A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 79 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Иргэний нисэхийн аюулгүй байдлын зөвлөл (цаашид "Зөвлөл" гэнэ) нь иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, түүнийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг улс үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулна.
2.Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална. Зөвлөлийг Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд тэргүүлнэ.
3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний нисэхийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрхийн актуудыг дагаж мөрдөнө.
4.Зөвлөлийн өдөр тутмын болон техник хангалтын үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хариуцна.
5.Зөвлөл нь холбогдох хууль тогтоомж, энэ дүрмээр олгогдсон үүрэг зорилтоо хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг хурлаараа хэлэлцэж эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн албан даалгавар гаргах бөгөөд протокол хөтөлнө.  
6.Зөвлөлөөс эрх хэмжээнийхээ дагуу гаргасан  шийдвэрийг төв, орон нутгийн төрийн захиргааны бүх шатны холбогдох  байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд   заавал биелүүлнэ.
 
Хоёр. Зөвлөлийн бүрэн эрх
7.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а/агаарын хөлгийг булаан авах, авч зугтаах болон иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбогдсон хөндлөнгийн аливаа хууль бус үйлдлийн үед бий болсон онцгой нөхцөл байдлыг  зохицуулах, шийдвэр гаргах;
б/барьцаалах замаар агаарын хөлгийг булаан авах, авч зугтаах тохиолдолд нисэх буудлын аюулгүй  байдлын хорооны үйл ажиллагааг удирдах;
в/иргэний нисэхийн нислэгийн аюулгүй байдлыг хангуулах асуудлаар Иргэний нисэхийн ерөнхий газарт зөвлөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх;
г/иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих;
д/иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах тогтолцооны үзэл баримтлалыг боловсруулах;
е/нисэхийн аюулгүй байдлын асуудлаар  эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актын төсөл, мөн иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох тухай  санал зэргийг зохих журмын дагуу  Засгийн газарт  оруулж хэлэлцүүлэх;
ж/иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарч болзошгүй  хөндлөнгийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсоох, түүний хор уршгийг арилгахад иргэний нисэхийн байгууллага, аж ахуйн нэгжийн хүч, хэрэгслийг татан оролцуулах, иргэний нисэхийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны уялдааг хангах.
8.Зөвлөл нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдэл хийхээр заналхийлэх, түүнчлэн агаарын хөлгийг булаан авах, авч зугтаах явдалтай холбогдсон онцгой нөхцөл байдлыг зохицуулахад тодорхой нэг нисэх буудлын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах.
9.Зөвлөл нь иргэний нисэхийн аюулгүй байдлын хэм хэмжээг мөрдөөгүй Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээдийн эзэмшлийн агаарын хөлгийн нислэгийг зогсоох тухай шийдвэр гаргана.
10.Агаарын хөлгийг булаан авсан, авч зугтаасан, түүнчлэн иргэний нисэхийн үйл ажиллагаан дахь хөндлөнгийн хууль бус бусад үйлдлийг магадлан шалгах комиссыг зөвлөл байгуулна.
 
Гурав. Бусад зүйл
11.Зөвлөлийн хурлыг хагас жилд 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн даргын, даргын эзгүйд орлогч даргын шийдвэрээр  хурлыг зарлан хийлгэж болно.
12.Зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал болон түүнтэй холбоотой материалыг тухайн асуудлыг хариуцсан  байгууллага, албан тушаалтан бэлтгэж зөвлөлийн хурал болохоос 5 хоногийн өмнө зөвлөлд ирүүлсэн байна.
13.Зөвлөлийн хуралд техникийн шинжээч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулж болно.
14.Зөвлөл нь ажлынхаа тайланг жил бүрийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байна.
15.Зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй буюу иргэний нисэхийн аюулгүй байдлын журмыг зөрчсөн албан тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах тухай саналыг зөвлөл холбогдох эрх бүхий албан тушаалтан, байцаагчид тавьж болно.  
 
------оОо-------