- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН СААТУУЛАХ БАЙРНЫ ДЭГЛЭМ, ЖУРАМ
Засгийн газрын 1996 оны 91 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН СААТУУЛАХ БАЙРНЫ ДЭГЛЭМ, ЖУРАМ
ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН СААТУУЛАХ БАЙРНЫ ДЭГЛЭМ, ЖУРАМ
1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан үндэслэлээр захиргааны журмаар албадан саатуулахаар шилжүүлсэн этгээдийг /цаашид "саатуулагдсан этгээд" гэнэ/ хүлээн авч албадан саатуулах шийдвэрийг хэрэгжүүлэх цагдаагийн байгууллагын нэгжийг албадан саатуулах байр /цаашид "албадан саатуулах байр" гэнэ.
2.Албадан саатуулах байр нь тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын бүтцэд багтаж, хэв журмын албаны удирдлагад ажиллана.
3.Албадан саатуулах байрны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөнө.
4. Тодорхой хүнийг албадан саатуулах тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны үйлдсэн хүчин төгөлдөр тэмдэглэл нь албадан саатуулах байранд хүлээн авах үндэслэл болно.
5. Албадан саатуулах байранд эрэгтэйг эмэгтэйгээс, халдварт өвчтэй нь эмчийн дүгнэлтээр тогтоогдсон хүмүүсийг тусад нь байрлуулна.
Бүлэглэж зөрчил үйлдсэн хүмүүсийг тус тусад нь байлгах тухай албадан саатуулагч шаардвал түүнийг биелүүлнэ.
6.Саатуулах байр нь саатуулагдсан нэг хүнд 2 ам.метрээс доошгүй талбай ногдохоор байна.
7.Саатуулах өрөө ердийн дулаантай, салхивчтай байна.
8.Албадан саатуулах байранд саатуулагдаж байгаа хүнийг хоногт 2-оос цөөнгүй удаа хооллох бөгөөд нэг хүний хоногийн хоолны илчлэг нь 2200 килокалориос багагүй байна.
Саатуулагдсан этгээдийн хоолны талаар эмч тусгайлан заалт өгсөн бол түүнийг биелүүлнэ.
9.Саатуулагдсан этгээд өвчтэй бол эмнэлэгт үзүүлж, заасан эмчилгээг хийлгэх буюу эмнэлэгт хэвтүүлэн энэ тухай албадан саатуулсан байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ.
Эмчилгээний зардлыг өвчтөн өөрөө хариуцна.
10.Саатуулагдсан этгээдэд шөнийн цагт хучлага, дэвсгэр саатуулах байрны захиргаанаас олгоно.
11.Саатуулах өрөөний хаалгыг төмөрлөж бэхэлсэн, онгойлгох хязгаарлагчтай, гадна талаасаа цоожтой, хянах шагайвчтай, цонх нь сараалжин хамгаалалттай байна.
12. Саатуулагдсан этгээдийг хүлээн авахдаа биед нь үзлэг хийж, илэрсэн гэмтэл, шарх, сорвийг бүртгэлд тодорхой тэмдэглэнэ.
Биед хийх үзлэгийг саатуулагдсан этгээдтэй адил хүйсний ажилтан эсвэл эмч хийнэ.
13.Саатуулагдах этгээдэд эмнэлгийн хойшлуулшгүй тусламж шаардлагатай бол саатуулах байранд хүлээж авахаас татгалзаж болно.
14.Саатуулах өрөөнд сонин, сэтгүүл, ном, шалгагдаж буй хэрэгт холбогдолтой бичиг баримт, сам, шүдний оо, сойз, саван алчуур авч орохыг зөвшөөрнө.
15. Өдрийн цагт хуурай зайгаар ажилладаг бага оврын радио хүлээн авагч ашиглуулж болно.
16. Саатуулагдсан этгээдийг анх хүлээн авахад мөн саатуулах байрнаас гарч яваад ирэх бүрт үзлэг хийж, саатуулах өрөөнд авч орохыг зөвшөөрөөгүй зүйлс илэрвэл тэмдэглэл хөтлөн хураан авч, уг саатуулагдсан этгээдийг хүргэж ирсэн албан тушаалтанд тэмдэглэлийн нэг хувийн хамт хүлээлгэн өгнө.
Ийнхүү хүлээлгэн өгөх боломжгүй бол саатуулах байрны захиргаа /жижүүр/ хадгалж байгаад суллагдахад нь хүлээлгэн өгнө.
17. Саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй эд зүйлсийг авч орохыг хориглоно.
18.Саатуулах өрөөнд тамхи татахыг хориглоно.
19.Саатуулагдсан этгээд өрөөгөө өөрөө цэвэрлэх бөгөөд цэвэрлэгээний материалыг байрны захиргаанаас олгоно.
20. Саатуулагдсан этгээдээс байрны захиргаанд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг ажлын 6 цагт багтаан өгнө.
21.Саатуулагдсан этгээдээс төрийн дээд болон шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, албан тушаалтанд илгээх өргөдөл, гомдлыг байрны захиргаа хүлээн авч өөрийн нь зардлаар шууд илгээнэ. Саатуулагдсан этгээд зардлыг төлөх боломжгүй бол саатуулах байрны захиргаа /цагдаагийн байгууллага/ төлж болно.
22.Энэ журмын 20 дугаар зүйлд дурдсанаас бусад бүх захидал, харилцааг тухайн этгээдийг албадан саатуулсан байгууллага, албан тушаалтнаар дамжуулна.
23.Албадан саатуулах шийдвэр гаргасан албан тушаалтан, өмгөөлөгчийг зөвхөн харилцах ёстой саатуулагдсан этгээдтэй өдрийн 08 цагаас оройн 22 цагийн хооронд уулзуулна.
Эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх шаардлагатай бол цаг хугацаа харгалзахгүй.
24.Албадан саатуулах байр цагдаагийн байнгын харуул хамгаалалттай байна.
25. Саатуулагдсан этгээдийг дор дурдсан тохиолдолд саатуулах байрнаас түр гаргана:
а/ албадан саатуулах шийдвэр гаргасан албан тушаалтан ажлын шаардлагаар өөрөө ирж уулзах, авч явах үед;
б/ эмч, эмнэлгийн байгууллагын шийдвэрээр эмнэлэгт үзүүлэх, хэвтүүлэх үед.
26.Саатуулагдсан этгээдийг саатуулах байрнаас түр гарган авч яваа албан тушаалтан хамгаалалтыг өөрөө хариуцах ба буцааж хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.
27. Гал түймэр, усны үер, газар хөдлөлт зэрэг гэнэтийн аюулын үед саатуулагдсан этгээдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор түр гаргах, нүүлгэн шилжүүлэх асуудлыг саатуулах байр, цагдаагийн тухай байгууллагын дарга бие даан шийдвэрлэнэ.
28. Албадан саатуулах тухай тэмдэглэлд заасан хугацаа нь дуусмагц суллана.
29. Прокурор үндэслэлгүйгээр албадан саатуулагдсан гэж үзэж суллах шийдвэр бичгээр өгвөл нэн даруй суллана.
30. Албадан саатуулах байр нь зөвхөн албадан саатуулах тухай шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой үүрэг гүйцэтгэх бөгөөд албадан саатуулагдсан этгээдийн тухай гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь мэдэгдэх, хаана, ямар зөрчлийн учир, хэний шийдвэрээр, хэдий хугацаагаар саатуулагдсан тухай тодорхойлолт хийж өгөх зэрэг бусад байгууллага, албан тушаалтны гүйцэтгэх үүргийг саатуулах байрны захиргаа, жижүүрт шилжүүлэн хариуцуулахыг хориглоно.
31.Албадан саатуулах байранд дор дурдсан баримт бичиг хөтөлнө:
а/ жижүүрийн илтгэл;
б/ албадан саатуулагдсан этгээдийг хүлээн авсан бүртгэл;
в/ саатуулагдсан этгээдээс эд зүйл түр хурааж авсан бүртгэл;
г/ саатуулагдсан этгээдээс гаргасан гомдол, хүсэлтийн бүртгэл;
д/ албадан саатуулах байранд нэвтрэгсдийн бүртгэл;
е/ албадан саатуулагдсан хүмүүсийг байрнаас түр гаргасан бүртгэл;
ж/ саатуулагдсан этгээдийг эмчид үзүүлсэн, эмнэлэгт хэвтүүлсэн бүртгэл.
32. Саатуулах байрны дотоод журмыг хууль тогтоомж, энэ журамд нийцүүлэн цагдаагийн төв байгууллага тогтоож мөрдүүлнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A