дүгнэлт хийх үндсэн дээр олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах, өөрийн орны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг химийн хорт бодисын тухай мэдээллээр хангах.
6.Химийн хорт бодисыг үйлдвэрлэх, экспортлох, импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, хэрэглэх, устгах үйл ажиллагааг зохицуулахтай холбогдсон дүрэм, журам, зааврын төслийг хэлэлцэж зөвлөмж, дүгнэлт гаргах.
7.Химийн хорт бодисоос хамгаалах, түүнийг ашиглах үйл ажиллагааг зохицуулах асуудлаар салбар зөвлөлийн ажилд арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх, нэгдсэн бодлого, удирдлагаар хангах.
8.Монгол Улс нэгдэн орсон химийн чиглэлийн олон улсын Конвенциудыг хэрэгжүүлэхэд Монголын талын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, энэ талаар холбогдох санал, зөвлөмж боловсруулах.
9.Салбар зөвлөлийн ажлын тайланг хэлэлцэж, зөвлөмж гаргах.
Зөвлөл дараахь эрхийг хэрэгжүүлнэ:
1.Химийн хорт бодисын асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах, хяналт тавих хэсэг байгуулахад холбогдох мэргэжилтэн, шинжээч, улсын байцаагч, яамны мэргэжилтнүүдийг татан оролцуулах.
2.Химийн хорт бодисын чиглэлээр аливаа байгууллагаас гаргасан шийдвэр нь химийн хорт бодисын хууль тогтоомжийн заалт, химийн аюулгүй байдлыг хангах бодлоготой нийцэхгүй гэж үзвэл хүчингүй болгох саналаа зохих байгууллагад тавих.
З.Эрх бүхий байгууллагаас онцгой хортой химийн бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, хэрэглэх, устгах зөвшөөрөл авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дүгнэлт гаргаж өгөх.
4.Энэ дүрэмд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас шаардлагатай мэдээ, тайлан, судалгаа, баримт материалыг гаргуулан авах.
5.Химийн хорт бодис ашиглаж байгаа байдалд шалгалт, тооллого, ажлын зураг авалт хийх, шинжилгээнд сорьц авах ажлаар зөвлөлийн гишүүд аж ахуйн нэгж, үйлдвэр, байгууллагад чөлөөтэй нэвтрэх.
6.Монгол Улс нэгдэн орсон Конвенцийн чиглэлээр болон зөвлөлийн эрхэлсэн ажлын хүрээнд зохиогдох олон улсын сургалт, хурал, семинарт уг асуудлыг хариуцсан алба, хороо, ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг оролцуулах.
 
------оОO-------