- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ЭТГЭЭДЭЭС ХУРААН ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2000 оны 28 дугаар тогтоолын хавсралт
ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ЭТГЭЭДЭЭС ХУРААН ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСИЙГ АЙЛ ӨРХ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ЭТГЭЭДЭЭС ХУРААН ТӨВЛӨРҮҮЛЭХ ЖУРАМ
1.Энэхүү журмын зорилго нь телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний чанараас хамааруулан телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, үйлчилгээний хөлсийг айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, хувь этгээдээс хураан авч төвлөрүүлэх, телевизийн нэвтрүүлгийг кабелийн болон бусад телевизээр давтан дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр.Телевизийн үйлчилгээний хөлсийг авах үндэслэл
2.Оюуны өмч болох уран бүтээл, телевизийн нэвтрүүлэг зэргийг бүтээж, мэдээллийг олон нийтийн хүртээл болгож байгаа үйл ажиллагаа нь телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг авах үндэслэл болно.
3.Үйлчилгээний хөлс нь телевизийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зардлыг санхүүжүүлэхэд зориулагдана.
Гурав.Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох
4. Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дэргэд телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс тогтооход хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг ажиллуулна.
5.Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах зардлыг нэгж телевизийн хүлээн авах цэгт бүрэн ногдуулан тооцно.
6.Зөвлөл нь холбогдох байгууллагаас санал авсны үндсэн дээр телевизийн үйлчилгээний чанарыг харгалзан телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтооно.
7.Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэхэд гарсан зардлыг нийт төвлөрүүлсэн үйлчилгээний хөлснөөс тухай бүр суутган тооцсоны дараа үлдэх хэсгийн 75 хувийг Монголын үндэсний телевизэд, 7 хувийг "Улаанбаатар" телевизэд, 6 хувийг "MN-25 дугаар суваг" телевизэд, 6 хувийг "TV-5" телевизэд, 6 хувийг "TV-9" телевизэд тус тус хуваарилна.
8.Бусад телевизийн нэвтрүүлгийг шууд буюу давтан дамжуулан нэвтрүүлэх сонирхол бүхий кабелийн телевиз уг нэвтрүүлгийг бэлтгэсэн телевизтэй гэрээ байгуулан нэвтрүүлгийг нь дамжуулах эрхийг шилжүүлэн авч болно.
9.Сонин, сэтгүүл нь гэрээ байгуулсны үндсэн дээр телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг хэвлэн нийтэлнэ.
Дөрөв.Үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх
10.Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний чанарт хяналт тавих, телевизийн үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх эрх бүхий Хяналт, маркетингийн албыг Монголын үндэсний радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дэргэд ажиллуулна.
11.Хяналт, маркетингийн албаны дотоод дүрэм, орон тоо, зохион байгуулалтыг Зөвлөл батална.
12.Хяналт, маркетингийн алба нь бусад телевизтэй гэрээ байгуулсны үндсэн дээр телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг төвлөрүүлж хуваарилна.
13.Хяналт, маркетингийн албаны жилийн төсөвт зардал, орлогын төлөвлөгөөг Монголын үндэсний радио,телевизийн төсвийн төсөлд тусган батлуулна.
Тав.Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
14.Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг тогтоосон хугацаанд нь төлөөгүй айл өрх, албан байгууллагад болон Монголын үндэсний телевиз, бусад телевизийн нэвтрүүлгийг зохих журмын дагуу гэрээ байгуулж, зөвшөөрөл аваагүй дамжуулсан кабелийн телевиз, бусад телевизэд Захиргааны хариуцлагын тухай болон Зохиогчийн эрхийн тухай хуулинд заасан захиргааны шийтгэл ногдуулна.
/Засгийн газрын 2004 оны 30 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан/
Текст томруулах
A
A
A