A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 214 дүгээр тогтоолын хавсралт

УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Усны үндэсний хороо нь /цаашид "Үндэсний хороо" гэх/ "Усны үндэсний хөтөлбөр"-ийг /цаашид "хөтөлбөр" гэх/ хэрэгжүүлэх ажлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий байгууллага мөн.
2. Үндэсний хороо нь усны нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хомсдох, бохирдохоос хамгаалах, үйлдвэрлэл болон хэрэглэгчдийг чанартай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлж, уялдуулан зохицуулна..
3. Хороо нь үйл ажиллагаандаа Усны тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг удирдлага болгоно.
 
Хоёр. Үндэсний хорооны бүтэц,  зохион байгуулалт
4. Үндэсний хорооны дарга, нарийн бичгийн даргыг Засгийн газар томилж, бүрэлдэхүүнийг батална..
5. Үндэсний хорооны дарга нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга байна..
6. Үндэсний хорооны гишүүд нь  байгаль орчин, батлан хамгаалах, дэд бүтэц, санхүү, эдийн засаг, үйлдвэр, худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөллүүдээс бүрдэнэ.
7. Үндэсний хорооны гишүүд нь тухайн салбарынхаа усны бодлогын зохицуулалтын асуудлыг  эрхлэн хариуцна.
8. Усны үндэсний хороо нь орон тооны нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь Үндэсний хорооны өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ..
9. Хорооны нарийн бичгийн даргын хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудал нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулагдана..
10. Хорооны даргын шийдвэрээр холбогдох яамдын мэргэжилтэн, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан төслийн баг, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно..
11. Үндэсний хороо нь аймаг, нийслэлд салбар хороотой байх бөгөөд салбар хорооны дарга нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна. Салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг салбар хорооны дарга батална..
12. Салбар хороо нь Үндэсний хороонд ажлаа тайлагнана..
13. Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь гишүүдийн хурал байна. Үндэсний хороо хэлэлцсэн асуудлаараа зөвлөмж гаргана..
14. Хурлын дэг, журмыг Үндэсний хорооны хурлаар хэлэлцэн батална. Хурлыг Үндэсний хорооны дарга удирдана..
15. Үндэсний хороо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ..
 
Гурав. Үндэсний хорооны эрх, үүрэг
16. Үндэсний хороо нь дараахь эрхийг эдэлнэ:
а/хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дотоод, гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;
в/салбар хороодын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, хяналт шинжилгээ хийж, үнэлэлт өгөх;
г/усны салбарт улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын бодлого, зохицуулалт, үр дүнд үнэлгээ өгөх, хяналт шинжилгээ хийх;
д/усны салбарын эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
е/хорооны төсөв, зардлыг төлөвлөх, батлуулах, зарцуулалтад нь хяналт тавих;
ж/хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.
17. Үндэсний хороо нь дараахь  үүргийг хэрэгжүүлнэ:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар хангах;
б/хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгийг үр ашигтай зарцуулах арга хэмжээ авах;
в/хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, уялдуулан зохицуулах;
г/хөтөлбөрийг хэрэгжүүлж буй төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
д/хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Засгийн газраар хэлэлцүүлэх;
е/хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, нийслэлд дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх.
18. Үндэсний хорооны нарийн бичгийн дарга дараахь ажлыг эрхлэн гүйцэтгэнэ:
а/Үндэсний хорооны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах;
б/хорооны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулж Үндэсний хорооны даргаар батлуулж бэлтгэлийг хангах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
в/хурлын тэмдэглэл хөтлөх, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
г/салбар хороодыг мэргэжлийн удирдлагаар хангах;
д/Үндэсний хорооны ажлыг төлөвлөх, биелэлтэд хяналт тавих, хөтөлбөрт өөрчлөлт оруулах санал бэлтгэх;
е/хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг Хорооны хуралд оруулах;
ж/хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдол, үр дүнгийн талаар олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;
з/байгууллага, иргэдээс ирүүлсэн албан бичиг, өргөдлийг Үндэсний хорооны даргад танилцуулах, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;
и/Үндэсний хорооны архив, бичиг хэргийг хөтлөн явуулах.
 
Дөрөв. Бусад зүйл
19. Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг тухайн хорооны хурлаар хэлэлцэн Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын төсөвт тусган санхүүжүүлнэ..
20. Үндэсний хороо нь ажлаа хагас, бүтэн жилээр төлөвлөх бөгөөд холбогдох яам, салбар хорооны тайланг нэгтгэн жил бүрийн I улиралд багтаан хөтөлбөрийн биелэлтийг Засгийн газарт танилцуулна..
 
 
 
 
 
-----оОо-----