A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт


АМЬТАН, УРГАМАЛ, ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн /цаашид амьтан, ургамал, бүтээгдэхүүн гэх/-ийг улсын хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх үед хорио цээрийн хяналт шалгалт хийж мал, амьтны олон улсын "А" жагсаалтын гоц халдварт өвчин, мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчин, ургамлын гадаад хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтан /цаашид амьтан, ургамлын хорио цээртэй зүйл гэх/ хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход энэхүү журмын зорилго оршино.

1.2. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх иргэн, хуулийн этгээд, гаалийн байгууллага, гаалийн улсын байцаагчдын хооронд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

1.3. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
 
Хоёр. Импортын хяналт шалгалт

2.1. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх үүргийн хүрээнд мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан амьтан, ургамал, бүтээгдэхүүнд улсын байцаагч нь дараахь дарааллаар хорио цээрийн хяналт, шалгалт хийнэ:

2.1.1. улсын хилээр импортлож буй амьтан, ургамал, бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээ, дагалдах баримт бичгийг шалгаж бүртгэх;

2.1.2. бичиг баримтын зөрчилгүй нөхцөлд импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, шалгалт хийх;

2.1.3. үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд амьтан, ургамал, бүтээгдэхүүнээс стандартын дагуу дээж авч хилийн боомт дахь гаалийн байгууллага, эсхүл Мэргэжлийн хяналтын албаны дэргэдэх лабораторийн шинжилгээнд хамруулах; (Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

2.2. Лабораторийн шинжилгээгээр хорио цээртэй зүйл илрээгүй нөхцөлд улсын байцаагч нь импортлогч иргэн, хуулийн этгээдэд мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн импортын гэрчилгээ олгон гаалийн хяналтыг үргэлжлүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
 
Гурав. Экспортын хяналт, шалгалт

3.1. Экспортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүнд улсын байцаагч нь дараахь дарааллаар үзлэг, шалгалт хийнэ:

3.1.1. экспортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүнд эрх  бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ /сертификат/, дагалдах бичиг баримтын бүрдэлтэд хяналт, шалгалт хийж, бүртгэл хөтлөх;

3.1.2. бичиг баримтын зөрчилгүй нөхцөлд экспортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийх; 

3.2. Үзлэг, шалгалтаар зөрчил илрээгүй нөхцөлд улсын байцаагч гаалийн хяналтыг үргэлжлүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
 
Дөрөв. Дамжуулан өнгөрүүлэх үеийн  хяналт шалгалт

4.1. Тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх амьтан, ургамал, бүтээгдэхүүн нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

4.2. Улсын байцаагч нь дамжуулан өнгөрүүлэх амьтан, ургамал, бүтээгдэхүүний дагалдах баримт бичиг, мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн гэрчилгээ, мэдэгдэл, лац, ломбыг нэг бүрчлэн шалгаж, зөрчилгүй нөхцөлд улсын хилээр нэвтрүүлнэ.
 
Тав. Тээврийн хэрэгсэлд хийх хяналт шалгалт

5.1. Улсын байцаагч нь хууль тогтоомжид заасны дагуу амьтан, ургамал, бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл болон суудлын автомашин тус бүрт  гаалийн болон мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, шалгалт хийнэ. (Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

5.2. Үзлэг, шалгалтаар хорио цээртэй зүйл илрээгүй нөхцөлд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
 
Зургаа. Улсын хил дээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх

6.1. Улсын хилээр нэвтэрч буй амьтан, ургамал, бүтээгдэхүүнд амьтан, ургамлын хорио цээртэй зүйл илэрвэл тэдгээрийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.
 
6.2. Ариутгал, халдваргүйжүүлэлт хийхдээ Улсын мэргэжлийн хяналтын газраас баталсан зааврыг дагаж мөрдөнө.

6.3. Ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай байгууламж, багаж, тоног төхөөрөмж, ариутгалын бодис, хөдөлмөр хамгааллын хувцсаар Улсын мэргэжлийн хяналтын газар хангана.

6.4. Улсын хил дээр хорио цээр, хязгаарлалт тогтоосон нөхцөлд ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг амьтны гоц халдварт, халдварт өвчин болон ургамлын хорио цээртэй зүйлтэй тэмцэх тус тусын зааврын дагуу хэрэгжүүлнэ. 
 
Долоо. Амьтан, ургамал, бүтээгдэхүүн, тээврийн  хэрэгсэлд илэрсэн зөрчлийг шийдвэрлэх

7.1. Хяналт шалгалтаар амьтан, ургамлын хорио цээртэй зүйл илэрсэн, бичиг баримтгүй буюу бичиг баримтын зөрчилтэй нь тогтоогдсон амьтан, ургамал, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслийг хууль тогтоомжид заасан хугацаагаар саатуулна. 

7.2. Саатуулагдсан амьтныг зориулалтын хашаа, байранд байрлуулж, ургамал, бүтээгдэхүүнийг зориулалтын зоорь, агуулахад хадгална.    

7.3. Хяналт, шалгалтаар өвчний шинж тэмдэг илэрсэн амьтан, гадаад хорио цээртэй зүйл илэрсэн ургамал, бүтээгдэхүүнийг хуульд заасан хугацаагаар, бичиг баримтын зөрчилтэй болон бичиг баримтгүй амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тухайн бүтээгдэхүүнээс шалтгаалан түр хугацаа (72 цаг хүртэл)-гаар тус тус саатуулна. 

7.4. Улсын байцаагч нь саатуулсан амьтан, ургамал, бүтээгдэхүүний талаархи мэдээллийг цаг тухайд нь холбогдох байгууллага /Улсын мэргэжлийн хяналтын газар, Улсын гаалийн ерөнхий газар, Төмөр замын хэрэг эрхлэх газар/, импортлогч, экспортлогч, дамжуулан өнгөрүүлэгч иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ. 
7.5. Саатуулсан хугацаанд зөрчлөө арилгаагүй бол амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг буцаах мэдэгдэл өгч шийдвэрлэнэ.

7.6. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнд хорио цээртэй зүйл илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдвал хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

7.7. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу экспортлогч оронд буцаасан, устгасан нөхцөлд энэ талаар үйлдсэн үндсэн баримтыг улсын байцаагч нэгтгэн Гаалийн ерөнхий газарт ирүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
 
Найм. Бусад зүйл

8.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
 
----оОо----