A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 33 дугаар тогтоолын хавсралт

ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦ, ЭРДЭНИЙН ЧУЛУУНЫ ЧАНАРЫН  УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ
 
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Үнэт металлын сорьц, эрдэнийн чулууны чанарын  улсын хяналт  (хойшид сорьцын улсын хяналт гэнэ)-ын зорилго нь Монгол Улсад үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанарыг тодорхойлох, тэдгээрийн бүртгэл тооцооны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн  биелэлтийг хангуулахад оршино.
2.Сорьцын улсын хяналтыг Сорьцын улсын хяналтын алба (хойшид Сорьцын улсын хяналтын алба гэнэ) хэрэгжүүлнэ. Сорьцын улсын хяналтын албаны дарга нь улсын ерөнхий байцаагч байна.
3. Сорьцын улсын хяналтын албаны даргыг  Сангийн сайдын санал болгосноор Засгийн газар  томилж, чөлөөлнө.
4.Сорьцын улсын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг улсын ерөнхий байцаагчийн санал болгосноор Сангийн сайд томилж, чөлөөлнө.
 5. Аймаг, нийслэлд ажиллах сорьцын улсын хяналтын улсын байцаагчийн эрхийг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн   Сангийн сайд олгоно.
6.Сорьцын улсын хяналтыг улсын хэмжээнд Сорьцын улсын хяналтын алба, орон нутгийн хэмжээнд холбогдох Засаг даргын Тамгын газар   тус тус хэрэгжүүлнэ.
7.Сорьцын улсын хяналтын  тогтолцоо нь Сорьцын улсын хяналтын алба, түүний Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, улсын байцаагчдаас бүрдэнэ. Орон нутагт үнэт металлын сорьц тогтоох лаборатори байгуулан ажиллуулж болно.
8.Сорьцын улсын хяналтын алба нь тогтоосон журмаар хийлгэсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Үнэт металлын сорьц тогтоох лабораториуд нь шинжилгээнийхээ дүнг батлах тусгай тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.
9.Сорьцын улсын хяналтын улсын ерөнхий байцаагч, ахлах болон улсын байцаагчид нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль, тогтоомж,  энэхүү  дүрэм болон тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана. Сорьцын улсын хяналтын улсын   байцаагч  нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан  үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон дүгнэлт, акт, албан шаардлага, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
10. Сорьцын улсын хяналтын албаны улсын ерөнхий, ахлах болон  байцаагч  нь  үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанарыг тодорхойлох асуудлаар мэргэшсэн, хяналт шалгалтын ажлаар дадлагажсан байвал зохино.
11.Сорьцын улсын хяналтын алба нь аймаг, нийслэлд ажиллаж байгаа улсын байцаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь нэгдсэн дүгнэлт гаргаж,  холбогдох арга хэмжээ авна.
12.Монгол улсад үйлдвэрлэх үнэт металл эдлэл нь дор дурдсан сорьцтой байна.Үүнд:
а/платинан эдлэл 950 (есөн зуун тавь);
б/алтан эдлэл 333 (гурван зуун гучин гурав) буюу 8  (найм) карат;
Алтан эдлэл 375 (гурван зуун далан тав) буюу 9 (ес) карат.
Алтан эдлэл 583 (таван  зуун наян гурав) буюу 14 (арван дөрөв) карат.
Алтан эдлэл 585 (таван  зуун наян тав) буюу 14 (арван дөрөв) карат.
Алтан эдлэл 750 (долоон зуун тавь) буюу 18 (арван найм) карат.
Алтан эдлэл 900 (есөн  зуу) буюу 21 (хорин нэг) карат.
Алтан эдлэл 916 (есөн  зуун арван зургаа) буюу 22 (хорин хоёр) карат.
Алтан эдлэл 960 (есөн  зуун жар) буюу 23 (хорин гурав) карат.
в/мөнгөн эдлэл 750 (долоон зуун тавь);
Мөнгөн эдлэл 800 (найман зуу).
Мөнгөн эдлэл 875 (найман зуун далан тав).
Мөнгөн эдлэл 900 (есөн зуу).
Мөнгөн эдлэл 916 (есөн зуун арван зургаа).
Мөнгөн эдлэл 925  (есөн зуун хорин тав).
Мөнгөн эдлэл 960  (есөн зуун жар).
Тусгай зориулалт буюу захиалгаар хийгдэх бүтээгдэхүүнийг 999 (есөн зуун ерэн ес) буюу 24 (хорин дөрөв) каратын  сорьцтой үйлдвэрлэж болно. Платина, алт, мөнгөн утас, хуудас болон багаж хэрэгсэл, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэл-техникийн шаардлагын үүднээс энэ дүрэмд заагдаагүй сорьцоор хийж болно. Ингэхдээ сорьцын хэмжээ нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон байвал зохино.
13. Үнэт металлын сорьцыг батлах дардсыг эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн Сорьцын улсын хяналтын албаны үнэт металлын сорьц тогтоох лабораториуд тавина. Тухайн бүтээгдэхүүнийг хоёр буюу түүнээс дээш төрлийн үнэт металлаар хийсэн байвал аль их жинтэй хэсгийн сорьцыг баримтлан баталгаажуулна.
14.Гадаад  худалдааны шугамаар авсан үнэт металл, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүн дэх үнэт металлын хэмжээ сорьцын дардаст нь заасан тоотой тохирч байгаа эсэхийг Сорьцын улсын хяналтын албаны Үнэт металлын сорьц тогтоох лабораториор шалгуулан дүгнэлт гаргуулж болно.
15.Үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлийг шинжилж сорьц тогтоох, сорьцын тэмдэг дарж баталгаажуулахтай холбогдсон үйл ажиллагаа, үйлчилгээг Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас баталсан журмаар зохицуулна. Уг үйлчилгээний хөлсний хэмжээг Сангийн сайд тогтооно.
16. Үнэт металл олборлогч аж ахуйн нэгж нь үнэт металл   олборлолтын тухайн жилийн тайланг  дараа  оны 1 дүгээр сарын 15-ны дотор,  үнэт металл  эдлэл үйлдвэрлэгчид нь сорьцын хяналтын  тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор тус тус Сорьцын улсын хяналтын албанд гарган өгч байна. Үнэт металлын сорьцын хяналтын  тайлангаа  ирүүлээгүй үйлдвэрлэгчдэд үнэт металл Улсын эрдэнэсийн сангаас нэмж олгохыг хориглоно. Сорьцын хяналтын тайлан гаргах журмыг Сангийн сайд батална.
17.Сорьцын улсын хяналтыг дор дурдсан үйл ажиллагаанд хэрэгжүүлнэ:
  а/аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үнэт металлаар хийсэн бүтээгдэхүүний сорьц энэ дүрмийн 12 дугаар зүйлд заасан хэмжээ болон түүнд нийцүүлэн гаргасан улсын стандартын шаардлагад тохирч байгаа эсэх;
 б/үнэт металл, эрдэнийн чулууны бүртгэл тооцоо зохих хууль тогтоомжийн дагуу хийгдэж байгаа эсэх;
 в/үнэт  металл, эрдэнийн чулуу, тэдгээрээр хийсэн бүтээгдэхүүний бүртгэл,тооцоонд ашиглаж буй  жин, туухай  нь хэмжих хэрэгслийн улсын  баталгаажуулалтад хамрагдсан эсэх;
 г/байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулуугаар хийсэн  эдлэлийн чанарыг тодорхойлох;
  д/улсын эрдэнэсийн сангийн үнэт металлын сорьц, түүний баталгаажилт.
  Хоёр.Үнэт металлын сорьцын хяналтын улсын байцаагчийн үүрэг, эрх
18.Улсын байцаагч нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
  а/энэ дүрмийн 17 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны чиглэлээр хяналтыг хэрэгжүүлэх;
  б/шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, үнэлэлт, дүгнэлт гаргах; 
  в/улс орны эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, хөндлөнгийн нөлөөнд үл автах, албан үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх.
   г/сорьцын улсын хяналтын бүх шатны улсын байцаагчид нь хяналт, шалгалтыг хууль, тогтоомжийн хүрээнд явуулж, тавьсан акт, шаардлага, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг бүрэн хариуцна.
19.Улсын байцаагч нь дор дурдсан эрх эдэлнэ:
 а/үнэт металл, эрдэнийн чулуу олборлох, боловсруулах, хэрэглэх, хадгалах, борлуулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрэн орж хяналт шалгалт хийх, сорьцыг тогтоох, дээж авах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар акт тавих, сорьцын хяналттай холбогдсон асуудлаар байгууллага, албан тушаалтанд хугацаатай үүрэг даалгавар, албан шаардлага өгөх, биелэлтийг хангуулах, шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг гаргуулан авах;
   б/сорьцын тэмдгийн дардсанд магадалгаа хийх, сорьц тогтоох шаардлагатай эдлэлийг Үнэт металлын сорьц тогтоох лабораторид шилжүүлэн шалгуулах.
   Гурав.Гэм буруутай этгээдэд  хүлээлгэх хариуцлага
20. Үнэт металлын сорьцын хяналтын улсын байцаагч нь хууль тогтоомж, журам, дүрэм зөрчсөн, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд холбогдох хуулийн заалтыг үндэслэн дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:
а/улсын байцаагч нь хяналт, шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-20000 төгрөг, шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 30000 хүртэл, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-50000  төгрөг, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 60000 хүртэл төгрөгөөр тус тус торгох;
  б/сорьцын ба барааны тэмдгийг хуурамчаар үйлдэж үнэт металл бус эдлэлийг үнэт металл эдлэл гэж санаатайгаар худалдсан буюу худалдахыг завдаж худалдан авагчийг мэхэлсэн нь   эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон орлогыг хурааж 1000-10000  төгрөгөөр тус тус торгох;
  в/энэхүү дүрмийн 16-д дурдсан тайланг гаргаж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, санаатайгаар буруу гаргасан албан тушаалтныг 10000-50000 хүртэл төгрөгөөр торгох.            
   Дөрөв.Бусад зүйл
21.Улсын байцаагчийн албан шаардлагыг байгууллага, албан тушаалтан, иргэд хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор өгч байх үүрэгтэй.
22.Сорьцын улсын хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын байцаагчийн тавьсан торгууль, нөхөн  төлбөрийг 15 хоногийн дотор улсын төсвийн орлогод оруулна.
23.Сорьцын улсын хяналтад холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон аж ахуйн нэгж, байгууллагын сорьцын хяналтад хамаарах үйл ажиллагааг Сорьцын улсын хяналтын албаны шийдвэрээр зөрчлийг арилгах хүртэл түр хугацаагаар  зогсоож болно.
24.Сорьцын улсын хяналтын улсын байцаагчийн тавьсан акт, торгууль, шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд гомдлоо шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Сорьцын улсын хяналтын ерөнхий байцаагчид гаргаж болно. Ерөнхий байцаагч уг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш  30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Хэрэв энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.
25.Сорьцын улсын хяналтын улсын байцаагч үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүй, хууль тогтоомж зөрчсөн бол  холбогдох хууль тогтоомжид заасны дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ.
26.Эрдэнэсийн сангийн гүйлгээний сангаас жил бүр зарцуулах үнэт металл, эрдэнийн чулууны хэмжээ  болон олборлосон үнэт металл, эрдэнийн чулуунаас эрдэнэсийн санд зориулан Монгол банкинд худалдан авах доод хэмжээг тогтоох саналыг  Сорьцын улсын хяналтын алба холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж  Сангийн яаманд  оруулна.
 
                                                    -----оОо-----