- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВИЙН ДҮРЭМ
Засгийн газрын 2003 оны 209 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ТӨВИЙН ДҮРЭМ
1. Стандартчилал, хэмжил зүйн төвийн үндсэн зорилт нь стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагааг төв болон орон нутагт хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын стратеги хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлж, худалдаан дахь аливаа техникийн саадыг багасгах, улс орны эдийн засгийн аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхлыг хангах үйл ажиллагааг стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн бодлогоор дэмжихэд оршино.
2. Стандартчилал, хэмжил зүйн төв нь стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ чиглэлээр Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, түүнийг хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
3. Стандартчилал, хэмжил зүйн төв нь үйл ажиллагаандаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомжийн акт, энэ дүрмийг удирдлага болгоно.
4. Стандартчилал, хэмжил зүйн төвийн удирдлага нь дарга, дэд даргаас бүрдэнэ.
5. Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргыг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д заасны дагуу стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө.
6. Стандартчилал, хэмжил зүйн төвийн дэд даргыг Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг харгалзан стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.
7. Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга нь стандартчилал, хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжлийн нэгдмэл байдлыг хангахтай холбогдсон мэдээллээр хангана.
8. Стандартчилал, хэмжил зүйн төв нь Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна дараахь үйл ажиллагаа явуулна. Үүнд:
1)хэмжих хэрэгсэлд загварын туршилт хийх, улсын бүртгэлд бүртгэх, тэдгээрийг хэрэглээнээс хасах талаар холбогдох шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэх;
2)хэмжүүрийн улсын шалгагч, баталгаажуулалтын шинжээч, итгэмжлэлийн шинжээч, аудиторыг сургах, аттестатчилах;
3)эрхэлсэн асуудлаараа олон улс, бүс нутгийн болон гадаад орнуудын мэргэжлийн байгууллагуудтай харилцаж, холбогдох журмын дагуу гэрээ, хэлэлцээр байгуулах, мэдээлэл солилцох;
4)холбогдох байгууллагын сорилтын болон хэмжлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, материаллаг баазыг харилцан тохиролцсоны үндсэн дээр ашиглах, мөн гадаад орны холбогдох лабораторид сорилт, харьцуулалт, шалгалт хийлгэх;
5)Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.8-д заасны дагуу хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах аж ахуйн нэгж, байгууллагад тусгай зөвшөөрөл олгох шинжээчийн ажлын хэсгийг томилж дүгнэлт гаргах, холбогдох гэрээ байгуулах;
6)аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын тэмдэг олгох;
7)тохирлын баталгаанд заавал хамрагдах бүтээгдэхүүний жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-ийн дагуу холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
8)тохирлын баталгаанд заавал хамрагдах жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, гадаад улсын тусламжаар оруулж ирэхтэй холбогдсон тендрийн шалгаруулалтад тохирлын баталгааны асуудлаар оролцох;
9)тохирлын баталгааг хүлээн зөвшөөрөх талаар экспортлогч орны холбогдох баталгаажуулалтын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу тохиролцсон итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагын нэр, түүнээс олгох тохирлын гэрчилгээний болон сорилтын дүнгийн хуудасны загвар, тэдгээр нь ямар нэр төрлийн бүтээгдэхүүнд хамаарах тухай мэдээллийг нийтэд мэдээлэх;
10)хууль тогтоомжоор олгосон бусад эрх.
9. Стандартчилал, хэмжил зүйн төв нь аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн төвийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
10. Аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн төвийн дүрмийг тухайн шатны Засаг дарга Стандартчилал, хэмжил зүйн төвтэй зөвшилцсөний үндсэн дээр баталж болно.
11. Стандартчилал, хэмжил зүйн төв нь зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
12. Стандартчилал, хэмжил зүйн төв нь өөрийн билэгдэлтэй байж болно.
13. Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн дотоод ажлын хүрээний асуудлаар тушаал гаргана.
----оОо---
Текст томруулах
A
A
A