A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛГҮЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ /Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 95 дугаар тогтоолын хавсралт

БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛГҮЙ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
 

НЭГ.Нийтлэг үндэслэл

1.Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи /цаашид "халгүй технологи" гэнэ/ нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахад энэ журмыг дагаж мөрдөнө...
 2.Байгаль орчинд халгүй технологи гэдэгт хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулахгүй, орчиндоо хоргүй, бохирдол багатай, хаягдалгүй байх чадвартай үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л төрөл, хэлбэр  хамаарна..
 

ХОЁР.Урамшууллын шалгуур үзүүлэлт

3.Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахад үйлдвэрлэл, үйлчилгээний болон бүтээгдэхүүний дараахь үзүүлэлтийг шалгуур болгоно:
1/ үйлдвэрлэлийн хувьд:
а/байгалийн баялгийн иж бүрэн ашиглалт;
б/түүхий эд, эрчим хүчний хэмнэлт, бохирдол, хаягдлыг багасгах, арилгах чиглэлээр хийсэн технологийн шинэчлэлийн үр дүн;
в/үйлдвэрлэл, үйлчилгээний дамжлага бүрт үүсч болох бохирдол, хаягдлыг багасгах, арилгах чиглэлээр хийсэн  технологийн оновчтой шийдлийн үр дүн, эцсийн дамжлагаас гарах хаягдал /шингэн, хийн болон хатуу/-ын тоо, хэмжээг, эсвэл хаягдал доторхи хорт бодисын агууламжийг эрс бууруулсан байдал;
г/хаягдлыг эргүүлж ашиглах, дахин боловсруулах технологи нэвтрүүлсэн, эсвэл ийм технологи гаднаас оруулснаас гарсан үр дүн.
2/үйлчилгээний хувьд:
а/байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн хэрэглэж, эрчим хүч, материалын хэмнэлт гаргасан;
б/хаягдал нь байгаль орчинд аль болох халгүй байхаар хог хаягдлын менежментийг сайжруулан үйлчилгээнээс гарах хаягдлыг эрс бууруулсан.
3/Бүтээгдэхүүний хувьд:
а/түүхий эдийг олборлох, боловсруулах, хэрэглэх, үйлдвэрлэлийн хаягдлыг зайлуулах, дахин ашиглах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн бүх дамжлагад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах асуудлыг тухайн бүтээгдэхүүний дизайн, түүнийг үйлдвэрлэх технологитой уялдуулан өөрчлөх замаар шийдвэрлэсэн байдал, үр дүн;
б/бусад ижил төстэй технологитой харьцуулахад тухайн бүтээгдэхүүн нь үйлдвэрлэлийн хаягдал бага гаргадаг, удаан эдэлгээтэй, засаж сэлбэх боломжтой, хорт бодис агуулсан материалаар хийгдээгүй байх .
4.Энэ журмын 3 дугаар зүйлд заасан шалгуураар үйлдвэрлэл, үйлчилгээний болон бүтээгдэхүүний байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн  үр дүнг тооцохдоо  экологи-эдийн засгийн ач холбогдол, цар хүрээ, өгөөж, байгаль орчны менежментийн хөтөлбөр, түүний хэрэгжилт зэрэг нэмэлт үзүүлэлтийг ашиглана .
5.Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсний шалгуур үзүүлэлтүүд нь тухайн баялгийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан өөр өөр байж болно .
6.Тухайн баялгийн болон үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогтой уялдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлснийг үнэлэх  шалгуур үзүүлэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
 

 ГУРАВ.Урамшууллын хэлбэр

7.Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тус бүр хоёр хүртэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, бүтээгдэхүүнийг шалгаруулж, дор дурдсанаар урамшуулна:
а/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг "Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлэгч" гэрчилгээгээр;
б/бүтээгдэхүүнийг "Байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн" гэрчилгээгээр .
8."Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлэгч", "Байгаль орчинд халгүй бүтээгдэхүүн"  гэрчилгээ олгох шийдвэрийг Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлэгчийг сонгон шалгаруулах комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Байгаль орчны сайд гаргана .
9. Байгаль орчны сайдын тушаалаар байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлэгчийг сонгон шалгаруулах комиссыг томилж, гэрчилгээний загварыг батална.
10.Энэ журмын 7 дугаар зүйлд заасан  гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлсэн арга, технологийг гадаад, дотоодын зах зээлийн орчинд хэвлэл  мэдээллийн хэрэгслээр сурталчилна. .
11.Энэ журмын дагуу гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргавал гадаад, дотоодоос хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх чиглэл баримтална.
12.Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг 2-оос дээш удаа хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны олон улсын шагналд Байгаль орчны яамнаас нэр дэвшүүлж болно..
 

ДӨРӨВ.Урамшуулах ажлын зохион байгуулалт

13.Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тухай материалыг дор дурдсан хугацаанд хүлээн авна:
а/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын материалыг жил бүрийн 3 дугаар улиралд багтаан аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
б/аймаг, нийслэлээс сонгон шалгаруулсан материалыг  Байгаль орчны яам жил бүрийн 10 дугаар сард багтаана.
14. Энэ журмын 9 дүгээр зүйлд заасны дагуу томилогдсон комисс жил бүрийн 11 дүгээр сард багтаан аймаг, нийслэл, яамдаас ирүүлсэн материалд хяналт шинжилгээ хийж санал, дүгнэлтээ Байгаль орчны яаманд оруулах бөгөөд тэр нь шийдвэр гаргах үндэслэл болно..
15.Байгаль орчинд халгүй технологи нэвтрүүлж, шалгарсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээг Байгаль орчны сайд жил бүрийн 12 дугаар сарын 31-нд гардуулна.
16.Сонгон шалгаруулалтад орох материал нь дараахь баримт бичгээс бүрдэнэ:
а/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл буюу албан бичиг;
б/тухайн технологи, бүтээгдэхүүний нарийвчилсан тодорхойлолт, хүрсэн үр дүнгийн харьцуулсан үзүүлэлт;
в/аймаг, нийслэл, холбогдох яамдын, эсвэл аль нэгийнх нь санал, дүгнэлт.
17.Комиссоос оруулсан материал, санал, дүгнэлтэд шаардлагатай гэж үзвэл Байгаль орчны яам мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно..
18.Энэ журмын дагуу олгох урамшуулалтай холбогдсон зардлыг Байгаль хамгаалах сангаас гаргана.
----оОо----