A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1996 оны 91 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДИЙГ ТҮР СААТУУЛАХ БАЙРНЫ ДЭГЛЭМ, ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
 
1.Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай Монгол Улсын хуулийн дагуу хараа хяналтгүйгээс эрх ашиг нь хохирч болзошгүй хүүхдийг 48 цаг хүртэл хугацаагаар түр байрлуулах байрыг хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах байр /цаашид "түр саатуулах байр"/ гэнэ.
2.Түр саатуулах байр нь нийслэл, аймгийн цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллана.
3. Түр саатуулах байрны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг удирдлага болгоно.
 
Хоёр. Түр саатуулах байрны нөхцөл
4.Түр саатуулах байр нь хүүхэд хүлээн авах, эмчийн үзлэг хийх, тоглох, хүмүүжлийн ажил явуулах, эд зүйл хадгалах болон уулзалтын өрөөтэй байна.
5.Түр саатуулах байранд эрэгтэй хүүхдийг эмэгтэйгээс, эмчийн заалтаар өвчтэй хүүхдийг эрүүл хүүхдээс тусад нь байрлуулна. Шаардлагатай гэж үзвэл хүүхдийг насны байдлаар нь ялгаж байрлуулж  болно. Хүүхэд бүрт ор /наар/, дэвсгэр, хучилга олгоно.
6. Түр саатуулах байр нь ердийн дулаантай, салхивчтай, хаалга нь хянах шагайвчтай, гадна талдаа түгжээтэй байна.
7.Түр саатуулах байр нь нэг хүүхдэд 2 ам.метрээс доошгүй талбай ногдохоор байна.
8.Түр саатуулах байрны хүүхдэд хоногт 2-оос доошгүй удаа нийлбэр дүнгээр 2200-гаас багагүй килокалори илчлэг бүхий хоол өгнө.
9. Хүүхэд өвчилбөл эмчид үзүүлэн, эмчийн заалтыг үндэслэн холбогдох эмчилгээг хийх буюу эмнэлэгт хэвтүүлнэ.
 
Гурав.Түр саатуулах байрны дэглэм
10.Түр саатуулах байр цагдаагийн байнгын харуул хамгаалалттай, харилцах холбооны хэрэгсэлтэй байна.
11.Саатуулагдсан хүүхдэд сам, саван, оо, сойз, алчуур, нэг ээлжийн дотуур хувцас, эмчийн заавраар хэрэглэх эм, хүүхдийн ном хэвлэл байрандаа байлгахыг зөвшөөрнө. Байранд тамхи татахыг хориглоно.
12.Хүүхэд байранд байх хугацаанд телевизийн нэвтрүүлэг үзүүлэх, сонин хэвлэл уншуулах, тоглуулах, хууль сурталчлах ажлыг тодорхой хуваарьтайгаар зохион байгуулна.
13. Байрны дотоод ба орчны цэвэрлэгээ, гар урлал зэрэг нас, биеийн онцлогт тохирсон ажил хөдөлмөрт хүүхдийг оролцуулж  болно. Энэ тохиолдолд ажлын багаж олгож  болно.
14. Түр саатуулах байранд прокурор,өмгөөлөгч, дуудлагаар ирсэн эмч, түр саатуулж байгаа цагдаагийн албан хаагч, хүүхдийн байгууллагын ажилтны биеийн байцаалтыг шалгаж өглөөний 8 цагаас оройн 22 цаг хүртэл  нэвтрүүлнэ.
Түр саатуулах байрны захиргааны зөвшөөрлөөр жижүүрийн хяналтын дор эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч  бусад хүмүүсийг уулзалтын өрөөнд хүүхэдтэй уулзуулж болно.
15. Халдварт өвчтэй болон байрны дотоод журам зөрчсөн, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, оргож зугатаахыг завдсан хүүхдийг нийтийн өрөөнд байлгах боломжгүй гэж  үзвэл бусдаас тусгаарлаж болно.
Тусгаарласан өрөөний нөхцөл нь нийтийн өрөөнийхтэй адил байна.
16.Саатуулагдсан хүүхдээс гаргасан хүсэлт, гомдлыг байрны захиргаа авсан өдрөө багтаан шийдэж хариу өгч, тэмдэглэл хөтөлнө.
 
Дөрөв.Түр саатуулах байранд хүүхдийг хүлээн авах журам
17. Түр саатуулах байранд дор дурдсан хүүхдийг хүлээн авна:
а/ хараа хяналтгүйгээс амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хүүхэд;
б/ эцэг, эх, харгалзан дэмжигч, хаяг нь тодорхойгүй 6-аас дээш насны хүүхэд.
18.Сургуулийн өмнөх насны хүүхдийг асрамжийн буюу халамжийн төвд хүлээлгэн өгч, эцэг, эх, асран хамгаалагчийг цагдаагийн байгууллага тогтооно.
19.Хүүхдийг байранд хүлээн авахдаа хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч буюу холбогдох бусад  хүнийг байлцуулан үзлэг хийж  энэ тухай тэмдэглэл хөтөлнө. Уг тэмдэглэлд:
а/ хүүхдийн биед ил мэдэгдэх гэмтэл, шарх байгаа эсэх;
б/ хүүхдийн авч яваа эд зүйл, мөнгө, бичиг баримт, хувцсыг нэг бүрчлэн тодорхой бичиж, үзлэг хийсэн, байлцсан хүмүүс гарын үсэг зурна. Хүүхэд бичиг мэддэг бол тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулна.
20.Өвчтэй, биедээ гэмтэлтэй зэрэг шалтгаанаар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүүхдийг байранд хүлээн авахгүй, эмнэлгийн байгууллагад хүргэх буюу түргэн тусламж дуудаж  үзүүлэн эмчийн заавраар шийдвэрлэнэ.
21. Байранд хүүхдийг хүлээн авахдаа: хүүхдийн хэрэглэж яваа эд, зүйл, мөнгө, бичиг баримт, хувцас /гутлын үдээс, хөлийн ороолт, тэлээ, бүс, хурц үзүүртэй зүйл гэх мэт/ зэрэг өөрт нь байлгах шаардлагагүй зүйлийг жижүүр тэмдэглэл хөтөлж  хүлээн авч хадгална.
 
Тав.Хүүхдийг хүлээлгэн өгөх, гаргах
22.Хүүхдийг эцэг, эх, албан  ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгнө.
Өнчин буюу хүлээн авах хүн тогтоогдоогүй хүүхдийг холбогдох байгууллагын шийдвэрээр нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлнэ.
23.Хүүхдийг хүлээлгэн өгөх, шилжүүлэхдээ хүлээн авч байгаа иргэний баримт бичгийг шалгаж, хэнийг, хэзээ, хэнд, хаана хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгөх үед өмсөж  явсан хувцас, биед нь байгаа баримт бичиг, мөнгө, эд зүйл, ил мэдэгдэх гэмтэл, шарх зэргийн талаар тодорхой тэмдэглэл хөтөлж, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, байлцсан хүмүүс гарын үсэг зурна. Энэ тэмдэглэл  жижүүрт  хадгалагдана.
24.Орон нутгаас ирсэн хүүхдийг хүргэж өгөхөд гарсан зардлыг тухайн аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулна.
25.Түр саатуулах байрны дотоод журмыг хууль тогтоомж энэ журамд нийцүүлэн цагдаагийн төв байгууллага тогтоож мөрдүүлнэ.
26. Түр саатуулах байранд дор дурдсан баримт бичгийг хөтөлнө:
а/жижүүрийн илтгэл;
б/ түр саатуулагдсан хүүхдийн бүртгэл;
в/ түр саатуулагдсан хүүхдээс  түр хурааж  авсан эд зүйлийн бүртгэл;
г/ түр саатуулагдсан хүүхдээс гаргасан санал, хүсэлтийн бүртгэл;
д/ түр саатуулах байранд нэвтрэгсдийн бүртгэл;
е/ түр саатуулагдсан хүүхдийг эмчид үзүүлсэн, эмнэлэгт  хэвтүүлсэн бүртгэл.
------оОо------