A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 311 дугаар тогтоолын 2-р хавсралт

МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ТАРИФЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
  НЭГ.Нийтлэг үндэслэл
1.Гаалийн татварын бодлогыг боловсруулах, тарифтай холбоотой асуудал, тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Гаалийн тарифын зөвлөл /цаашид ПзөвлөлР гэх/-ийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
2.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомж болон энэхүү дүрмийг удирдлага болгоно.
З.Зөвлөл нь дарга, дэд болон нарийн бичгийн даргатай байна.
4.Зөвлөлийн дарга нь Сангийн сайд байна.Сангийн сайд зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж түүний үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг Монгол Улсын Засгийн газрын өмнө хариуцна.Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүргийг дэд дарга гүйцэтгэнэ.
5. Зөвлөлийн дэд дарга нь Үйлдвэр, худалдааны дэд сайд, нарийн бичгийн дарга нь Үйлдвэр, худалдааны яамны худалдааны бодлого, хамтын ажиллагааны газрын дарга байна. /Засгийн газрын 2000 оны 166 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав/
6.Зөвлөлийн бүрэлдэхүүнд гадаад харилцаа, гааль, санхүүгийн төв байгууллага болон төрийн холбогдох байгууллагын төлөөлөгчид орно.     
7.Зөвлөлийн хурлаас санал, дүгнэлт гаргана.
8.Зөвлөлийн хуралд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон байвал түүнийг хүчин төгөлдөр гэж үзнэ.Хурлыг зөвлөлийн дарга удирдана.  
Санал, дүгнэлтийг хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар батална.
9.Зөвлөл нь баталсан санал, дүгнэлтээ Засгийн газарт оруулна.
10.Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, зохих журмын дагуу хийгдсэн тэмдэг хэрэглэнэ.
11.Зөвлөлөөс тооцоо, судалгаа хийх болон үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Үйлдвэр, худалдааны яамны жилийн төсөвт тусгайлан тусгаж санхүүжүүлнэ. /Засгийн газрын 2000 оны 166 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав/
  ХОЁР.3өвлөлийн бүрэн эрх, үйл ажиллагаа
12.Гаалийн тарифын зөвлөл нь дараахь асуудлаар санал, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байна:
а/гаалийн татварын бодлогыг боловсруулах, гаалийн тарифын зохистой тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын эдийн засгийн ашиг сонирхол, зах зээл, үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор импорт, экспортын гаалийн тарифын хувь, хэмжээг оновчтой тогтоох;
б/гаалийн тарифын хувь, хэмжээг өөрчлөн зохицуулах;
в/нэмэгдэл татвар /тусгай татвар, демпингийн эсрэг татвар, нөхөн төлөөсийн татвар/ ногдуулах;
г/хөгжилтэй орнуудаас хөгжиж буй орнуудад үзүүлдэг тарифын хөнгөлөлтийг бүрэн дүүрэн ашиглах талаар судалгаа хийлгүүлэх, тарифын хэлэлцээ хийх;
д/гаалийн татварын холбогдолтой хууль тогтоомжийг олон улсын эрх зүйд нийцүүлэх;
е/хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай бусад асуудал.
13.Зөвлөлийн гишүүн нь өөрийн хариуцсан хүрээн дэх гаалийн асуудалтай холбогдсон санал, дүгнэлтийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
14.Гаалийн татварын хувь хэмжээг тогтоох, гаалийн татварт өөрчлөлт оруулах, нэмэгдэл татвар ногдуулах, гаалийн бодлогыг боловсронгуй болгох, гаалийн тарифын тогтолцоог сайжруулахтай холбогдуулж аливаа сонирхогч байгууллага, этгээдийн гаргасан саналыг зөвлөл хянан үзэж, шаардлагатай тохиолдолд зөвлөлийн хуралд оруулж хэлэлцүүлнэ.
15.Энэ дүрмийн 13, 14-т заасны дагуу зөвлөлд асуудал оруулж буй гишүүн, сонирхогч байгууллага, этгээд нь саналаа зөвлөлийн нарийн бичгийн даргад холбогдох үндэслэл, судалгаа, тооцооны хамт ирүүлнэ.                 Нарийн бичгийн дарга асуудлыг зөвлөлийн даргад танилцуулах бөгөөд зөвлөлийн дарга уг асуудлыг хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж  үзвэл хурлын хугацааг товлоно.
16.Зөвлөлийн хурлын явцын талаар тэмдэглэл хөтөлнө.Энэхүү тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурсан байна.
17.Зөвлөл санал, дүгнэлтээ гаргахын өмнө түүний үндэслэл, тухайн асуудалтай холбогдож үүссэн болон цаашид бий болох нөхцөл байдлыг нарийвчлан судалж, шаардлагатай тохиолдолд уг асуудлыг хууль тогтоомжийн дагуу шинжээчийг татан оролцуулж шалгуулж болно.
18.Зөвлөл өөрийн үйл ажиллагааны хүрээнд холбогдох тооцоо, судалгаа гаргуулах, мэдээ баримт бүрдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж  болно.
 
--------оОо--------
 
/Засгийн газрын 2000 оны 166 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав/