A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 58 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛТНЫ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ДҮРЭМ        
Нэг.Ерөнхий зүйл
1.Төрийн захиргааны албан тушаалтан (цаашид албан хаагч гэнэ) сайдын эрхлэх асуудлын хүрээнд болон тухайн байгууллагын өмнө тавигдсан зорилго, зорилтыг (төрийн бодлогыг) хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүргээ биелүүлэх үйл ажиллагаандаа баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээг тогтоож хэвшүүлэхэд энэ дүрмийн зорилго оршино.
2.Энэ дүрэм нь төрийн албыг зөв явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээ чанд биелүүлэх, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг гаргуулахгүй байлгах, улмаар тэднийг аливаа зөрчил, гажуудлаас сэргийлж, нэр төрийг нь хамгаалахад чиглэгдэнэ.
 
Хоёр.Албан хаагчийн баримтлах зарчим, ёс зүйн хэм хэмжээ
3.Албан хаагч үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэх зарчим баримтална:
1/албан хаагч төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна бодлого боловсруулахад туслах үүрэгтэй оролцдогийн хувьд мэргэжлийн өндөр түвшинд судалж боловсруулсан санал, иж бүрэн, үндэслэлтэй зөвлөлгөөгөөр удирдлагыг хангаж, удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг хэлж анхааруулж байна;
2/бодлогын чанартай эцсийн шийдвэр гаргах нь удирдлагын онцгой эрхэд хамаарах учир албан хаагч тодорхой асуудлаар өөр саналтай байлаа ч гэсэн хуульд нийцүүлэн гаргасан удирдлагын шийдвэрийг биелүүлнэ;
3/албан хаагч нь ажил төрөлд холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах буюу удирдлагаас шийдвэр гаргахад аливаа байдлаар саад учруулж, цаг алдагдуулахыг цээрлэнэ;
4/албан хаагч удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар, чиглэлийн дагуу эрхэлж буй ажил үүргийнхээ хүрээнд Засгийн газраас явуулж буй бодлого, түүний хэрэгжилт, тухайн байгууллагаас хийж байгаа ажил,  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж болох боловч албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тарааж дэлгэрүүлэхийг цээрлэнэ;
5/албан хаагч ажил үүргийн дагуу удирдах албан тушаалтанд өгсөн  зөвлөлгөө болон нийтэд мэдээлээгүй бусад мэдээллийг тараах, тухайн байгууллагаас явуулж буй бодлогыг албан хаагчийн хувьд гуйвуулан шүүмжлэх, эсхүл тэдгээр бодлого, үйл ажиллагааг өөрийн санаачилга мэтээр ярьж сайрхахыг цээрлэнэ;
6/албан хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ аль нэг улс төрийн хүчин, намыг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж, зөвхөн  төр, засагтаа үйлчилж ажиллана;
7/албан хаагч төрийн бус байгууллагад сонгогдож, томилогдож болох боловч тэрхүү сонгууль, томилолт нь албан хаагчийн хувьд албан үүргээ гүйцэтгэхэд нь саад болохгүй байвал зохино;
8/албан хаагч Улсын Их Хурлын гишүүн болон улс төр, төрийн бус байгууллагын орон тооны албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлж болох бөгөөд энэ тухайгаа байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд мэдэгдсэн байна.
4.Албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгүй байхын зэрэгцээ хамт ажиллаж байгаа болон бусад хүмүүсийн эрхийг хүндэтгэх, төр, засгаас хүлээлгэсэн итгэлийг дааж ажиллах зарчим баримтална:
1/албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдийг ялгаварлахгүй хандаж, хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан заавар, журмыг чанд мөрдөж ажиллах бөгөөд хүнд суртал гаргах, чирэгдүүлэх зэргийг цээрлэнэ;
2/албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэхдээ танил тал харахгүй, аливаа хувь хүн болон байгууллагын эрх ашгийг илүүд үзэхгүй, хувь хүний холбогдолтой мэдээллийг нийтэд тараахгүй, зөв үйл ажиллагаагаараа төр, засаг, олон түмний холбоог бэхжүүлнэ;
3/албан хаагч тухайн байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйл, байгууллагын албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахыг цээрлэнэ;
4/албан хаагч төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, аль нэг этгээдийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээх байдалд түүнийг оруулж болзошгүй бэлэг, шагнал, урамшуулал авахыг цээрлэнэ.
5.Албан хаагч хувийн үйл ажиллагаагаараа төрийн байгууллага, төрийн ажилтны нэр хүндийг хамгаалж,  итгэлийг нь дааж ажиллах зарчмыг баримтална:
1/албан хаагч төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн заавар, шийдвэрийг биелүүлж ажиллана;
2/албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэнэ;
3/албан хаагч эрхэлж буй ажлынхаа холбогдолтой асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон засгийн газрын гишүүн зэрэг улс төрийн албан тушаалтантай саналаа солилцож болох боловч ярилцах асуудлын чиглэлийг удирдлагадаа урьдчилан танилцуулсан, эсхүл удирдлагатай тохиролцсон байр суурийг төрийн захиргааны албан хаагчийн хувьд баримталж ярианы дүнг удирдлагад мэдээлж байна.
4/албан хаагч ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа байдал гаргахыг цээрлэнэ;
5/албан хаагч хууль, дүрэм, заавар, журмыг чанд мөрдөж ажиллахын хамт зан харьцааны дутагдал гаргахгүй ажиллахыг эрхэмлэвэл зохино.
 
---оОо---