A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт


АМЬТАН, УРГАМАЛ, ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНД ЭКСПОРТ, ИМПОРТЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын хилээр нэвтрүүлэх мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн (цаашид амьтан, ургамал, бүтээгдэхүүн гэх)-д экспорт, импортын гэрчилгээ (сертификат) олгох, эдгээртэй холбогдон гаалийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
 
Хоёр. Экспорт, импортын гэрчилгээг олгох

2.1. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг экспортлогч иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ хууль тогтоомжид заасан хугацаанд дор дурдсан мэдээлэл, баримт бичгийн хамт гаалийн байгууллагад ирүүлнэ:
2.1.1. амьтан, ургамал, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ;
2.1.2. худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ болон түүнтэй адилтгах баримт бичиг;
2.1.3. экспортлогч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2.1.4. мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн лабораторийн шинжилгээний дүн;
2.1.5. амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл;
2.1.6. нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа;
2.1.7. амьтан, ургамал, бүтээгдэхүүний тоо, хэмжээ, боловсруулалтын байдал (хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, шинэ гэх мэт), савлалт, шошго, аюулгүй байдлын талаархи мэдээлэл зэрэг дагалдах баримт бичиг.
2.2. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9, 11 дүгээр зүйл, 24.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан нөхцөлд хорио цээрийн хяналт, эрүүл мэндийн үзлэг, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн экспортын гэрчилгээг гаалийн байгууллага олгоно.
2.3. Гаалийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хууль тогтоомжийн дагуу бүрдүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн импортлох амьтан, ургамал, бүтээгдэхүүнд импортын мэдэгдэл олгоно.
2.4. Гаалийн байгууллагаас олгосон импортын мэдэгдэл, экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээ, дагалдах баримт бичиг, хорио цээрийн үзлэг, шалгалт, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн зөрчилгүй нөхцөлд улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч улсын байцаагч импортын гэрчилгээ олгоно.
2.5. Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн нөхцөлд тухайн бараа, бүтээгдэхүүнийг давтан шинжилгээнд хамруулж дахин шинээр гэрчилгээ олгоно.
2.6. Зорчигчийн гар тээшээр авч явах амьтан, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн (1-5 кг хүртэл)-д экспортын гэрчилгээ олгоход энэ журмын 2.1 дэх заалт хамаарахгүй. Улсын байцаагч тухайн бүтээгдэхүүнд үзлэг хийж гэрчилгээ олгоно. 
 
Гурав. Гэрчилгээ олгохгүй байх нөхцөл

3.1. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнд гэрчилгээ олгохыг дараахь тохиолдолд хориглоно:
3.1.1. Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй;
3.1.2. импортын мэдэгдэлтэй боловч экспортлогч орны эрх бүхий байгууллагын гэрчилгээгүй, эсхүл экспортын гэрчилгээтэй боловч импортын мэдэгдэлгүй;
3.1.3. амьтан, ургамлын хорио цээртэй зүйлийн шинж тэмдэг илэрсэн;
3.1.4. импортлогч орны эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хангаагүй.
 
Дөрөв. Гэрчилгээнд тавигдах шаардлага

4.1. Гэрчилгээ нь Монгол Улсаас импортлогч улстай байгуулсан гэрээ, хэлэлцээр, олон улсын амьтны халдварт өвчний болон ургамал хамгааллын байгууллагын баталсан загварт нийцүүлэн гаалийн байгууллагаас баталсан загвар, нэгдсэн дугаар, индекс, нууцлалтай байна.
4.2. Хоёр улсын гэрээ хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол экспортын гэрчилгээг англи, монгол хэл дээр, импортын гэрчилгээг монгол хэл дээр тус тус бичнэ.
4.3. Гэрчилгээг бичгийн машин буюу компьютерээр бичнэ.
4.4. Гэрчилгээг 3 хувь үйлдэж, нэг хувийг иргэн, хуулийн этгээдэд, 2 дахь хувийг тухайн боомт байрлаж буй орон нутгийн гаалийн байгууллагад, үлдсэн хувийг үндсэн материалтай нь хавсарган хадгална. Зорчигчид олгож байгаа гэрчилгээ 2 хувь байна.
4.5. Экспорт, импортын гэрчилгээг амьтан, ургамал, бүтээгдэхүүнд олгоно.
 
Тав. Гэрчилгээг хэвлүүлж хуваарилах, хяналт тавих

5.1. Экспорт, импортын гэрчилгээг үнэт цаас үйлдвэрлэх, хэвлэх эрх бүхий байгууллагаар хэвлүүлнэ.
5.2. Гэрчилгээг захиалах, хэвлүүлэх, хүлээн авах, дугаарлах, хадгалах, хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийн тооцоо хийх ажлыг улсын гаалийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
 
Зургаа. Гэрчилгээг баталгаажуулах

6.1.Гэрчилгээг баталгаажуулах эрх бүхий этгээдийг нэр, гарын үсэг, тэмдгийн баталгааг гаалийн байгууллага батламжилж, холбогдох этгээдэд хүргүүлнэ. (Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

6.2. Ургамлын хорио цээрийн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 1 сар, бүтээгдэхүүнд 14 хоног, түргэн гэмтэж муудах түүхий эд, бүтээгдэхүүнд 5 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

6.3. Мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш мал, амьтан, тэжээлд 3 сар хүртэл, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сар дуусталхи хугацаанд 14 хоног, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дараа оны 4 дүгээр сар дуусталхи хугацаанд 30 хоног, түргэн гэмтэж муудах хүнсний зүйлд 3 хоногийн хүчинтэй байна.
 
Долоо. Гэрчилгээг хүчингүйд тооцох

7.1. Хуурамчаар үйлдсэн;
7.2. Засварласан;
7.3. Гарын үсэг, тэмдгийг хуурамчаар үйлдсэн;
7.4. Хүчинтэй байх хугацаа дууссан;
7.5. Ачааны мэдээлэл нь дагалдах баримт бичигтэй зөрсөн;
7.6. Хадгалалтын буруугаас гэмтээсэн;
7.7. Дугаар, индекс байхгүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажаагүй.
 
Найм. Хариуцлага, бусад зүйл

8.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 (Энэ хавсралтын Нийтлэг үндэслэл хэсэг, 2.1-2.4, 4.1, 5.2 дахь заалтад Засгийн газрын 2022 оны 5 дугаар тогтоолоор "мэргэжлийн хяналтын" гэснийг "гаалийн" гэж өөрчилсөн)
 
----оОо----