A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН ДҮРЭМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 157 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ХЯНАЛТЫН ДҮРЭМ
               
                1.Монгол  Улсын  хууль  тогтоомж, Засийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих төрийн захиргааны хяналтын зорилт нь холбогдох хууль  тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн  хэрэгжилтийг шалгаж биелэлтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, захиргааны  хяналтын байгууллагуудын харилцан ажиллагааг нийтлэг зорилгод  чиглүүлэн уялдуулан зохицуулахад оршино.
2.Монгол  Улсын  сайд, Засгийн газрын үндсэн ба дэд бүтцэд ордог тусгай  газрын дарга нар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн газрын  болон  өөрийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрхэлсэн үйл ажиллагааны хүрээнд хамаарах салбар, харъяа төрийн өмчийн болон төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой   аж ахуйн нэгж, өөрийн аппаратын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг  Засгийн  газраас  тогтоосон  журмын дагуу мэдээлэх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
Монгол  Улсын сайд, тусгай газрын дарга нарын эрхэлсэн үйл ажиллагааны хүрээнд  хийгдэх  захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, албаны дүрмийг Засгийн газраас баталж мөрдүүлнэ.
З.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын  шийдвэр,   дээд шатны  Засаг даргын захирамж болон Хурлын шийдвэрийг   сурталчлах, хэрэгжүүлэх,  биелэлтийг хянан шалгах ажлыг  нутаг дэвсгэртээ оршдог төрийн өмчийн болон төсөвт байгууллага,  төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, өөрийн аппаратын  хэмжээнд   зохион  байгуулж,  биелэлтийг Засгийн газраас тогтоосон  журмын   дагуу  холбогдох  дээд  шатны  байгууллагад мэдээлэх ажлыг эрхлэн  гүйцэтгэнэ.
4.Хууль  тогтоомж,  Ерөнхийлөгчийн  зарлиг, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн  явцыг  хянан  шалгах, үр дүнг тооцох ажлыг улсын хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, түүний бүтцийн   нэгж  (цаашид  "Хэрэг эрхлэх  газар"  гэнэ)  эрхлэн гүйцэтгэнэ.
5.Хэрэг  эрхлэх  газар  нь энэ дүрмиийн 4-т заасан үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын  тухай  хууль,  бусад  хууль тогтоомжийн акт хийгээд  Засгийн газраас  баталсан тус газрын дүрэм болон энэ дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгоно.
 6.Хэрэг  эрхлэх  газрын  төрийн захиргааны хяналт хариуцах ажилтнууд нь "албан шаардлага" гэсэн хэвлэмэл хуудас, тогтоосон  журмаар хийсэн хувийн дугаар  бүхий тэмдэг хэрэглэнэ.
  7.Хэрэг  эрхлэх газар захиргааны хяналтын талаар дор дурдсан  үүрэг гүйцэтгэнэ.
        а)хууль,  Улсын  Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг,   Засгийн  газрын  шийдвэрийн биелэлтийг төрийн захиргааны төв  болон  нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн харъяа, төрийн өмчийн болон төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид хянан шалгах, гүйцэтгэлийг нь хангуулах, Засгийн  газрын  шийдвэрийн гүйцэтгэлд техник хяналт тавьж, үр дүнг  нэгтгэн  тодорхойлж,  Засгийн газрын хуралдаанд оруулах;
        б)Ерөнхий  сайд, Засгийн газрын даалгавраар аймаг, нийслэлийн Засаг  дарга нар бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгааг шалган  илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
        в)Монгол  Улсын  Засгийн  газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн нам, олон нийтийн байгууллага, хувийн  өмчийн аж ахуйн нэгж хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад  Засгийн газарт олгогдсон эрх хэмжээний хүрээнд хяналт тавьж зөрчил дутагдлыг арилгуулах;
        г)захиргааны  хяналтын  төв  байгууллагууд  бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлж  байгааг  шалган  илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;
        д)захиргааны  хяналтыг  хэрэгжүүлэх  байгууллага,  алба болон нутгийн захиргааны байгууллагуудын хяналтын ажил эрхэлсэн  ажилтнуудад эрх зүй, арга зүйн туслалцаа үзүүлж, тэдгээрийн хяналт  шалгалтын  үйл ажиллагааг дараахь хэлбэрээр чиглүүлэх, уялдуулан зохион байгуулах. Үүнд:
-захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага,албадаас тухайн  жилд хийх  хяналт шалгалтын төлөвлөгөөний төслийг авч үзэж  үйл ажиллагааны давхардлыг арилгах зорилгоор зохицуулах;      
                - захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, байгууллага, албадын хүчээр  тэдгээрийн  бүрэн эрхийнх нь хүрээний асуудлаар хяналт шалгалт хийлгэх, дүнг авч үзэх;        
-захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, байгууллага, албадын ажлын тайлан мэдээг хагас, бүтэн жилээр авч үзэн дүн шинжилгээ хийж чиглэл өгөх;     
-захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, байгууллага, албадын бүтэц,зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгохтой холбогдсон  асуудлыг  авч үзэж шааардлагатай гэж үзвэл түүнийг Засгийн газрын хуралдаанд оруулах;
 - захиргааны хяналтын мэргэжлийн ажилтан бэлтгэх, давтан   сургах, мэргэжлийг  нь  дээшлүүлэх, тэдний ажлын нөхцөл, нийгмийн  баталгааг хангах  чиглэлээр санал боловсруулж зохих байгууллагад оруулах;
  ж)энэ дүрмийн 7 дугаар зүйлийн "а", "б", "в"-д хамаарах асуудлаар байгууллага,  иргэдээс  ирүүлсэн  санал,  өргөдөл, гомдлыг хүлээн авч барагдуулах.
8.Хэрэг   эрхлэх  газар  захиргааны  хяналтын  талаар  дор дурдсан эрх эдэлнэ:
        а)хяналт  шалгалтын  ажилд зайлшгүй шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт бусад баримт бичгийг холбогдох байгууллага,  аж ахуйн  нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулж авах;
        б)шаардлагатай  тохиолдолд  мэргэжлийн хүмүүсийг төрийн захиргааны зохих байгуулагатай тохиролцсоны үндсэн дээр ажлын 12  хоног  хүртэл хугацаагаар  үүрэгт  ажлаас нь чөлөөлүүлж, шалгалтын  ажилд оролцуулах. Энэ  тохиолдолд тэдгээрийн хяналт шалгалтын  ажилд  оролцсон хугацааны цалин, томилолтын зардлыг үндсэн байгууллага нь олгоно;
        в)шаардлагатай  үед  захиргааны  хяналтыг  хэрэгжүүлэх, байгууллага,  алба  болон  нутгийн  захиргааны байгууллагуудын хяналтын  ажилтнуудаар шалгалт,  шинжилгээ  судалгаа хийлгэх, үнэлэлт дүгнэлт гаргуулах;
        г)холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажил сайжруулах талаар төрийн захиргааны төв  болон  нутгийн  захиргааны байгууллагын удирдлага, төрийн өмчийн  болон  төсөвт байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн  нэгж,  холбогдох албан тушаалтанд албан шаардлага тавьж гүйцэтгэлийг хангуулах;     
Уг  албан  шаардлагыг холбогдох  байгууллагын удирдлагууд хугацаанд нь биелүүлж, хариу мэдэгдэх үүрэгтэй.
     д)үндсэн  үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэм буруутай болох  нь шалгалтаар  нотлогдсон албан тушаалтанд хөдөлмөрийн болон  төрийн  албаны хуульд  заасан  шийтгэл ногдуулах санал тавих,  эрүүгийн  гэмт хэргийн шинжтэй асуудал илэрсэн тохиолдолд   холбогдох баримт материалыг эрх бүхий байгууллагад харьяаллын  дагуу шилжүүлэх;
        е)хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр зөрчсөнөөс  болон  биелүүлээгүйгээс  байгууллага,  аж ахуйн  нэгж, иргэдийн хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг улсын  орлогод  оруулах, мөн  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
        ж)шалгалтын дүнг гаргах, шийдвэрийн төсөл болон шалгалтаар   илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар шалгагдсан байгууллагаас   хийх  ажил, авах арга хэмжээний тухай саналын хамт Засгийн  газрын  удирдлагад танилцуулж шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын хуралдаанд оруулах;
        з)хяналт  шалгалтын  дүнгийн  талаар Засгийн газрын төв хэвлэлд мэдээлэх.
9.Хэрэг  эрхлэх  газрын захиргааны хяналт хариуцсан ажилтнууд  нь энэ дүрмийн 7, 8 дугаар зүйлд заасан үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
10.Хэрэг  эрхлэх газрын захиргааны хяналт хариуцсан ажилтнуудын   өгсөн  үнэлэлт  дүгнэлтийг  хууль зүйн үндэслэлгүй гэж шалгагдсан  байгууллага, албан тушаалтан үзвэл энэ тухай гомдлоо   Хэрэг  эрхлэх  газрын удирдлагад гаргаж болно. Уг гомдлыг хүлээж  авснаас  хойш 14 хоногийн дотор хянаж шийдвэрлэж хариу өгнө.
Хэрэг  эрхлэх газрын удирдлагын өгсөн хариуг эс зөвшөөрвөл гомдлоо зохих журмын дагуу хуулийн байгууллагад гаргаж болно.
-------OOO--------