- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН УЛСЫН БҮРТГЭГЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
1. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэгч нь /цаашид "улсын бүртгэгч" гэх/ Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2. Улсын бүртгэгч нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг сахих, шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд үл автаж шударга байх зарчмыг баримтална.
Хоёр.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг хүлээн авах
3. Мэдүүлгийг хүлээн авахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан маягтын дагуу бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг /цаашид "мэдүүлэг" гэх/ болон түүнд хавсаргасан бичиг баримтыг нэг бүрчлэн нягтлан үзэж, шаардлага хангасан тохиолдолд ирүүлсэн бичиг баримтын хуудас бүрийг дугаарлан хүлээн авсан он, сар, өдрийг тодорхой бичиж мэдүүлэгт гарын үсэг зуран хүлээн авна. Ингэхдээ мэдүүлгийн асуултыг мэдүүлэг гаргагч бүрэн гүйцэд, үнэн зөв хариулсан эсэхийг нарийвчлан шалгана.
4. Мэдүүлгийг дараахь тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзэж буцаана:
а/мэдүүлэг гаргагч мэдүүлгийн асуултыг гүйцэд хариулаагүй, гарын үсэг зураагүй;
б/мэдүүлэгт хавсаргах бичиг баримтын бүрдэл дутуу;
в/нотариатаар зайлшгүй батлан гэрчлэгдэх бичиг баримт гэрчлэгдээгүй, нотариатын тэмдэг бүрэн тод дарагдаагүй;
г/тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсийг тушаагаагүй, эсхүл илүү буюу дутуу тушаасан;
д/бүрдүүлсэн бичиг баримт нь илт хуурамч байх.
Мэдүүлгийг буцаахдаа энэ талаархи үндэслэлээ мэдүүлэг гаргагчид тайлбарлан мэдүүлгийн тусгай тэмдэглэлийн хэсэгт бичиж, гарын үсгээ зуран, тэмдгээ дарна.
5. Улсын бүртгэгч нь шаардлагатай гэж үзвэл үнэлгээний тайлан, газар ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээ, газрын кадастрын бичиг баримтыг хяналтын албаар хянуулж, дүгнэлт гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж үл хөдлөх эд хөрөнгийн тоо, хэмжээ, чанарын байдалтай танилцана.
6. Улсын бүртгэгч нь өмчлөх эрхийг нотлох бичиг баримтыг дутуу гэж үзвэл мэдүүлэг гаргагчаас нэмэлт материал шаардах эрхтэй.
7. Улсын бүртгэгч нь дараахь тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана:
а/мэдүүлэгт хавсаргагдсан бичиг баримтаар өмчлөх эрх нотлогдохгүй;
б/бүрдүүлсэн бичиг баримт нь илт хуурамч;
в/уг үл хөдлөх эд хөрөнгө урьд нь бүртгэгдсэн;
г/тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай.
Улсын бүртгэгч нь мэдүүлгийг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байгаа тухай мэдүүлгийн тусгай тэмдэглэлийн хэсэгт бичиж гарын үсэг зуран, тэмдгээ дарж буцаана.
8. Улсын бүртгэгч нь мэдүүлгийг нягтлан үзээд түүнийг бүртгэх эсэх талаар эргэлзэх тохиолдолд асуудлыг газрын дэд даргад, шаардлагатай бол газрын даргад мэдэгдэж шийдвэрлүүлнэ.
9. Улсын бүртгэгч нь мэдүүлгийг шаардлага хангасан тохиолдолд улсын бүртгэлийн дугаар олгож, улсын бүртгэлийн дэвтэрт бичилтийг зохих журмын дагуу хар бэхээр хөтөлж гарын үсгээ зуран, хувийн тэмдгээ дарна.
10. Улсын бүртгэгч нь бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн тэмдэглэлийг үндэслэн улсын бүртгэлийн гэрчилгээг бичиж бэлэн болгоно. Гэрчилгээ олгох журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд тогтооно.
11. Туслах бүртгэгч нь бүртгэлийн дэвтэрт хавсрагдах баримт бичгийг хүлээн авсан он, сар, өдрийг дараалал баримтлан дугаарлаж, бүртгэлийн дэвтрийг эмх цэгцтэй, бүрэн бүтэн байлгах ажлыг хариуцан гүйцэтгэж энэ тухайгаа улсын бүртгэгчид танилцуулан гарын үсэг зурж, он, сар, өдрийг бичиж тэмдэглэнэ.
12. Туслах бүртгэгч нь тэмдэгтийн хураамжийг зөв төлсөн эсэхийг хянаж, улсын бүртгэгчид танилцуулна. Хураамж зөв төлөгдөөгүй тохиолдолд улсын бүртгэгч нь энэ журмын 4 дэх заалтын дагуу зохих арга хэмжээ авна.
13. Туслах бүртгэгч нь улсын бүртгэгчид өөрийн хариуцсан бүртгэлийн дэвтэр болон бусад шаардлагатай бичиг баримтыг ажлын цагаар архиваас хүлээж авах, хүлээлгэж өгөх болон бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хуулбар хийх, дугаар тодруулах, гэрчилгээ олгох, мэдүүлэг, түүнтэй холбоотой бичиг баримтыг хүлээн авах зэрэг ажилд туслан ажиллана.
Гурав.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах, барьцааны гэрээг бүртгэх
14. Улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжих гэрээ, эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг нь бүртгэлийн шаардлага хангасан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дэвтэрт өөрчлөлт бичилт хийж, тэмдэглэл хөтлөн гарын үсгээ зурж хувийн тэмдгээ дарна.
15. Улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд түрүүчийн өмчлөгчийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, дараагийн өмчлөгчид шинээр гэрчилгээ олгоно Хүчингүй болгосон гэрчилгээнд "хүчингүй" гэсэн тэмдэг дарж, гарын үсгээ зуран бүртгэлийн дэвтэрт хавсаргахаар туслах бүртгэгчид өгнө. .
16. Улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, өв залгамжлах болон барьцааны гэрээг бүртгэж, уг гэрээн дээр энэ тухай тэмдэг дарж гарын үсэг зурна.
Дөрөв.Бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх, бүртгэлийг түдгэлзүүлэх
17. Туслах бүртгэгч нь иргэд, хуулийн этгээдийн өмчлөх эрхээ хамгаалуулахаар гаргасан өргөдөл, хүсэлтийг үндэслэн бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж энэ тухайгаа улсын бүртгэгчид танилцуулж улсын болон туслах бүртгэгчид гарын үсгээ зурна.
18. Улсын бүртгэгч нь урьдчилсан тэмдэглэл хийсэн тохиолдолд маргагч талууд тохиролцоонд хүртэл, эсхүл шүүхийн шийдвэр эцэслэн гартал уг бүртгэлд ямар нэг хөдөлгөөн хийх эрхгүй.
Тав.Лавлагаа, хуулбар өгөх, архивтай харилцах
19. Улсын бүртгэгч нь хуулиар хориглосноос бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл лавлагааг хүсэлт тавьсан этгээдэд гаргаж өгөх зөвшөөрөл олгоно.
Энэхүү зөвшөөрлийг үндэслэн туслах бүртгэгч холбогдох мэдээллийг гаргаж өгнө.
20.Архивын ажилтан нь туслах бүртгэгчид архиваас дэвтэр олгох, түүнийг эргүүлэн авахдаа дэвтрийн дугаар, дэвтэрт хавсаргасан бичиг баримт болон хуудасны тоог тэмдэглэн авч бүрэн бүтэн байдлыг нь шалгаж гарын үсэг зуруулна.
Зургаа.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбогдуулан хяналт шалгалт явуулах
21. Улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах байцаагчийн эрхтэй байна.
Байцаагчийн эрх олгох журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд батална.
22. Улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар холбогдох этгээдэд шаардлага тавьж, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлээс нуун дарагдуулсан буюу тоо хэмжээ, үнийг нь үндэслэлгүйгээр өсгөсөн буюу бууруулсан бичиг баримтыг хуурамчаар бүрдүүсэн, давхар бүртгүүлэхийг оролдсон зэрэг гэм буруутай этгээдэд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулна.
23. Хяналт шалгалтаар буруу мэдүүлэг гаргасан нь тогтоогдож бүртгэлийн дэвтрийг цаашид хөтлөх боломжгүй болсон бол улсын бүртгэгч нь энэ тухай үндэслэлийг бичиж шинээр дэвтэр нээж хөтлөх шийдвэр гаргаж хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ.
24. Холбогдох байгууллагаас хийж буй хяналт, шалгалтад улсын бүртгэгч үйл ажиллагаагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй.
25. Улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Иргэний хууль, Эрүүгийн хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
Долоо.Бусад
26. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дэвтэр бусад бичвэрт засвар хийхийг хориглоно. Засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд засвар хийсэн улсын бүртгэгч нь энэ тухай дэвтэрт тэмдэглэж, гарын үсэг зурж, хувийн тэмдгээ дарна.
27. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг буруу хийсэн тохиолдолд түүнийг уг бүртгэлийг хийсэн улсын бүртгэгчийн саналыг үндэслэн ерөнхий байцаагч хүчингүй болгож залруулга хийх шийдвэр гаргана.
28. Улсын бүртгэгч бүртгэлийн гэрчилгээнд алдаатай бичилт хийсэн бол уг гэрчилгээг хүчингүй болгож байгууллагын санхүүд тушаана.
---оОо---
Текст томруулах
A
A
A