- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
Засгийн газрын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙН САХИЛГЫН ТУСГАЙ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь гаалийн улсын байцаагчийн /цаашид "байцаагч" гэх/ сахилгын үндсэн агуулга, хэм хэмжээг тогтоож, түүнийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх, түүнд хяналт тавих харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Байцаагчийн сахилгын үндсэн зарчим
2.1. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулийг чанд сахин биелүүлж, бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг гаргуулахгүй байж, татвар, хураамжийг үнэн зөв ногдуулан улсын төсвийн орлого, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалан албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд шударгаар биелүүлнэ.
2.2. Авилгалаас ангид байж, хууль тогтоомж зөрчсөн үйлдэлтэй тэмцэх, хуулийн хүрээнд хийгдэж байгаа худалдааг дэмжих, худалдааны шударга байдлыг хангахын төлөө ажиллана.
Гурав. Байцаагчийн сахилгын шаардлага
3.1. Улсын болон хувийн эрх ашиг зөрчилдөж болох аливаа нөхцөл байдалд орохоос цаг ямагт өөрийгөө сэргийлж, хууль тогтоомжид хориглохоор заасан болон дараахь үйлдэл гаргахыг хориглоно:
3.1.1. гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт явуулахын өмнө болон явцад, түүнчлэн тухайн үед ажил үүрэг гүйцэтгээгүй байхдаа үйлчлүүлэгч байгууллага, иргэнтэй үгсэн тохирч татвар, хураамж болон зөрчлийг хөнгөлөх, нуун дарагдуулах;
3.1.2.гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийг дутуу хийж татвараас зайлсхийх, бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх боломж бусдад олгох;
3.1.3.гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийг хийсний төлөө үйлчлүүлэгч байгууллага, иргэнээс барааг нь үнэгүй авах, хөнгөлөлттэй үнээр худалдан авах, үйлчлүүлэх, зээл, бэлэг дурсгалын зүйлс авах, өгөх, зуучлах, дэмжих, зөвлөх, тэдний зардлаар гадаад, дотоодод зорчих, байрлах, хоол, цайллаганд уригдах зэрэг хууль бус хангамж эдлэх;
3.1.4.гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, үйлдэхэд оролцох, энэ талаар зөвлөлгөө, зааварчилга өгөх;
3.1.5.гаалийн байгууллагаас хийгдэх гэж байгаа хяналт, шалгалтын талаар шалгуулах байгууллага, иргэнд мэдэгдэх, гаалийн хяналт, шалгалтын нарийн нууц үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, стратеги, тактикийг задруулах;
3.1.6. гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлт, санхүүгийн үйл ажиллагаанд хөтлөгддөг баримт, маягтыг үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, хууль бусаар ашиглах;
3.1.7. албан тушаалаа ашиглан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа болон бусад бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх үүрэг хүлээх, нэвтрүүлэхэд оролцох;
3.1.8. албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээлэл, тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг ашиглах, хуурамч баримт бичиг, тодорхойлолт, баталгаа үйлдэх, тэмдгээ дарах, тэмдгээ ашиглах боломж бусдад олгох;
3.1.9. сэтгэц нөлөөт болон мансууруулах бодис хэрэглэх, ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа хэрэглэх.
3.2. Үйлчлүүлэгчдийг чирэгдүүлэх, хүнд суртал гаргахыг цээрлэнэ.
3.3. Өөрийн өмч, орлого, түүнд орсон өөрчлөлтийн талаар хууль тогтоомжид заасны дагуу мэдээлж байна.
3.4. Гаалиар үйлчлүүлдэг байгууллага, иргэнээр зуучлуулан эсвэл хууль бус баталгааны үндсэн дээр зээл авах, өр үүсгэх, өрөнд орох, мөрийтэй тоглоом тоглохыг цээрлэнэ.
3.5. Албан ёсны арга хэмжээ, хүлээн авалтад оролцох үедээ согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай зүй бусаар харьцах, дэг журам зөрчихийг цээрлэнэ.
Дөрөв. Байцаагчийн сахилгад тавих хяналт
4.1. Байцаагчийн сахилгад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох эрх, үүрэг бүхий Сахилгын хороо /цаашид "хороо" гэх/ Улсын гаалийн ерөнхий газарт ажиллана.
4.2. Хороог Улсын гаалийн ерөнхий газрын дарга байгуулна.
4.3. Гаалийн удирдах төв байгууллагын дэд дарга, хэлтсийн дарга, харьяа гаалийн газар, хороо, төв, албаны дарга өөрийн хариуцсан нэгжид ажилладаг байцаагчдын хууль тогтоомж, энэ дүрмийн биелэлтэд өдөр тутмын хяналт тавьж, зөрчсөн тохиолдолд үндэслэл, саналаа баримт материалын хамт Хороонд ирүүлнэ.
4.4. Хороо нь зөрчил, баримт материалыг шалгах ажиллагааг явуулж, дараахь дүгнэлтийг гаргана:
4.4.1. тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон, шаардлагатай бол хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлж шалгуулах;
4.4.2. баримт, материалыг дахин шалгуулах, нэмэлт баримт материал бүрдүүлэхээр буцаах, шаардлагатай гэж үзвэл тодорхой албан тушаалтныг томилж шалгуулах;
4.4.3. байцаагчийн албан тушаал, эрхийг хуульд заасан үндэслэл, тодорхой баримтын үндсэн дээр түдгэлзүүлэх тухай санал гаргах;
4.4.4. зөрчил нь нотлогдож эрүүгийн хариуцлага хүлээхээс бусад тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах;
4.4.5. зөрчил нь нотлогдоогүй тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг хэрэгсэхгүй болгох, зөрчил гаргаагүй гэж үзэх.
4.5. Хороо нь шаардлагатай гэж үзвэл нэмэлт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авна.
4.6. Хороо нь иргэдийн өргөдөл, гомдол, мэдээлэл, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлээр болон удирдлагын санаачилгаар хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэ дүрмийг зөрчсөн үндэслэлийг шалгана.
4.7. Хороо нь хууль тогтоомж, энэхүү дүрмийг зөрчсөн эсэхийг шалган тогтоох ажиллагааг явуулахдаа дараахь үүргийг хүлээнэ:
4.7.1. байцаагчийн гаргасан зөрчилд холбогдох нотлох баримтыг бүрэн бүрдүүлсэн байх;
4.7.2. хорооны үйл ажиллагаа, дүгнэлт нь хуульд нийцсэн, шударга ёс, тэгш байдлыг хангасан байх;
4.7.3. сахилгын талаар нэгдсэн дүгнэлт гаргах.
4.8. Зөрчилд холбогдогч нь баримт материалтай танилцах, нэмэлт тайлбар хийх, дахин шалгаж тодруулахыг шаардах эрхтэй ба энэ тухай албан ёсоор тавина.
Тав. Сахилгын шийтгэл ногдуулах
5.1. Хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байцаагчийн үйлдэл, эс үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай болон Гаалийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.
5.2. Хууль тогтоомж болон энэ дүрмийн Гурвын 1-д хориглохоор заасныг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл нь гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
5.3. Сахилгын шийтгэл ногдуулах тухай Улсын гаалийн ерөнхий газрын даргын тушаал гарна.
5.4. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг сахилгын шийтгэл хүлээсэн байцаагчид танилцуулж, гарын үсэг зуруулан хувийн хэрэгт хавсаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл байгууллагын хамт олонд мэдээлнэ.
5.5. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Төрийн эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалтаар илэрсэн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахад энэ хугацааг баримтлахгүй.
5.6. Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.
5.7. Байцаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
5.8. Сахилгын шийтгэлийн талаар Төрийн албаны зөвлөл болон шүүхэд гомдол гаргасан нь түүнийг биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Зургаа. Бусад
6.1. Гаалийн албанаас халах, эрхийг хасах сахилгын шийтгэл хүлээсэн, эрх нь түдгэлзсэн байцаагч нь хувийн дугаар бүхий тэмдэг, энгэрийн тэмдэг, үнэмлэх, тооцоот хуудас, дүрэмт хувцасны тооцоог ажлын 5 хоногт багтаан хийж дуусгасан байна.
6.2. Байцаагчид гаалийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах нь төрийн албанаас чөлөөлөх, гаалийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
6.3. Албан тушаалыг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах сахилгын шийтгэлийг Гаалийн улсын ахлах байцаагч түүнээс дээш албан тушаал эрхэлж буй байцаагчид ногдуулна.
6.4. Гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах сахилгын шийтгэлийн дээд хугацаа нь 1 жил хүртэл байна. Сахилгын шийтгэлийн хугацаа дуусахад байцаагч нь гаалийн мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд эрхийг сэргээнэ.
6.5. Гаалийн байгууллагад туршилтын хугацаагаар ажиллаж буй шалгагчид энэ дүрэм мөн адил үйлчилнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A