- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ДҮРЭМ /ЗГ-ын 2000 оны 96-р хүчингүй болсон/
/ЗГ-ын 2000 оны 96-р хүчингүй болсон/
Засгийн газрын 1997 оны 179 дүгээр тогтоолын хавсралт
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ДҮРЭМ
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Боловсролын тухай хуулийн тавдугаар бүлгийн 33 дугаар зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн "суралцагчдад хөнгөлөлттэй зээл олгох буцалтгүй тусламж үзүүлэх зорилгоор сургалтын төрийн сан /цаашид "сан" гэнэ/ ажиллуулна. Энэ сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар тогтооно" гэж заасныг удирдлага болгоно. Тус сангийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
2.Сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах, хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих, чиглүүлэх үүрэгтэй орон тооны бус Сангийн удирдах зөвлөл ажиллах бөгөөд уг зөвлөл дараахь бүрэлдэхүүнтэй байна:
Дарга - Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд;
Гишүүд: - Санхүү, эдийн засгийн дэд сайд,
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга;
-Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрын дарга;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Эдийн засаг, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны боловсролын санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн.
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд боловсролын олон нийт, сонирхлын бүлгүүдийн төлөөлөл байж болно.Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнийг гэгээрлийн сайдын тушаалаар томилно.
3.Удирдах зөвлөл нь сангийн үйл ажиллагааны тайланг улирал, хагас жилээр хэлэлцэж үнэлэлт, дүгнэлт өгөх, салбарын бодлого, чиглэлтэй нийцүүлэн сангийн хөрөнгийн жил бүрийн гүйцэтгэлд хяналт тавихын хамт сангийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар удирдах зөвлөлийн саналыг үндэслэн сангийн гүйцэтгэх захирлыг Гэгээрлийн сайдын тушаалаар томилох буюу чөлөөлнө.
Хоёр.Сангийн хөрөнгийн эх үүсвэр
4.Сангийн хөрөнгийг дор дурдсан эх үүсвэрээс бүрдүүлнэ:
а/ улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө;
б/ эргэн төлөгдсөн зээлийн хөрөнгө хүү;
в/ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хандив, тусламж;
г/ бусад эх үүсвэр.
5.Батлагдсан хуваарь, зориулалтын нь дагуу сангийн хөрөнгийг хуваарилах, зээлийн хөрөнгийг эргүүлэн төлүүлэх замаар сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зохистой зарцуулах, тайлагнах, ашиглалтад хяналт тавих зэрэг өдөр тутмын үйл ажиллагааг сангийн захиргаа эрхэлнэ.
Сангийн захиргааны орон тоо, ажиллах журам, санхүүжүүлэх зарчмыг гэгээрлийн сайд, Сангийн сайд нар хамтран тогтооно.
6.Сургалтын төрийн сан нь бие даасан хуулийн этгээд болж улсын бүртгэлд бүртгүүлэн тогтоосон журмаар хийсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэж, Сангийн яамны зөвшөөрлийг үндэслэн банкинд харилцах данстай байна.
7.Сургалтын төрийн сангийн захиргаа нь Сангийн удирдах зөвлөлийн удирдамж, чиглэлийн дагуу сангийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулна.
Гурав.Сангийн захиргааны үүрэг, эрх
8.Сангийн захиргаа нь дор дурдсан үүрэгтэй:
а/ сангийн хөрөнгийг энэ дүрмийн дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлэх, уг хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, арвижуулах, тайлагнах ажлыг гүйцэтгэх;
б/ магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежид суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж үзүүлэхийн зэрэгцээ зээлээр олгогдсон хөрөнгийн баталгааг бүрдүүлэн эргүүлэн төлүүлэх ажлыг зохион байгуулах;
в/ сангаас олгогдох хөрөнгийн хэмжээг тусгасан санхүүгийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан жил бүрийн төлвөрсөн төсөвт оруулах;
г/ сангийн хуваарилсан хөрөнгийн талаар харилцагч байгууллагуудаас тайлан гаргуулан гүйцэтгэлийн тайлан, тэнцлийг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад цаг хугацаанд нь тайлагнаж байх;
д/ санг бүрдүүлэх болон төвлөрүүлэн зарцуулах, тайлагнах үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
9.сангийн захигаа нь дор дурдсан эрхтэй:
а/ сургалтынтөлбөрийн зээл, буцалтгүй тусламжаар суралцагчдын сурлагын болон шилжих хөдөлгөөний мэдээ, зээлийн хөрөнгийн зарцуулалтын үр дүнг харилцагч сургууль, байгууллагуудаас тогтоосон хугацаанд шаардаж гаргуулах;
б/ хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, сангаас олгосон зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөхөөс зайлсхийсэн байгууллага, иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
в/ олгосон зээлийг хариуцагч этгээдээс нэхэмжлэх;
г/ зээлийн гэрээг баталгаажуулах.
Дөрөв.Сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжийг санхүүжүүлэх
10.Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежид дипломын болон бакалаврын боловсрол эзэмшигчдэд сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламжийг зохих болзол, холбогдох нөхцөлөөр хийж баталгаажуулсан гэрээний дагуу санхүүжүүлнэ.
11.Зээлийн гэрээнд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагуудаас баталсан зохих болзол, холбогдох нөхцөл, шаардлага, зээлдэгчийн үүрэг, хариуцлага, санхүүжүүлэх зарчим,үе шат, хугацаа, зээлийн хүү, түүний нөхцөл зэргийг тодорхой тусгасан байна.
12.Зээлийн гэрээг зээлдэгч, түүний ажиллаж байгаа болон суралцаж байгаа сургууль, байгууллагатай улирал, жилээр тооцоо хийж, тэдгээрээс зээл, түүний хүүг гэрээний дагуу хугацаанд нь эргүүлэн төлснөөр уг үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцно.
13.Сан нь эргэн төлөгдсөн зээл, зээлийн хүүг болон тухайн жилд зарцуулагдаагүй хөрөнгийн үлдэгдлийг дараагийн жилд шилжүүлэн зарцуулах эрхтэй байна.
14.сангийн хөрөнгийг дүрэмд заасан зорилготой холбогдолгүй үйл ажиллагаанд болон Сангийн журамд зааснаас өөр зүйлд зарцуулахыг хориглоно.
/Засгийн газрын 2001 оны 195 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав/
------оОо------
(Энэ хавсралтыг 2008-05-14-ний 177-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )
Текст томруулах
A
A
A